Д.БААСАНЖАРГАЛ
Бэлтгэл хурандаа
Цаг хугацаа гэж хурдан юм. “Өнөөдөр” сонин 20 нас хүрч байгаа аж. Тэр хэрээр бид бүхэн ч өнгөрсөн хугацаанд мөн 20 нас нэмэгдсэнээ “Дурсамжаа бич!” хэмээсэн дүү сэтгүүлч Г.Цолмонгийнхоо тушаалаас мэдлээ.
1996 оны есдүгээр сарын тэр нэгэн өдөр “Өнөөдөр” сониныхоо анхны дугаарыг гарган, бүгд гарын үсгээ зуран хадгалж, түүнийгээ өөрсдийн хэмжээнд сэтгүүлчдийн заншлаар хажуу талынхаа уушийн газарт “зуу”-тайгаар тэмдэглэж асан маань саяхан мэт санагдаж байна. Өрөөндөө тэмдэглэх гэхээр үнэндээ тэр үеийн долоо наймхан хүнд ганцхан ширээ сандал байсан учраас тэр л дээ.
Ингээд л бужигнаад явчихсан даа. Өдөр тутмын сонины ажил гэж ямар барагдах юм биш. Ингэхэд ямар ч ажлыг хийх амар, харин эхлэх л хэцүү гэж үнэн бололтой юм билээ. Анхныхаа дугаарыг гаргах гэж бөөн юм болж байсан хүмүүс нэг л мэдсэн чинь нэг жилийнхээ ойг тэмдэглэх хэмжээнд хүрчихсэн, Гүнтэд очин ёстой л зад авсан юм даг. Олуулаа ч болсон байлаа. Тэр үед Гүнтийн тэр хавьд ганц манаач айлаас өөр амьд амьтан байгаагүй юм даг. Одоо 20 жилийн өндөрлөгөөс тэр зүг харвал битүү айл. Энэ нэг жилийн ойгоор надад хорхог хийх үүрэг оногддог юм. Хоёр гурван гал болоод, хоорондоо уралдах, тэргүүнээ шалгаруулах болзолтойгоор хорхог хийлээ.
Ингээд аль гал хамгийн амттай хорхог хийв гэдгийг Бал эрхлэгч тэргүүтэй шалгалтын комиссынхон амталж үзсэнээр манайх түрүүлж, “Аварга хорхогчин” болсон юм. Дараа жил нь бил үү дээ, Тэрэлжид хамт олноороо амрах үед зөвхөн надаар хорхог хийлгэхээр боллоо. “Аварга” хүн яах вэ дээ, ханцуй шамлаад л орчихов. Ингээд бараг болсон биз гэх үед 40-ийн бидонтойгоо задалтал “пис” хийгээд л явчихсан чинь нэг гэрийн хажуу тал тэр аяараа мах шөлөөр будагдан, тархи толгойгоо дарсан хүмүүс ийш, тийшээ орилон харайснаар миний аварга цол “будаа” болж, азаар амьтан хүн шалзалж түлчихээгүй өнгөрсөн юм даг. Тэр үед эрхлэгч маань чи тэглээ, ингэлээ гэж огт зэмлээгүй, харин ч баахан шоолж инээсэн. Би л жинхэнэ “магтсан хүүхэн хуримандаа…” гэгч болж байлаа.
Үдээс хойш нь усаар байлдаж, манлайд нь манай эрхлэгч давхиж явлаа шүү дээ. Одоо хүртэл Пүүжээ эрхлэгчийн шолбойтлоо норчихоод сууж байсан дүр санаанаас гардаггүй юм. Лигээ эрхлэгч, Иш “Петрович”, Т.Галсан ах нарын хүмүүс өдөржин шөнөжин муушгидаад салдаггүй. Бид болохоор нөгөө хэдийг унтахаар нь Т.Галсан ахын цүнхэнд байгаа нэг шил “Чингис”-ийг нь хусах санаатай хоршооны манаач шиг ээлжилж сахин, эргэж тойрч байв.
Ингэж амрахдаа бид янз бүрийн тэмцээн зохионо. Тэр нь өндөр шагналтай. Заримдаа доллар өгнө. Тэмцээнд эр, эмгүй л ордог байв. Манай бүсгүйчүүд арай л барилдаагүй байх. Өөрөөр хэлбэл, “Өнөөдөр”-ийнхөн ажиллаж ч, амарч чаддаг хамт олон гэдгийг л энэ удаа дурсмаар санагдсан юм. Иймэрхүү маягаар “Өнөөдөр” сониныхон нэг, тав, 10, 15 жилийнхээ ойг тэмдэглэж ирсэн байна. Харин одоо 20 жилийнхээ ойн мөчлөг дээр иржээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд “Өнөөдөр” сонин гэх өөрийнхөө онцлогийг хадгалж ирсэн дүү нартаа баярлаж яваагаа хэлье.