“Муухай америк хүн”-ээс эхлээд дэлхий даяараа өөр өөрсдийн муу, муухай зан чанарыг илрүүлэн олж, “даран сөнөөх”-өөр “Муухай япон хүн”, “Муухай хятад хүн” гэхчилэн ар араасаа ханцуй шамлаж байна. Энэ хөдөлгөөнөөс монголчууд ч хоцорсонгүй, сэтгүүлч, нийтлэлч эрхмүүд ч нэлээд түрэв. Үнэндээ тэр муухай монгол хүмүүсийн нэг нь би. Тиймээс нэг өдрийнхөө үйл хөдөлгөөн, үг бүрийг тэмдэглэн авч, өөрийгөө тэндээс тольдлоо. Толинд ямар хүн харагдсан гээч, харах уу?
Автобусанд суулаа. Алба, ажилдаа яарсан пиг хүнтэй автобусанд чихэлдэн ороод бариул хайсаар арайхийн нэг юм олж, зүүгдэв. Үнэндээ энэ автобусанд бариул гэхээр юм алга, ихэнх нь тасарчихаж. Лаазалсан загас шиг чигжсэн хүмүүсийн дунд унах аюул бага. Миний хажууд 9-10 насны нэг охин бүлтэгнэн зогсоно. Томчуудын дунд хавчуулагдан, толгой нь л дөнгөж цухуйх түүний үүрсэн цүнх хүнд гэдэг нь харваас илт. Хичээлдээ ганцаараа явж байгаа бололтой. Хажуугийн суудлаас нэг хүн босохоор өндийтөл хажууд байсан залуу урдуур шурхийхдээ миний өмд, пальто, өнөө хүүхдийн хувцсанд гутлаа арчин, нөгөө суудалд тухалчихав. Гэмгүй зогсож байгаад бусдын гутлын алчуур болсондоо бухимдан, нөгөө залууд хэдэн үг хэлчихлээ.
Ингэж явсаар автобус “Улаанбаатар” их дэлгүүр өнгөрөөд зогсоход үс нь сэгсийсэн, хувцас нь үрчийсэн, “Галзуу хулгана” тоглоомноос буусан хүнээс нэг их дээрдэхээргүй төрхтэй амьтан буув. Хөл дээр олон хүн гишгээд, цагийн өмнө тосолсон гутлаа танихааргүй болжээ.
Тэр ч яах вэ, би тэр автобусанд сууж явсан залууст, нөгөө бүдүүлэг залууд ч “Энэ хүүхдийг суулгачих” гэж хэлэх санаа төрөөгүй л байгаа юм даа. Биднийг багад томчууд хүний, өөрийн гэлгүй бүх хүүхэд, залууст, бас нэгэндээ шаардлага тавьдаг, үг хэлдэг байлаа. Гэтэл бид яагаад “Надад падгүй” гэсэн хандлагатай болчихов оо. Улаанбаатар хотод өдөр бүр дунд болон том оврын 650 гаруй автобус явж, нэг сая хүнд хөл залгуулдаг. Түүн дунд нөгөө охин шиг, тэр залуу шиг, бас над шиг зорчигч хэд байгаа бол.
“Хаан палас”-т болох уулзалт, зөвлөгөөнөөс 20-иод минут хоцорчихлоо. Зохион байгуулагч нараас бусад нь увж цувсаар. “Зам ямар байна” гэж зохион байгуулагчийг асуухад “Түгжрэлтэй байна аа. 30 минутын өмнө гарсан хэрнээ л хоцорчихлоо” хэмээн замын түгжрэлд бүх бурууг тохож орхив.
