Хэвлэл мэдээлэл, тэр дундаа сонины хувьд хөндөхөд “эвгүй” сэдвүүд гэж бий. Энэ сэдэв хааяа нэг хаалттай хаалганы цаана л шивнээ яриа болж үлддэг.
Коммунист дэглэмд байсан гэх шалтгаанаар манай нийгэмд хаалттай сэдэв маш олон. Нийгмийн олонхоос өөр гэгдэх бүхнийг хараагүй мэт явах нь бидний уламжлал, соёлын аль алинаас үүдэлтэй. Энэ бүхнийг барууныхан “зохион бүтээсэн” гэж өөрсдийгөө тайвшруулах арга ч бий.
“Ярилцахад хэцүү сэдэв” булангаар хөндөх асуудал бүр нь дэлхийд, манай нийгэмд байсан, байгаа, байх ч үзэгдлүүд. Дэлхийн улс бүр эдгээр асуудалтай өөр өөрийнхөөрөө нүүр тулсан. Барууныхан биднээс түрүүлж тодорхой хэмжээнд хориотой сэдвээр өөрийн гэсэн байр суурьтай болчихсон учраас манайд далд байдаг зүйлс нь тэнд ил байдаг. Үүний тод жишээ бол дэлхийн хүйтэн дайны үед АНУ-ын Засгийн газар ижил хүйстнүүдийг “коммунистуудын зохион бүтээсэн зэмсэг” хэмээн үзээд тэднийг шахан хавчиж байсан нь юм. Олон гэм зэмгүй ижил хүйстэн коммунистуудтай холбоотой гэсэн гүтгэлгээр ажлаасаа халагдсан байдаг юм билээ.
Эдгээр он жилүүдэд амьдарч байсан Америкийн ижил хүйстнүүд өнөөгийн Монголын ижил хүйстнүүдтэй адил нуугдмал, тэдний амьдрал нь ч ичгүүрээр дүүрэн байж. Нуугдмал зүйлийг огт байхгүй гэж ойлгож болохгүй. Нийгмээс нуугдмал байх тусмаа аливаа зүйл илүү “хар болж”, эцэстээ тэсэрдэг. Коммунизмын үед бид зүгээр л мэдээ мэдээллийн хиймэл бөмбөлөг дотор амьдарч байлаа.
Хүн ойлгоход хэцүү бүхнээсээ зугтах зуршилтай байдаг. Гагцхүү нүүрээ буруулах аргагүй болсон цагт л аливаа сэдвийн тухай ярилцаж эхэлдэг амьтад шүү дээ. Ярилцахаас өөр сонголтгүй нөхцөл байдлыг голдуу нийгмийг цочроосон аймшигт үйл явдлууд л бий болгодог нь харамсалтай.
АНУ-д алдагдсан хүүхдүүдийг хайж эхлэхдээ “Амберын түгшүүр” гэж зарладаг нь учиртай. Амбер охин хулгайлагдсан анхны хүүхэд биш л дээ. Гэхдээ яагаад ч юм түүний түүх олон хүний зүрх сэтгэлд хүрсэн учраас хүүхдийн хулгай, хүчирхийлэл маш их гардаг байсан АНУ-д эдгээр асуудлын тухай ярилцаж эхэлсэн. Хэдий хөөрхийлөлтэй охин олдоогүй ч тэр олон хүүхдийн амийг аварсан. Асуудлыг ярилцаж эхлэх нь шийдлийг олох анхны шат нь болдог.
Нийгэм нүүрээ буруулахаас өөр гарцгүй болсон тэр мөчийг хүлээж суулгүй эдгээр сэдвийн тухай тодорхой хэмжээнд ярилцаж эхэлье. Хэвлэл мэдээлэл цөөнхийн дуу хоолой байх үүрэгтэй. Үнэн зөв мэдээ мэдээллийг нийгэмд түгээснээр ярилцаж эхлэхэд илүү дөхөм болно шүү дээ. Ойлгоход хэцүү, тодорхой хариултгүй энэ асуултууд алга болохгүй нь мэдээж. Харин ч нууцлагдмал бүхэн “хар өнгөтэй болдог” шүү дээ.
