Б.ЭНХЦЭЦЭГ
Өдөр өдрийн шинэ “Өнөөдөр” цаг үе, үйл явдал, бүтээлч санаачилга, торгон мэдрэмж, нөр хөдөлмөр, халуун дулаан уур амьсгалын огтлолцол дээр бий болсон юм. Монголын анхны хувийн, өдөр тутмын “Өнөөдөр” сонин үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой болж байна. Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн шилжилтийн салхи нүдгүй шуурсан он жилүүдэд оюун санааны оргил, үзэл бодлын тулх, шударга толь байх үүргийг “Өнөөдөр” өөртөө үүрсэн юм.
20 жилийн дараах энэ өдрүүд бол “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан болон түүний хайрт гэр бүлийнхэн, мэргэжил нэгт нөхөд, өдөр тутмын сонины орчин цагийн хөгжлийг гэрчлэх уншигч бүрийн баяр.
Зөвхөн өөрийн байгуулсан сонины төдийгүй хэвлэл мэдээллийн салбарынхаа зургийг урьдчилан харж, түүчээлэн хөгжүүлж чадсан эрхэм хүн, нийгэмд өнөө хэр хүлээн зөвшөөрөгдсөн нөлөө бүхий Бал эрхлэгчийн удирдлага дор ажиллаж байсан бөгөөд түүний бүтээсэн дэг сургуулиар хүмүүжиж төлөвшсөн хэдэн үеийн сэтгүүлчдийн голомтдоо золгох ургийн баяр билээ.
“Өнөөдөр” сонинд ажилласан хүн болгонд анх хэрхэн энэ их айлын босгоор давсан тухай давтагдашгүй дурсамж байдаг. Миний хувьд “Өнөөдөр”-т данслагдан 19 жил өнгөрчээ. 1996 оны аравдугаар сард “Өнөөдөр” сонинд утга зохиолын ажилтан авах зар телевизээр хэдэн долоо хоногийн турш урссан юм. Хавар нь Олон улсын харилцааны дээд сургууль төгсөөд, гадаадын нэгэн байгууллагад шинэхэн дадлагажигч болоод амжсан миний хувьд тэр зарыг анх сонсоход сонины газарт сэтгүүлчээс гадна утга зохиолын ажилтан бас хэрэгтэй болдог байх нь ээ гэх танин мэдэхүйн чанартай хөнгөхөн бодол төрүүлэв.
Харин хэд хоногийн дараачаас утга зохиолын ажилтан авах зар миний мартагдаж байсан мөрөөдлийг сэрээж, Гадаад харилцааны яаманд шалгалт өгч, дипломатч болох санаатай намайг ёстой л өдөөн хатгах шиг болж билээ. Дунд сургуульд байхад монгол хэлний багш маань миний бичсэн зохион бичлэгүүдийг анги цуурайтуулан уншиж, намайгаа урамшуулдаг байсан юм. Нэг удаа бүр “Чи энэ янзаараа хичээвэл сэтгүүлч ч болж магадгүй” гэсэн нь намайг яг л жигүүртэй юм шиг болгож билээ.
Тэгээд яаж тэсэх вэ дээ. Дөнгөж од болоод байсан Селин Дион, Тони Брэкстоны ярилцлагуудыг чех хэлнээс орчуулчихаад “Өнөөдөр” сонины редакцад арванхоёрдугаар сарын дундуур очтол ерөнхий эрхлэгч Б.Галааридтай уулзах хэрэгтэй болов. Түүнийг хүлээж байх зуур сэтгүүлчдийн хоорондын яриа хөөрөө миний анхаарлыг шууд л татаж орхисон. “Өвс” ч бил үү шүлгээрээ тэр оны “Болор цом”-ыг аваад байсан Энхболдбаатар загвар өмсөгч бүсгүйтэй ярилцлага хийхээр гарах гэж байгаагаа нэг залууд сонирхуулах бөгөөд харин нөгөөдөх нь хэн нэгэн сонирхолтой этгээдтэй “галзуу” ярилцлага хийсэн боловч өнөө маргаашгүй бичих ёстой нийтлэлээсээ болоод түүнийгээ буулгаж амжихгүй байна ч гэх шиг. Уншилт, дардас, хадаас л гэнэ. Үнэхээр сонин байлаа.
