Алба, амины ажлаар олонтаа зорьсон урд хөршийн Эрээн хот руу энэ удаад “эрвээхэй” хэмээгддэг биеэ үнэлэгч монгол бүсгүйчүүдийн талаар сурвалжлахаар хөдөллөө. Замын-Үүд боомтод хүрсэн даруйдаа л Эрээний биеэ үнэлэгч нарын тухай таагүй мэдээллийг албаныхнаас сонссон юм. Хил хамгаалах байгууллагын эх сурвалжийн өгүүлж буйгаар эдийн засгийн хямрал нүүрлэсэн даруй Эрээн дахь биеэ үнэлэгч нарын тоо 2-3 дахин нэмэгдсэн байна.
Түүнчлэн оюутнуудын амралт эхэлмэгц урд хөрш рүү зорих охид, бүсгүйчүүдийн цуваа үүсчихдэг талаар бидэнд өгүүлсэн юм. Ар гэрийнхэн, аав ээж, хань ижилдээ “Өмнөговь руу явлаа”, “Уурхайд очиж өндөр цалинтай ажил хийлээ” гэж худал хэлэн гарсан бүсгүйчүүд Эрээнд очиж биеэ үнэлэх нь олонтаа гэнэ.
Хятадын биеэ үнэлэгч нар байрладаг газруудыг ихэвчлэн “Улаан дэнлүүт гудамж” хэмээдэг бол Эрээнийх яагаад ч юм “Ягааны гудамж” нэртэй. Нэрэндээ нийцүүлэн зуучлагч нар нь орчноо ягаан гэрлээр чимэглэдэг ч юм уу, ямартай ч эрчүүдэд зориулсан эл гудамж гэгээ тасран, бүрэнхий золгох үед ягаан гэрлүүдээ асааж, үйлчлүүлэгчдээ урин дууддаг аж. Нарны илч наашилж, өдөр уртасч буй ч Эрээнд 19.00 цаг болоход нар жаргаж, монгол биеэ үнэлэгч бүсгүйчүүд ажилдаа гардаг юм билээ.

Хил хаахаас өмнө Эрээнд очсон бид биеэ үнэлэгч нарын ажлын цаг эхлэхээс өмнө ойролцоох уушийн газар хүрлээ. Шөнөжин ажилласан бүсгүйчүүд 15.00 цаг хүртэл амраад, ягааны гудамжны ойролцоох хоолны болон уушийн газруудад очих нь түгээмэл. Монгол биеэ үнэлэгч нарын цугладаг гэх уушийн газарт 16.00 цагийн үед очиход тэд хэдийнэ ирчихэж. Ягаан, саарал, шар гээд хурц тод өнгөөр үсээ будсанаас өөрөөр ялгарах гойд зүйлгүй 7-8 бүсгүй хоёр хятад эрийн хамт хооллож сууна. Удалгүй гартаа тор дүүрэн зүйл барьсан хоёр бүсгүй нэмэгдэн орж ирлээ. Царай төрх, бие хаа, алхах гишгэхээс ч Монгол гэдэг нь илэрхий бүсгүйчүүд зуучлагч залуучуудтайгаа хятад хэлээр аялгагүй цэвэрхэн ярих аж.
Уушийн газар танил төдий ярилцаж, инээлдэж байсан бүсгүйчүүд тэндээс гараад булан тойрмогц, зуучлагч хоёр хятад эртэй халуун дотно байдалтай тэврэлдээд, явж одсон юм. Тус уушийн газрын зөөгчийн өгүүлснээр тэд Бээжин, Тяньжин зэрэг Хятадын төв хотоос ирсэн бүсгүйчүүд аж. Визгүй зорчих 30 хоногийн хугацаа нь дууссан тул Замын-Үүд боомтод очиж, штамп даруулаад буцаад ирж буй нь энэ гэнэ. Түүнээс Эрээн дэх монгол биеэ үнэлэгч нарын талаар тодрууллаа.
-Тэд Замын-Үүдэд хэр уддаг юм бэ?
-Удахгүй ээ. Монголын хилээр ороод л Замын-Үүдийн төв хэсэг рүү ч оролгүйгээр буцаад гараад ирнэ. Үүнийгээ тэд “Туг тойрох” гэж нэрлэдэг юм.
-Хилээр орж ирсэн даруйдаа буцаад гараад явчихаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрынхан сэжиглэж саатуулдаггүй юм уу?
-Эрээнд над шиг л ажил хөдөлмөр эрхэлж буй олон хүн бий шүү дээ. Тэр бүх хүн 30 хоногт нэг удаа хилээр орж, штамп даруулж байгаа. Тэгэхээр тэр бүрийг сэжиглэж шалгахад түвэгтэй байдаг байх. Тэгээд ч монгол биеэ үнэлэгч нар “туг тойрохдоо” өмсдөг тусгай малгайтай.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Өөрөө харсан байх. Манайхаар орж ирсэн бүсгүйчүүд шар, ягаан гээд тод өнгийн үстэй байгаа биз. Энэ үс нь өөрсдийг нь илчлэх гээд байдаг тул үсээ нууж малгай өмсдөг юм.
