3 дугаар сарын 25-26 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарь шилжин, нэг цагаар урагшлуулна. Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.
Давуу тал:
Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг авто замын ослыг бууруулдаг гэж дүгнэсэн байна. Харин эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна. Мөн мэдээж энэ өдрийн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна. Манай улсын хувьд магадгүй агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ч талтай байж болох юм.1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ. Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ. Энэ нь нэгдсэн сүлжээний цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 29-30 хувийг дангаараа авдаг Эрдэнэтийн УБҮ-ийн хэрэглээ цаг хугацаанаас хамааралгүй тогтмол байдаг, сүүлийн жилүүдэд айл өрх, аж ахуйн нэгж цагийн тарифтай тоолуур тавьж эрчим хүч хэмнэдэг болсон, хэрэглээний бүтцэд ахуйн хэрэглээ зонхилсон манай орны хувьд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл өргөнөөр нэвтэрсэн зэргээс шалтгаалсан гэж үзжээ.
Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалийн хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна. Бразил улсад зуны цагийн хуваарь нь нэг жилийн цахилгааны хэрэглээний 1%-ыг хэмнэдэг гэж судалгаа гарчээ.
Гэвч Калифорнын их сургуулийн судалгаагаар мужийн цагийг зуны цагийн хуваарьт шилжүүлэхэд ард иргэдийн цахилгааны тооцоо жилийн дунджаар 8,6 сая доллараар нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Ихэнхи жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээллэж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбараасаа 6,34 саяын орлого олдог гэсэн судалгаа гаргасан байна. Өдрийн гэрлийн ашиглалтын хугацааг ингэж уртасгаснаар Британийн улсууд жуулчлалын идэвхийг 2 дахин өсгөдөг ба жуулчид улсын нийтийн тээвэр, ресторан үйлчилгээний газрууд болон фестивал үйл ажиллагаануудад жирийн үеэсээ 2 дахин их мөнгө зарцуулах магадлалтай болдог байна. Австрали улсад зуны цагийн хуваарийг мөрдлөгө болгохгүй гэж шийдсэнээс хойш аялал жуулчлалын салбар түлхүү хөгжсөн зүүн өмнөд бүсийн жуулчлалын байгууллагууд энэ шийдвэр биднийг сая сая долларын алдагдалд оруулж байна хэмээн үзэж буцаахыг шаардаж мөн улсаа бүсчлэн хувааж энэ цагийн хуваарийг мөрдөх санал ч хүргүүлээд байгаа юм байна. Зуны цагийн хуваарийг олон нийтээрээ хэрэглэх нь сайн ч, муу ч талуудтай боловч энэ нь хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж ихэнхи судлаачид үздэг.
Дутагдалтай тал:
Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг байна. Зарим улсуудад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. Гватемаль улсад зуны цагийн хуваарьт шилжихэд сургуулийн хүүхдүүд харанхуйд хичээлдээ явах шаардлагатай болсноор эцэг эхчүүдийн зүгээс асар их гомдол илгээх болжээ. Өглөө эрт ч гэсэн харанхуйд ажил хичээлдээ явах болсон нь ард иргэдээ аюулд оруулж байна гэж үзэн болиулсан байна. Мөн газар тариалан аж үйлдвэрийн улсуудад энэ нь цагийн хуваарь алдагдуулах, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг ба нийтийн эрүүл мэндэд цаг хөдөлсөн эхний 2 долоо хоногт зүрхны шигдээс ихсэх хандлагатай байдаг гэж ажиглагдсан байна. Мөн 2012 оны судалгааны дүнгээр бас нэг хачирхалтай зүй тогтлыг илрүүлсэн нь цагийн өөрчлөлтөөс болоод бие махбодь ядарсан үедээ хүмүүсийн ажлын цагаа хийдүүлж илүү ихээр интернетээр хэсдэг байна.
Ялангуяа бага насны хүүхдэд нэлээд эмзэг тусдаг. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдүүд өглөө босдог цагаасаа нэг цагийн өмнө сэрэхэд харааны эрхтнүүд нь ажиллах боловч, тархи нь хагас унтаа байдалд байдаг. Үүнээс үүдэн хүүхдийн ой санамж, сэтгэхүйд нөлөөлж эхлэх бөгөөд улмаар ууртай уцаартай болдог. Мөн хооллох цагт нь өөрчлөлт орохоор хүүхдийн бие дасан зохицож чадахгүйн улмаас хоолны дуршил нь муудах талтайг Австралийн эрдэмтэд тогтоосон байна. Харин Финляндын эрдэмтэд чихрийн шижин ихсэх, элдэв хууч өвчин хөдөлдөг болохыг тогтоосон байдаг аж.
Мөн түүнчлэн цаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувьд нойрны хямрал бий болж, унтах болон сэрэхэд хүндрэл тохиолдож байна. Харин 20 хувь нь өөрчлөлтийг мэдрээгүй, 5 хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байжээ. Эндээс харахад хүмүүсийн дөрөвний гурав нь цаг шилжүүлэхэд биед нь асуудал үүсч, харин дөрөвний нэг нь онцын өөрчлөлтгүй байжээ гэж хэлж болох юм. Бүр энгийнээр хэлбэл 100 хүний 75 нь асуудалтай байна.
Хоногийн цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь биемахбодын дасан зохицох чадвар, улмаар биохэмнэлийн нийлэмжийг зориудаар алдагдуулж, дасан зохицлын эмгэг үүсэхэд хүргэдэг жамтай гэнэ. Хаврын улиралд орчлонгийн жам ёсоор өдөр 1-2 минутаар уртассаар нэг цагийн зөрөө гарахад 30 гаруй хоног шаардагддаг бөгөөд энэ жам ёсонд хүн ямар ч зовиур, шаналгаагүйгээр дасдаг ёстой. Намрын цагт ч 1-2 минутаар өдөр богиноссоор нэг цагийн зөрүү гарах нь 40 гаруй хоногийн дараа болдог. Гэтэл цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болгож байгаа юм. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, үхэлд хүргэнэ.