“Ярилцахад хэцүү сэдэв” булангаар хөндөх эхний сэдэв нь сексийн тухай юм. Ижил хүйстнүүдийн асуудал, халдварт өвчин, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт асуудлуудыг энэ сэдвийг хөндөлгүйгээр ойлгох боломжгүй. Мөн хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг болох сексийн талаар бид чөлөөтэй ярьж сураагүйгээс өөрсдийн гэсэн хандлагагүй байгаа нь ихээхэн хор уршигтай. Эцэг эх нь хүүхэдтэйгээ сексийн тухай ярих ёстой юу, эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө бэлгийн хавьталд орох ёстой юу гэсэн асуултад нийгмээрээ өгсөн хариулт ч алга. Бид зүгээр л сексийн тухай ярьдаггүй. Яагаад гэвэл коммунизмын үед секс гэдэг зүйл байгаагүй юм гэнэ лээ.
Ер нь нийгэмд сексийг хүлээж авах хандлага нь тухайн орны соёлтой салшгүй холбоотой байдаг юм байна. Манай орны хувьд огцом гарсан улс төрийн эргэлт, соёлын довтолгооноос болж бэлгийн харилцааг хүлээж авах нийгмийн хандлага маш ойлгомжгүй болчихсон. Нэг хэсэг хүмүүс нь энэ сэдвийн талаар ярьж чадахгүй, “ичингүйрэн балайрдаг” бол нөгөө хэсэг нь үүнээс өөр ярилцах сэдэв байхгүй юм шиг авирлана. Тэгсэн хэрнээ хэрэгтэй зүйлийн тухай ярьж байгаа хүмүүс нь маш цөөн. Үүний үр уршгаас хохирогч нь хүүхдүүд болоод байна.
Эрт дээр үеийн Азийн соёлын секст хандах хандлага нь өнөөгийн Барууны соёлоос ч илүү задгай байсан нь сонирхолтой. Магадгүй тийм ч учраас зөвхөн Монгол гэлтгүй Ази тив тэр чигээрээ бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүнд баригдаад байсан байх. 1950 оны эхээр хийсэн арьс өнгөний өвчний судалгааны материалаас харахад манай хүн амын 47.2 хувь нь тэмбүүтэй байсан гэх тоо баримт байх юм.
Тэр дундаа Хятад, Япон болон Энэтхэг улсын иргэд их замбараагүй бэлгийн харилцаанд ордог байж. Энэ нь тэдний соёл, шашинтай ч холбоотой байсан. Жишээлбэл, МЭӨ 1817 онд амьдарч байсан Шао хааны үеийн Хятад улсад сексийг үүл болон бороо гэсэн хятад ханзаар дүрслэн бичдэг байж. Энэ нь бэлгийн харилцаа нь үүл, бороо хоёр хавьтаж байгаатай адил гэсэн дүрслэл аж. Энэтхэгийн түүх домогт ч хүн төрөлхтөн болон дэлхий ертөнц, газар тэнгэр хоёр секс хийсний үр дүнд бий болсон гэж өгүүлдэг юм билээ.
Нөгөөтэйгүүр христийн шашинтай улс орнуудад сексээс авах таашаалыг нүгэл хэмээн үзэж, бэлгийн харилцааг нуугдмал байлгадаг байсан. Тэр ч бүү хэл Виктория хатан хааны үед амьдарч байсан англичууд эртний Помпэй хотоос олдсон үзмэрүүдийг хараад жинхэнэ “соёлын шок”–нд орсон гэдэг. Дээр үеийн грекчүүд болон ромчуудын секст хандах хандлага нь Азийнхтай адилхан чөлөөтэй байсан учраас зураг, баримал нь нүцгэн хүмүүсээр чимэглэгдсэн байдаг. Үүнийг харсан англичууд яахаа мэдэхээ болиод энэ бүх урлагийн бүтээлийг үзмэрт тавилгүй арын өрөөндөө нуусан юм гэнэ лээ. Энэ өрөө рүү зөвхөн нийгмийн дээд түвшний эрэгтэй хүмүүс л орж болдог байсан гэнэ. Бэлгийн харилцааг дүрсэлсэн зүйлсийг бусдаас нуун ганцаараа үзэж эхлэх энэ үед л порн гэдэг ойлголт нийгэмд бий болжээ.