Монголд үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёрхон л цаг бий гэж гадаадынхан ойлгодог юм гэсэн. Японы ЖАЙКА байгууллагын Улаанбаатарт метро байгуулах судалгааны баг 2011 оны есдүгээр сараас 2013 оны гуравдугаар сарын хооронд манай хотод нэгэн судалгаа хийжээ. Тухайн үед Улаанбаатарт өдөрт 2.1 сая хүн тээврийн хэрэгслээр, нэг сая хүн явган зорчиж байв. Нийт зорчигчийн 28.6 хувийг автомашинтай, 38.2 хувийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч, 33.2 хувийг явган хүн эзэлжээ. Үүнийг 2007 оныхтой харьцуулахад нийтийн тээврийн зорчигч 42.6 хувиар цөөрч, хувийн машинаараа, эсвэл явган явахыг хүмүүс илүүд үздэг болсон байна. Улаанбаатар хотын зам дээр түгжрэл үүсгэж буй гол шалтгааны нэг нь хөдөлгөөнд оролцогчдын соёлгүй байдлаас үүдэлтэй гэдэг нь уг судалгаанаас харагдана. Зам машинаар хахсан, зарим нь мөргөлдсөн, цас, бороо орсон гэдгийг мэдсээр байж аливаа зүйлд цагийг нь тулгаж гараад ёс мэт хоцордог монголчууд аа гэж. Би ч бас тэгсэн.
БНСУ-д ажиллаж байгаад ирсэн танил маань “Монголд амьдарч чадахгүй нь ээ, дасаж өгөхгүй байна. Өвөл гадаа гарч чадахгүй даараад, утаа гэж угаартаж үхмээр” хэмээн муулж байна. Австралид сураад ирсэн найз минь “Яагаад дандаа салхилдаг байна аа. Нүүр, нүд шороогоор дүүргээд, үс гэзэг сэгсийлгэчих юм. Өнгөтэй өөдтэй юм өмсөж зүүх боломж үнэндээ алга. Салхинд арьс хуурайшаад, үрчийх нь” хэмээн ярвайв. Ээж нь хажуунаас “Ач маань энд дасахгүй, сургуульд явахгүй гээд байна. Бүх хүн муухай хараад, багш нь уурлаж загналаа” гээд оройд бөөн гомдол болчихсон ирэх юм. Ингэж байгаад зүрх муутай болчих вий дээ” гэж хачир нэмлээ. Тэр өөрсдөө шороотой, утаатай, хүйтэн, хогтой, салхи ихтэй, бохир эх орноосоо зугтаад зогсохгүй хүүхдээ дайжуулжээ. Энэ үед “Хэн болчихоод эх орноо муулаад байгаа юм” гэсэн үг аман дээр гарч ирсэн ч “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” гэж хүмүүжсэн би үгээ эргүүлж залгив. Тэд хэдэн сарын дараа ногоон тив рүүгээ буцсан. Гэхдээ шулганах бяцхан үрстээ газар үзүүлэх гэж биш, гоё сайхан, амар хялбар амьдрах гэж явсан.
Ерэн хэдэн онд шиг санаж байна, хүмүүсийн аманд зах зээл гэдэг үг хүлхээстэй байхад манай нутгийн хөрөнгөлөг ах АНУ руу яваад сураг алдарсан юм. Тэгтэл саяхан эргээд иржээ. Англи хэлтэй, соёлтой, цагаан царайтай болсон тэр хүн залуу халуун насаа өндөр хөгжилтэй сайхан оронд өнгөлөг, мөнгөлөг өнгөрүүлээд эх орондоо эргэж ирсэн хэрнээ багагүй зовлон тоочиж байх юм. Зочид буудал, хоёр ч дэлгүүр, гурилын үйлдвэр, ломбард, нэлээд малтай байсныг нь манай нутгийнхан бүгд мэднэ. Одоо тэр бүгд байхгүй болж. Түүнийг тойрон хүрээлж байсан найз нөхөд нь үгүй, зарим нь бурханд хэрэг болсон бол үлдсэн нь нүүр буруулсан гэнэ. “Хүн ядрахаараа нутгаа, тураг ядрахаараа уулаа гэдэг үнэн юм” хэмээн ярих түүнийг өрөвдөвч, бас хохь чинь гэж хэлмээр ч юм шиг. Миний Монголын тэнгэрт өдөлсөн жигүүртэн хүний нутагт ясаа тавьдаггүй гэж тэднийг магтах нь байтугай эх орондоо ирэлгүй яах вэ хэмээн цагаатгаж ер чадахгүй нь. Ид хийж бүтээх насаа харьд өнгөрүүлж, ам хэлнээс бусад нь хөдөлдөггүй амьтан болчихоод эх орондоо эргэн ирж буй хүн олон бий. Тэгээд биднийг “Арчаагүй амьтас. Монголын байж байгааг” хэмээн чичлэхийг яана. Энэ хүн ч бас “Манайхан юм үзэж, нүд тайлаагүй байна. Арай л удаан хөгжиж байна. Улстөрждөгөөсөө болоод хөгжлөө хойш чангаагаад байх шиг” гэв ээ. Би ч “Аа, тийм үү” гээд л өнгөрүүллээ.