Намайг долоо хоногт нэг удаа дэлхийн томоохон улстөрч, Холливудын од ч юм уу, нэртэй хүмүүсийн ярилцлага, олон улсын байдлын талаар бичсэн анализ өгүүлэл орчуулаад өгч бай гэлээ. Гэрийн даалгавар маань шинэ тулгар Европын холбооны талаар байсан санагдана. Түүнийгээ бариад ортол “Манай сонинд ажиллах уу” гэлээ. Би шууд л зөвшөөрсөн. Юун Прагын их сургуульд мастер хамгаалах, юун дипломатч. Ингээд 1997 оны нэгдүгээр сарын 2-ноос “Өнөөдөр” сонины хүн болсон доо. Тэр өдөр надаас гадна Батсуурь гэдэг царайлаг залуу ажилд орохоор ирж, оператор болов. Тэгэхэд сонин маань өдөр тутам хэвлэгдэх бэлтгэлээ базааж, ид багаа бүрдүүлж байсан үе юм билээ. Яагаад утга зохиолын ажилтан авахаар зарлуулсан учир нь тэр үед сэтгүүлч мэргэжилтэй хүн ховор байж.
“Өнөөдөр” сонины сэтгүүлчид гэсэн чинь дийлэнх нь дунд эргэм насны 20 шахам эрэгтэй, ердөө хоёрхон эмэгтэй байв. Нэг нь тухайн үед шүлгээрээ залуусын дунд хэдийнэ од болчихсон Ц.Хулан. Сонинд ажилладгийг нь сонирхолтой ярилцлагуудаас нь эчнээ мэдсэн ч нүүр тулж байгаагүй тул их л ажиж билээ. Тас тас инээдэг, тайрмал үстэй, яг юу нь энэ эмэгтэйг хачин аятайхан харагдуулдаг нь учир битүүлэг тийм нэг бүсгүй байлаа. Одоогийнх шиг гял цал хатагтай байгаагүй, зүгээр л энгийн ноосон цамц, бариу хилэн өмдтэй, сахилгагүй, залуухан Хулан байв.
Нийгэм, соёлын сэдвээр тэр бичиж байснаа удалгүй уран бүтээлээ хөөхөөр гарсан. Хоёр эмэгтэйн нэг нь Ж.Мэндсайхан. Намхан нуруутай, түргэн түргэн алхдаг, байнга ажил хэрэгч хувцасладаг хэр нь эрх хүүхэд шиг ярьдаг нь анхаарал татна. Бас том том үсгүүдийг гогцооруулж ирээд л таталгасан бичгийн хэлбэр нь содон санагдаж байлаа. Ингээд би гэдэг хүн гурав дахь сэтгүүлч бүсгүй нь боллоо. Ээ бурхан минь, ямар юмных нь сэтгүүлч байх вэ дээ. Шоовдор хүүхэд шиг бүлтгэнээд л сууж байсан байх. Тэр үеийн өөрийгөө эргээд бодоход инээд хүрээд үхэх нь. Ядаж байхад над шиг шинэ хүн хэсэгтээ орж ирсэнгүй. Надаас бусад нь үнэндээ л ажлаа мэддэг, бас ч шигшигдсэн сайн сэтгүүлчид байсан юм билээ.