Энэ цаг үеэс өмнө хүмүүс эдгээр бүтээлийг олон нийтэд үзүүлэх зорилготойгоор туурвидаг байсан бол бүрэг ичимхий англичууд бусдаас нуун, ичмээр зүйл болгож хувиргасан юм. Орос улс Англитай адил христийн шашинтай байсан учраас сексээс таашаал авах гэдгийг буруу зүйл хэмээн ойлгодог байсан гэнэ. Түүнчлэн коммунист үзэл ялснаар бэлгийн харилцаа гэх зүйлийг бүр ч нуух болжээ. Ямар сайндаа л “Орост секс байхгүй” гэсэн лоозон хүртэл гарч байх вэ дээ. Бэлгийн харилцаа хүмүүсийн анхаарлыг сатааруулж, нам болон коммунизмд зориулах ёстой эрч хүч нь багасна гэж үзсэн юм гэнэ лээ. Энэ хандлагаа ч тухайн үед бэлгийн халдварт өвчинд живэхээ шахаж байсан манайд нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, угаасаа хариуцлагатай бэлгийн харилцаа гэдэг ойлголт байгаагүй улс оронд сексийн тухай ярихыг хориглосноор бидний өнөөгийн сексийн хандлага бий болсон гэж хэлж болно.
Өнөөдөр Монголд сексийн тухай эцэг эх, сурган хүмүүжүүлэгчтэйгээ чөлөөтэй ярьдаг хүүхдүүд маш ховор. Тиймээс ч хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар халдварлах өвчин дахин газар аваад байна. 2015 оны зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд ганц бие хүмүүсийн 34.3 хувь нь, байнгын ажилтай гурван хүн тутмын нэг нь, ажилгүйчүүдийн 71.5 хувь нь, оюутнуудын 14.6 хувь нь тэмбүүтэй байсан гэнэ. Насны харьцаагаар авч үзвэл 15-19 насныхны 29.9 хувь, 20-24 насны дөрвөн хүн тутмын гурав нь, 25-29 насны хоёр хүн тутмын нэг нь ийм өвчтэй гэж тогтоогдсон байна. Эдгээр тоог багасгахын тулд сургуульд бэлгийн харилцааны тухай хичээл заах ёстой гэж амтай болгон ярьдаг ч заах “эр зоригтой хүн” ховор. 10 жилийн сургуулиудад энэ хичээлийг заах багш нар бэлтгэгдээгүйгээс биеийн тамирын багш нь өсвөр насныханд заах тохиолдол ч бий.
Эцэг эхчүүдийн хувьд тэд үр хүүхдээ гэр бүл болохоос нааш бэлгийн харилцаанд орохгүй гэсэн төөрөгдөл дундаа явдаг юм уу, аль эсвэл коммунизмын үеэс өвлөж авсан ичимхий зангаа хаяж чаддаггүй юм уу, бүү мэд. Ямартай ч хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр чөлөөтэй ярьдаг эцэг эхчүүд бараг байхгүй. Аюулгүй бэлгийн хавьталын талаар ойлголтгүй хүмүүс зүгээр л секс хийхгүй гэж төөрөгдөхийн үр уршгаас болж бэлгийн боловсролгүй хүмүүс өвдөж, жирэмсэлж, сэтгэл зүйн хохирол амсдаг. Дэлхийн нэгдүгээр дайны үед АНУ-ын засаг төр манай өнөөгийн эцэг эхчүүдтэй адил бэлгийн харилцааны тухай бодож, ярих хүсэлгүй байсан юм. Тэд цэргүүд дайнд оролцож байхдаа секс хийхгүй гэж итгэсэн ч байж магадгүй л дээ. Тухайн үед хүмүүс гэрлэлтээс өмнө секс хийдэггүй гэж итгэдэг байсан үе шүү дээ.
Үнэн хэрэгтээ үеийн үед гэрлээгүй хүмүүс бэлгийн харилцаанд орсоор ирснийг судлаачид баталсан нь бий. Ямартай ч дэлхийн нэгдүгээр дайнд явсан долоон сая америк цэрэг бэлгийн замын халдварт өвчин тусаж өөд болсон ба 10.000 цэрэг уг өвчнөөс болж албанаасаа хөөгдсөн юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед өөрсдийн алдаанаасаа суралцсан Америкийн Засгийн газар секс болон үүнтэй холбоотой бүхний тухай илүү чөлөөтэй ярилцаж арга зам хайсны үр дүнд уг өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс буурсан аж.
