Би нийтийн тээврийн үнэнч үйлчлүүлэгч. Хотын төвөөс 20 гаруй км газраас автобусаар ажилдаа ирж, буцдаг. Амьдралынхаа багагүй хугацааг автобусаар “аялж” өнгөрүүлдэг болохоор тэнд юу болж буйг гадарлана. Хөл гишгэх зайгүй болтол чихэлдэн, ааштай кондукторуудад хараалгаж байсан нь саяхан. Нийтийн тээвэр ухаалаг үйлчилгээнд шилжсэн ч энэ нь олигтой шинэчлэл болж чадсангүй. Автобуснаас буух карт уншигч эвдэрсэн байхтай цөөнгүй таарав. Үүнээс болоод өөр чиглэлийн автобусанд дамжин суух эрх хязгаарлагдан, 500 төгрөгөөр “шатаж” байгаа нь тэр. “Улаанбаатар смарт карт” компанийн инженерүүд эвдэрсэн тоног төхөөрөмжийг хоёр цагийн дотор шуурхай засах үүрэгтэй ч энэ хугацаандаа ирдэггүйг жолооч нар хэлсэн.
Төлбөрийн карт болон мобайл банкаар автобусны картандаа мөнгө шилжүүлж болохгүй учир карт цэнэглэх газар хайн харайлгана. Амралтын өдрүүдэд бол карт цэнэглэдэг хүмүүс “Мөнгө дууссан” гэх нь олонтаа. Ийм байвал ухаалаг картны ашиг тус гарахгүй.
Нийслэлчүүдийн хөл дүүжлэх унаа нийтийн тээврийн энэ мэт жижиг зүйлийг тоолгүй орхиж болох ч илүү том асуудал байна. Тодруулбал, “Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн өдөр бүрийн орлогын 10 хувийг халаасалдаг аж. Энэ нь нийтийн тээврийн орлого багасахад нөлөөлсөн гэх. Үүгээр ч зогсохгүй “Улаанбаатар смарт карт” компани тендерт оролцоогүй хэрнээ ухаалаг тээврийн “U money” төсөл хэрэгжүүлж буй гэсэн яриа ч бий. Мөн мэргэжлийн байгууллагаар шалгуулж баталгаатай, эсэх нь тогтоогдоогүй тоолуур хэрэглэн, зорчигчдын тоог буруу гаргаж, мөнгө идэж байна гэж хардах хүн цөөнгүй.
Харин нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НМХГ-ын байцаагч болон нийслэлийн Мэдээлэл технологийн газрын ажлын хэсгийнхэн энэ сарын 22-ноос “Улаанбаатар смарт карт” компанийн программ хангамж баталгаатай, зөв тоолж буй эсэхийг шалгаж эхэлсэн байна. Энэ долоо хоногт багтаан дүгнэлтээ гаргах аж.
Ажлын өдөр 135 сая, амралтын өдөр 95 сая төгрөг эргэлддэг энэ салбарт өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн хэрэгжсэн “U money” төсөл өдий болтол хэл ам дагуулсаар байна. Тиймээс нийслэлийн Тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт”, “Атибус” компанийн удирдлагуудын байр суурийг сонслоо.
О.ТҮШИГ: ОРЛОГЫГ НЬ 100 ХУВЬ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс дараах мэдээллийг авлаа.
-Ухаалаг үйлчилгээ нэвтрүүлж эхэлснээр нийтийн тээврийн орлого нэмэгдсэн. Гэвч удалгүй орлого багасан, өртэй болсон гэдэг. Нийтийн тээврийн өнөөгийн байдал ямар байна вэ?
-Смарт карт нэвтрүүлж байхад нийтийн тээврийн салбар оргил ачааллын үедээ байсан. Өөрөөр хэлбэл, орон нутгаас оюутнууд ирэх зэргээр хөл хөдөлгөөн нэмэгдэхээр нийтийн тээврийн орлого өсдөг. Есдүгээр сарын байдлаар нийтийн тээврийн орлого өдөрт ойролцоогоор 250 сая төгрөг хүрч байсан бол аажмаар багасаж, одоо өдөрт 135 сая орчим төгрөгийн орлоготой ажиллаж байна. Цахим төлбөрт шилжсэн ч бид орлогыг нь 100 хувь хянаж чадахгүй байгаа.