Биднийг ярилцаж байх зуур хэдийнэ тэдний ажлын цаг эхэлчихэж. Ажлын цаг нь эхэлмэгц дэлгүүрийн шилэн хорго мэт, довжооноос тааз хүртэл шилэн нүүртэй өрөөнд бүсгүйчүүд цуглаж, нүүрээ будаж, үс зүсээ гоёж, ажлынхаа бэлтгэлийг базаав. Өрөөнд нь ихэвчлэн нэг буйдан, гоо сайхны ширээ сандал байрлуулсан байгаа харагдсан.
Эрээнд ягааны гудамж хоёр ч бий. Өмнө нь гоёл чимэглэлийн дэлгүүр ажиллаж байсан байшин өдгөө өнгө төрхөө эрс хувиргаж, “Ягааны гудамж” болоод буй юм билээ.

“Мөрдөгч Деррик” нэвтрүүлгийн баг Эрээн дахь биеэ үнэлэгч нарын талаарх сурвалжлага хийснээс хойш энэ хоёр гудам харьцангуй хаалттай болсон. Бүсгүйчүүд байрлах өрөөний шилэн хоргыг автомашины гараашийн хаалга шиг хаалтаар хааж, ганц нэг хорго л үйлчлүүлэгчээ татах зорилгоор “хөшгөө нээнэ”. Дүрс бичлэгийн камер, зургийн аппаратны тухай бодох ч хэрэггүй. Тэр ч байтугай бидэнд ярилцлага өгөх бүсгүй ч олдохгүй шинжтэй болоод явчихав.
Тиймээс үйлчлүүлэгчийн дүрээр очиж, биеэ үнэлэгч бүсгүйтэй ярьж тохиролцохоос өөр арга байсангүй. Бүсгүйчүүд нэг цаг үйлчилснийхээ төлбөрт 200-300 юань буюу 60.000-90.000 төгрөг авдаг бөгөөд төлбөрийг зуучлагчид нь тушаагаад зочид буудалдаа авчирч болдог нь бидний уулзаж, ярилцах ганц боломж байв.
Харамсалтай нь бидний эхний оролдлого бүтэлгүйтэж, “Саяхан нэг бүсгүй сэтгүүлчдэд ярилцлага өгсөн. Гэтэл сэтгүүлчид бүсгүйг хуурч нууцаар бичлэг хийж, цацсаны улмаас гэрийнхэн нь төдийгүй улс даяар түүнийг биеэ үнэлж байгааг мэдчихсэн. Эх орондоо дахиж очих нүүргүй болсон эмэгтэй амиа хорлохоос өөр аргагүй болсон. Тиймээс та нарт ярилцлага өгөх хүн олдохгүй байх аа” хэмээн товчхон хариулаад бүсгүй гарч одсон.
Тиймээс танилаараа дамжуулж холбогдсон дараагийн бүсгүйтэй “Зураг авахгүй, дүрс болон дуу бичлэг хийхгүй. Бүсгүйн талаарх ямар ч мэдээллийг асуухгүй” гэсэн болзолтойгоор уулзаж, ярилцлаа.
-Монголоос охид ямар хүнтэй холбогдож, ямар шугамаар энд ирдэг юм бэ?
-Зуучлагч нарыг бид лообоо гэдэг юм. Хятадад биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрдөг боловч Монголд энэ нь хориотой. Тиймээс лообоо нарыг Монгол Улс руу нэвтрэх эрхийг хорьсон байдаг. Тиймээс охид л ихэвчлэн танил тал, найз нөхдийгөө ятгаж, авчирдаг.
-“Хятадад өндөр цалинтай ажилд оруулж өгье” гэх зэргээр хуурч мэхлэн авчрах тохиолдол байдаг уу?
-Миний мэдэх охид бол бүгд л энд ямар ажил хийх тухай мэдэж байсан. Хуурч, хулгайлагдаж ирдэг гэх яриаг би дэгс зүйл л гэж бодож байна.
-Энд байгаа охидын нөхцөл байдал хэр хүнд байдаг юм бол оо?
-Мэдээж амар ажил биш л дээ. Орой бүр өөр өөр хүний ааш аягийг олж, аргалах хэцүү шүү дээ. Гэхдээ зуучлагч нар зодож, дарамтлах нь бага. Мэдээж зүгээр ажлаа хийж байхад зодно гэж байхгүй. Бид орой 19.00 цагт ажилдаа гарах, өглөө 09.00 цагт очиж бүртгүүлэх ёстой байдаг. Зарим охин ажилдаа очихгүй алга болох зэргээр л өөрсдөөсөө болж зодуулдаг.
-Эдийн засгийн хямрал нүүрлэснээр Эрээн дэх монгол бүсгүйчүүдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Би энд ирээд удаагүй байгаа л даа. Жил орчим болох гэж байна. Гэхдээ энэ хугацаанд монгол охидын тоо 70-80 хувь нэмэгдсэн байх аа. Өмнө нь нэг гэрт 2-4 монгол охин байдаг байсан. Одоо бол 5-8, заримд нь арван охин ч бий.