Тухайн үед Д.Заяабат, Ж.Заяабаатар, Д.Лутбаяр, Д.Баасанжаргал, Ш.Даваадорж, Д.Энхболдбаатар гээд бүгд л биеэ тоосон, бас зэвүүн санагдаж байсныг одоо тэднийхээ хэнээс нь ч нуухгүй ээ. Оператор эгч нар болон том лагс биетэй, инээмсэглэсэн тайван төрхтэй, харваас сайхан сэтгэлтэй гэдэг нь илт Б.Лигдэн гуайгаасаа л юм асууж зүрхэлнэ. Ёж үгтэй Б.Пүрэвдаш эрхлэгч рүү айгаад хардаг ч үгүй байв. Нэг удаа мэдээ бичлээ. Мийгаа ахад уншуулах гэж өмнө нь сэм тавьчихаад хүлээж байтал “хар” ах маань гүйхээрээ хүрч ирснээ сууж байсан сандлын маань хөл рүү өшиглөчихөв. “Давсгүй хоол шиг юм бичих юм аа, чи” гэж чанга дуугаар загналаа.
Нулимс маань өөрийн эрхгүй мэлтэлзээд, яаж ч залгих гээд нүүр дүүрэн юм болох нь тэр. Тэгээд чимээгүйхэн мэлмэрүүлж суутал Бал эрхлэгч орж ирээд “Хүүе, энэ хүүхэд яагаад уйлчихаав” хэмээн асуув. Мийгаа ах тэндээс “Аан, наадах чинь юу ч бичиж чаддаггүй нөхөр л байна” гэлээ. Бал эрхлэгч над руу дөхөж ирснээ “Ээ, энэ чинь бүр аягүй гомдчихсон царайтай уйлж байна ш дээ” гээд жиг жиг хөхрөн “Энэ Мийгаа яасан, зодсон уу” гэж надаас асуув. Юм дуугарах гэхээр л эхэр татчих гээд, яасан ийснээ “ховлож” чадалгүй өнгөрсөн. Төд удалгүй Мийгаа ах “Алив ахын дүү нөгөө мэдээгээ аваад ир” гээд л зөөлөн дуугарч байгаа юм чинь.
Иймэрхүү байдалтай сар орчим болж байтал ашгүй Р.Энхтуяа гэдэг охин орж ирэв. Төрөлхийн сэргэлэн цовоо, бас тэрхүү их зант эрчүүдэд бичих авьяасаараа шууд л гайхагдсан ухаалаг охин. Бид сайхан найзалсаан. “Өнөөдөр” сониндоо шинэхэн байх үе хийгээд ажилдаа дурласан, ер залуу насны минь бараг бүх дурсамж түүнтэй минь хамт үлдсэн байна. Одоо бол үзэсгэлэнт Р.Эмүжин маань Монгол даяараа андахгүй алдартай сэтгүүлч, яруу найрагч болсон доо.
Сонины редакц гэдэг бол өвөрмөц танхим. Төрийн албаны нүсэр бүтэц, пүүс компаниудад шаардагддаг албархуу зарчмын аль нь ч энд үгүй. Яагаад гэвэл сэтгүүлчид өөрөөр ажилладаг. Сэтгүүлчийн хөдөлмөрөөрөө тоо баримт, эх сурвалж, хэний ч хэлээгүй санааг эрэн хайдаг, найруулан бичдэг онцгой урлаг учраас энд эгэл жирийн уур амьсгал ноёлбол гаслантай байдаг. Дүнсгэр, уйтгартай л байж болдоггүйгээрээ сонин өөрөө их сонин орчин л доо.
Тиймээс ч сэтгүүлчийн ажилд дурласан нэг өдрийн төлөө нэг насаараа редакцаас салж чадахгүй болдог. Энэ нь Балын дэг сургуулийн онцлог мэт санагддаг. Эрхлэгч өөрөө олон талтай, хурц араншин, өвөрмөц сэтгэлгээгээрээ хүмүүсийг соронз шиг татдаг, ховорхон лидер байсан юм. Бал эрхлэгчид таалагдах, магтуулахын төлөө өөрийгөө хурцалсан, хичээж хөдөлмөрлөсөн, цовоо цолгиун, гал шиг дүрэлзсэн он жилүүдийг Балын цэргүүд хамт туулжээ.