Кондукторгүй болсноор иргэд “туулайчлах” мөнгөө дутуу хийх зэрэг зөрчил гаргадаг. Өнгөрсөн есдүгээр сард иргэдийн 40 орчим хувь нь автобусны картаар үйлчлүүлж байсан бол цөөрсөөр 35 орчим хувь болж, бэлэн мөнгөөр зорчдог явдал хэвээрээ байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар смарт карт” компанид долдугаар сарын 1 гэхэд картын хэрэглээг 70 хувьд хүргэх үүрэг өгсөн. Мөн цахим төлбөрийн хэрэгслүүд ашиглах, гар утсаар төлбөр тооцоо хийх, банкны төлбөрийн карт уншдаг болгохыг даалгасан.
-Иргэд картаа авсан ч цэнэглэх газар нь цөөн учраас бэлэн мөнгөөр зорчих тохиолдол байдаг шүү дээ.
-650 мянга орчим карт зарагдсан. Карт цэнэглэх цэг цөөн байгаагаас бэлэн мөнгөөр зорчих тохиолдол гарч буй нь үнэн. Тиймээс олон төрлийн хэрэгслийг ашиглах нь зөв гэж үзэж байгаа.
-“Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн өдөр бүрийн орлогын 10 хувийг авдаг. Энэ нь нийтийн тээврийн орлого багасахад нөлөөлсөн үү?
-Энэ төслийг хэрэгжүүлэхэд “Улаанбаатар смарт карт” компани 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Тиймээс орлогын 10 хувьд тулгуурлан хөрөнгөө олж авах гэрээтэй. Нийтийн тээврийн салбар нийгмийн даатгал, шатахуун түгээх газруудад өртэй. Гэхдээ салбарын хэмжээнд хэчнээн төгрөгийн өртэй байгааг хэлж мэдэхгүй байна. Аж ахуйн нэгжүүд тайлангаа ирүүлсний дараа нэгдсэн дүн гардаг юм.
-Ихэнх автобус кондукторгүй явж байгаа харагддаг. Хэчнээн кондуктор ажилгүй болсон бэ?
-2000 орчим кондуктороос 920-ийг нь шалгагчаар ажиллуулж байна. Ухаалаг үйлчилгээнд шилжсэнээр жолооч орлогод хяналт тавих бус, тээврийн хэрэгслээ зөв соёлтой, аюулгүй жолоодох үүрэгтэй. Жолооч 1.1 сая, шалгагч 700 мянган төгрөгийн цалинтай.
-“Улаанбаатар смарт карт” компани өндөр өртөгтэй тоног төхөөрөмж оруулж ирсэн. Тухайлбал, автобусаар зорчих карт бусад улсад нэг доллар гэхэд манайд 3500 төгрөгийн үнэтэй байгааг иргэд шүүмжилдэг. Үүнд танайх хяналт тавьсан уу?
-Энэ төслийн хүрээнд оруулж ирсэн тоног төхөөрөмжид мэргэжлийн аль ч байгууллага дүгнэлт гаргаагүй. Яг хэдэн төгрөгийн үнэтэй төхөөрөмж байсныг “Улаанбаатар смарт карт” компани хэдээр үнэлсэн, хэд гэж тогтоосныг магадлахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт орж байна. Тэгэхээр системийн хэмжээнд төсөл хэдэн хувьтай хэрэгжиж байна, ямар тоног төхөөрөмж оруулж ирсэн, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг шалгалтаар тогтоох боломж бүрдэнэ. Тоног төхөөрөмжийн ашиглалтыг “Улаанбаатар смарт карт” компани бүрэн хариуцахаар гэрээнд тусгасан.
-Нийслэлчүүдийн нэг чухал хэрэглээ нь нийтийн тээвэр. Гэвч энэ салбар төдийлөн хөгжихгүй байна. Хэрхэн хөгжүүлэх вэ?