Тэгсэн ч тэссэнгүй, хэн нэгэнтэй бухимдлаа хуваалцах хэрэгтэй биз дээ. Фэйсбүүк, твиттерт ороод “Гадаад явж, газар үзэн, эрдэм сураад эх орондоо ирэхийн оронд тэндээ элсэнд асгасан ус шиг шингэчихдэг нөхдийг ойлгохгүй юм. Монголд буцаж ирсэн зарим нь биднийг юу ч хийгээгүй, залхуу, бүдүүлэг, мэдлэг боловсролгүй байна гэнээ” гээд л тэдний тухай ховлов. Түүнийгээ “Монгол ямар яс тавьдаг газар юм уу” гэсэн үгээр хачирлатал ямар олон хүн сэтгэгдэл бичин, намайг дэмжиж, цааш түгээсэн гэж санана. “Тэд өөрсдөө Монголын төлөө юу хийсэн юм бэ”, “Тийм юмнуудыг хөөж явуулбал таарна”, “Ийм юмнуудаас болоод Монгол хөгжихгүй байгаа юм” гэх мэтээр өнөө хэдийг газар дор ортол муулж гарлаа. Ажаад байтал надаас эхлээд муухай монгол хүн олон нийтийн сүлжээгээр дүүрэн юм гээч.
Түрүүхэн л тэврэлдэн уулзсан хоёр найз “Увсын муу дөрвөд”, “Чи тэгвэл Хэнтийн тэнэг” хэмээн муудалцаж эхлэв. Ажил төрөл, бизнес гээд халуун дотно яриа өрнүүлж суусан тэдний аманд улс төр гэдэг үг санаандгүй орсноос болоод “Би, чи”-дээ тулсан нь хажууханд нь сууж байсан надад ойлгомжтой байв. Тэдний дуу тэнгэрт хадаж эхлэхэд ойр орчмынх нь хүмүүс бушуухан холдоцгоов. Би ч зугтав.
Сум, аймгуудыг цөөлж, сул Монголоо хөгжүүлэх тухай яриа 10 гаруй жилийн өмнө эрчимтэй өрнөөд намжсан. Монгол Улсын засаг захиргааны нэгжийг цөөлөх бодлогыг хот, аймгийнхан дэмждэг ч сумынхан эрс эсэргүүцдэг. Сумаараа ч биш л дээ, ЗДТГ-т ажилладаг хэдэн хүн л ажилгүй, эрх мэдэлгүй болох вий гэсэндээ л бусдыгаа өгдөөн, турхирдаг юм. Хэнтий аймгийн Өлзийт сумыг Хэрлэнд нийлүүлэн төвийг нь Өндөрхаан, Гурванбаянг Өмнөдэлгэрт нэгтгэн төвийг нь Баянбулагт байхаар УИХ 1999 онд 20 дугаар тогтоолоор баталсан жишиг бий. XVI зуунд Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайж өөрийн мэдлийн газар нутгаа Халх гэж нэрлэн, долоон хошуу байгуулснаас хойш манжууд улам жижиглэснээс XIX зууны эцэст 100 гаруй хошуутай болсон бол одоо Монгол 330 гаруй сумтай. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гэдэг үг үүнээс улбаатай биз. Монголчууд биднийг жалга довоор нь талцуулж байх гэсэн дотор газрын бодлогыг XXI зуунд бид үргэлжлүүлсээр байгаа нь тиймхэн. Энэ үгээ Хэнтий, Увсын дээрх хоёр нөхөрт хэлэх ёстой байсан юм, уг нь.
Надад энэ мэт муу, муухай зан бий. Би ийм муухай учраас бусад хүнийг “завааруулж”, тэд бас хавь ойрынхноо буртагласаар бид бүгдээрээ муухай болчихсон юм биш үү, аан.
Х.БОЛОРМАА