-Энд ойролцоогоор хэдэн монгол бүсгүй байгаа вэ?
-Бид нэг байранд байрладаг юм. Түүнийгээ “гэр” гэдэг. Нэг гэрт дунджаар 5-8 охин бий. Манай гудамжинд нийт арав гаруй гэр байдаг. Тэгэхээр 400-500 орчим л монгол эмэгтэй байгаа байх. Хятадуудад хэдэн монгол бүсгүй биеэ үнэлж байгаа талаарх бүх мэдээлэл байдаг гэсэн. Хүний хувийн нууц тул энэ талаарх мэдээллийг гадагш гаргадаггүй гэх юм билээ.
-Хятад эмэгтэй цөөн гэж сонссон.
-Манай гудамжинд 2-3 хятад эмэгтэй, тэр тооны орос бүсгүй, нэг хар арьстай хүүхэн бий. Бусад нь бүгд монголчууд.
-Бага насны охид бий юү?
-Энд бага насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлэхийг таашаадаггүй. Үйлчлүүлэгчид ч сонирхдоггүй. 18-28 насныхан л голдуу байгаа даа.
-Хувиараа баар, буудалд биеэ үнэлдэг эмэгтэйчүүд хэр олон байдаг вэ?
-Хувиараа ажиллах нь эрсдэлтэй л дээ. Манай лообоо нар бидний аюулгүй байдлыг хариуцдаг болохоор зуучлагчтай байх нь амар. Үйлчлүүлэгч зодож, дарамталбал шууд ирж, хамгаалдаг. Гэтэл хувиараа ажиллахад өмгөөлж хамгаалах хэн ч байхгүй. Саяхан гэхэд л өдөр нь наймаа хийгээд, шөнө нь биеэ үнэлдэг нэг бүсгүйг өрөөнийх нь хамтрагч бүсгүй өвөрмонгол нөхөртэйгөө хамт хөнөөсөн байсан. Бүр цогцсыг нь мөчилж шуудайд хийж авч явж байгаад баригдсан гэнэ билээ.
-Зуучлагч нарынх нь дунд монгол хүн бий юү?
-Байхгүй. Хятадууд, ихэвчлэн өвөрмонголчууд л байдаг.
-Монголоос охид олж ирвэл ямар шагналтай байдаг вэ?
-1000 юань байдаг гэж сонссон.
Бүсгүйн яриа монгол охид харьцангуй аюулгүй байдаг гэх сэтгэгдэл төрүүлэх боловч өмнө нь лообоо буюу зуучлагч байсан өвөрмонгол эрийн ярьснаар байдал тэс өөр гэнэ.
Тэрбээр охидын хоол, тамхинд хор (мансууруулах бодис) хольж донтуулах замаар хүний наймааны золиос болгох тохиолдол түгээмэл хэмээн өгүүлсэн. Түүнчлэн монгол биеэ үнэлэгчид охидыг хуурч авчран зарах тохиолдол ч цөөнгүй гардаг байна. Түүний барагцаагаар Эрээнээс гадна Хөх хот, Бээжин, Тяньжин, Гуанжу зэрэг Хятадын гүн дэх хотуудад биеэ үнэлж буй монгол бүсгүйчүүдийг тоолбол 5000 давна гэсэн. Тэрбээр “Хэдэн жилийн өмнө Эрээнд нэг бүсгүйтэй тааралдсан юм. Бүсгүйг Хөх хотод өндөр цалинтай ажилд зуучилж өгье хэмээн танил нь хуурч авчраад худалдчихсан юм билээ. Би ч хүний нутагт зовж яваа эмэгтэйд тусалж, эх оронд нь буцаасан. Харамсалтай нь тэр явдлаас хоёр гурван сарын дараа Тяньжинд найзуудтайгаа явж байгаад улаан дэнлүүт гудамжинд очиход нэг л танил царай харагдсан. Гэтэл өнөө охин явж байсан.
Саяхан бас эндхийн томоохон зочид буудалд нэг хэрэг гарсан талаар бүх хүн л ярьж байна. Монголын нэг томоохон бизнесмэн эр биеэ үнэлэгч авч л дээ. Бүсгүйг буудалд авчрахад тог нь тасарчихсан таарч. Тэгээд л өглөө болоод унтаж байсан бүсгүйг дуудахад төрсөн охин нь байсан гэх юм билээ. Зарим нь хууртагдаад ирдэг байхад зарим нь өөрсдөө хар тамхинд донтож, энд ирэх тохиолдол ч бий” хэмээн тэрбээр ярьсан.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн өгүүлснээр тус хотод монгол эмэгтэй охиноо зарсан тохиолдол ч гарч байсан гэнэ. Эмэгтэй 14 настай охиноо сургуульд сургахаар авчирсан хэмээн хүмүүст танилцуулж байсан боловч, удалгүй зуучлагч нь ирснээр түүнийг ямар ажлаар Эрээнд ирснийг бүгд мэдсэн байна.
О.УНДАРМАА