1981.03.22
Энэ өдөр Зөвлөлт, Монголын сансрын хамтарсан нислэг болж, дэлхий дахинаа “Монгол хүн сансарт нислээ” хэмээн мэдээлж байлаа. Тухайн үед хэдийгээр бид НҮБ-ын гишүүн болчихсон, тусгаар улс байсан ч хорвоогийн уудамд Монголын тухай, хаана байдгийг нь ч мэдэхгүй, сураг сонссон нэг нь Чингис хаанаар л төсөөлж байсан. Ийм л цаг үед энэ үйл явдал монголчуудыг олон улсад дахин нэг удаа чанга дуугаар зарлан тунхагласан гэж болно. Монгол Улс огторгуйн уудамд мөрөө гаргасан 10 дахь орон болсон эл түүх судсаар нь монгол цус гүйж буй хүн бүрийн бахархал болсон билээ.
2016.03.22
Сансрын уудам руу хөөрсөн монгол хүүгийнхээ төлөө сүү өргөж, хүүхэд, хөгшидгүй тэнгэрийн хаяа руу саравчлан зогсож байсан тэр нэгэн өдрөөс хойш 35 жил өнгөрчээ. Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт орших, бөмбөгөр оройтой нэгэн байшинд 60 гаруй хүн цуглаж, монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг эргэн дурсаж, бахархан баярлалаа. Тэдний дунд энэ агуу үйлсийн гол баатар Ж.Гүррагчаа, М.Ганзориг, тэдний хамтран зүтгэгчид, Монгол Улсад суугаа гадаадын хэд хэдэн орны Элчин сайд, дипломатууд, эх орныхоо төлөө чин сэтгэлтэй эрдэмт мэргэн хүмүүс харагдана. Төр, засгийн төлөөлөл харин алга.
Уг нь энэ бол цаг зуурт мартагдах, аль эсвэл үе үе санаж, дурсах төдий өнгөрөөх явдал биш. Үргэлж бахархан ярих, гайхуулан онгирох ёстой түүх билээ. Салют буудуулж, наадам хийдэггүй юм гэхэд ядаж Төрийн тэргүүн нь зурагтаараа түмэн олондоо энэ түүхэн өдрийн мэнд хүргээд, баатарлаг үйлстэнүүддээ талархал дэвшүүлдэг байхад тийм хэцүү юм гэж үү. Монголын түүх ХIII зуунаар дуусаагүй шүү дээ. Монголчууд түүхээ бүтээсээр яваа. Дэлхийгээсээ хальж, сансарт хүртэл мөрөө гаргасан ийм агуу түүхээ бид мартаж боломгүй санагдана.