Ээж, аав нь бэлгийн харилцааны тухай ярихгүй байлаа гээд хүүхдүүд нь сексээс хол амьдарна гэж байхгүй шүү дээ. “Гүйх” гэдэг үгийн хоёр дахь утгыг та мэдэх үү? Үеийнхнээсээ бусад хүмүүст ойлгогдохгүйгээр сексийн тухай ярихын тулд бий болгосон үг хэллэгээр залуусын үгийн сан дүүрэн. Үнэнийг хэлэхэд өнөө үеийн хүүхэд, залуус хариуцлагагүй бэлгийн харилцаанд орох нь ихэссэн. Барууны соёл болон үеийнхнийх нь дарамт шахалт тэднийг бэлгийн харилцаанд бэлэн бус байхдаа ороход түлхэж байна.
Үүний нэг жишээг болсон явдлаас татъя. Арван жилийн нэг охин найз залуутайгаа анх удаа унтахаар амралтын газарт очжээ. Дунд ангийн тэр охин эр зориг орохын тулд архи хэтрүүлэн хэрэглэж. “Тасарсан” охинтой бэлгийн харьцаанд орохыг нөгөө залуу хүссэнгүй. Харин найзуудых нь хувьд “азтай” юм болж. Хамт явсан тав зургаан залуу бүгдээрээ энэ явдлын тухай бахархан ярьж, өнөөх охин ч ийм зүйл болсоныг үгүйсгээгүй. Өнөөх залуус бүгд хүчингийн хэрэг үйлдсэнээ, харин охин хүчиндүүлснээ ч мэдэхгүй яваа. Хүчин гэж юу гэдэг асуултад улс орон бүр өөр өөрөөр “хариулна”.
Харамсалтай нь манай хуулийн өгөх “хариулт” тодорхой бус ба уг хууль амьдралд хэрэгжих нь ховор. 1998 оны Олон улсын дээд шүүх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Тархалт өвчнөөс хамгаалах, зогсоох төвийн тодорхойлолтыг уншиж үзвэл “хүчин гэдэг нь бүрэн ухамсарласан зөвшөөрлийг өгөх боломжгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох” гэж тодорхойлсон байх юм. Өөрөөр хэлбэл, мэдрэлийн гажигтай, аль эсвэл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнтэй бэлгийн харилцаанд орохыг хүчин гэж үзэж байгаа юм.
Учир нь тэд за гэж хэлэхийн бүх үр дагаврыг ойлгох чадваргүй. Тиймээс ч насанд хүрээгүй хүүхдүүдтэй унтсан том хүмүүсийг хүчингийн хэрэг үйлдсэн гэж тооцдог юм. Бэлгийн харилцаанд орохдоо аливаа хүн бүрэн мэдээлэлтэй байхаас гадна сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал. Өнөөгийн нийгэмд секс гэдэг нь ямар ч хариуцлагагүй, “найтаахтай” адилхан үйл хэрэг болоод байгаа. Ялангуяа бэлгийн харилцаанд анх хэрхэн орсноос шалтгаалан сексийн хандлага нь насан туршид нь тогтох магадлалтай. Хэн нэгний хайр халамжийг авч, анхаарлыг нь татахын тулд бэлгийн харилцаанд орох ёстой гэж боддог арван жилийн охидууд байдаг. Тийм хөвгүүд ч бас бий. Бэлгийн харилцаанд чи өөрөө л бэлэн болсон цагтаа орохоос биш, хэн нэгэнд таалагдах гэж ашигладаг зүйл биш гэдгийг нь аав, ээж нь ойлгуулж, секст хандах хандлагыг нь зөв болгох ёстой. Жишээлбэл, АНУ-д нийт эмэгтэй хүүхдүүдийн 96, эрэгтэй хүүхдүүдийнх нь 97 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө бэлгийн харилцааны тухай ээж ааваасаа юм уу, сургуулиасаа мэдээлэл авч “үгүй” гэж хэлж сурдаг.
Сексийн түүхийг ийн дэлгэрэнгүй тайлбарласнаар энэ сэдвийн тухай ярихад үүсдэг бэрхшээлийг арилгахад жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах болов уу. Амьдралын нэгэн хэсэг болсон энэ сэдвийн тухай чөлөөтэй ярьж чадахгүй, “нүдээ аниад сууснаар” ирээдүй хойчийн маань секст хандах хандлага нь хэрхэн буруу замаар явж буйг анзаарахгүй байх шиг. Энэ “Ярилцахад хэцүү сэдэв”-ийг уншиж дуусгасан Танд баярлалаа.
Балдоржийн НАНДИНТҮШИГ, НОМИНТҮШИГ