-Нийтийн тээвэр бол Улаанбаатар хотын иргэдийн өмнө хүлээсэн үүрэгтэй, нийгмийн захиалгат үйлчилгээ. “Ухаалаг тээврийн систем”, “Цахим төлбөрийн хэрэгслийн систем”, “Бүртгэл мэдээллийн хэрэгслийг сайжруулах систем” гэсэн гурван төслийг бүрэн гүйцэд хэрэгжүүлбэл нийтийн тээврийн салбар соёлтой үйлчилгээнд дөхөж очно. Иргэд автобусны буудал дээр байхдаа ямар чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэхийг мэдэх боломжтой болно.
Мөн автобусны буудалд цахим мэдээллийн самбар байршуулж, төлбөр тооцооны өргөн сонголттой болгох юм. Түүнчлэн тусгай замын автобус буюу замын зорчих хэсгийг зөвхөн нийтийн тээвэрт зориулж, дэд бүтцийг хөгжүүлэн, түүгээр зөвхөн автобус явдаг төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Я.СОД-ЭРДЭНЭ: БАНКНЫ КАРТААРАА ТӨЛБӨР ХИЙЖ, ЗОРЧИХ
БОЛОМЖТОЙ БОЛНО
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Сод-Эрдэнээс зарим зүйл тодрууллаа.
-2015 оны долдугаар сараас нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлсэн. Иргэд смарт картаар үйлчлүүлж сурч буй нь сайн ч сөрөг зүйл гарах болсон. Тухайлбал, нийтийн тээврийн орлого багассан нь ухаалаг үйлчилгээнд шилжсэнтэй холбоотой гэж байна. Энэ үнэн үү?
-Манай компани нь Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн салбарт орчин үеийн дэвшилт техник технологи нэвтрүүлж нийтийн тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг боловсронгуй болгох, зорчигчдыг ая тухтай үйлчлүүлэх нөхцөл боломжоор хангах, чанартай, соёлч боловсон үйлчилгээг нэвтрүүлэх зорилго бүхий төслийг өнгөрсөн оны долдугаар сарын 25-наас хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ингэснээр бэлэн мөнгөтэй харьцдаг байсан кондукторууд цөөрч, хэрүүл тэмцэл гарах нь багасан, ухамсраараа төлбөрөө төлдөг болсон. Гэвч сөрөг нөлөө гарч байгаа нь үнэн. Хэн нэгэн нь “Мөнгө өг” гэж шаардахгүй болохоор иргэд мөнгөө төлөхгүй, картаа уншуулахгүй байх, мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх зэрэг зөрчил бидний тооцоолсноос олон гарах болсон.
Мөн жолооч нар тээврийн хэрэгслийн хайрцагнаас мөнгө хулгайлж байгаа нь орлого буурах нэг шалтгаан болж байна. Бид эдгээр зөрчлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа.
-Ямар арга хэмжээ авч байгаа юм бэ?
-Нийслэлийн Тээврийн газар иргэдийн төлбөр төлөхөд хяналт тавих ажилчдыг ажиллуулж эхлээд байна. Мөн жолооч гар дээрээ бэлэн мөнгө авах, бэлэн мөнгөний хайрцагнаас өөр хайрцаганд мөнгө хийлгэх зэрэг зөрчлийг баримтжуулсан хүнийг урамшуулах аян зарлаад байгаа. Мөн нийслэлийн Тээврийн газар, замын цагдаагийн байгууллагатай хамтран энэ сарын 9-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж, жолооч бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлж байсан зөрчлүүдийг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Шалгалтын үр дүнд энэ сарын 11-нээс эхлэн нийтийн тээврийн өдөр тутмын шугмын орлого 130 гаруй сая төгрөг болж өссөн. Цаашдаа иргэдийн картын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажил хийнэ. Тухайлбал, банктай хамтран карт гаргах, гар утсаараа картаа цэнэглэдэг болгох, байгууллага багц гаргах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Танай компани нийтийн тээврийн өдөр бүрийн орлогын 10 хувийг авдаг. Ингэснээр нийтийн тээврийн орлого өмнөхөөсөө багасах нь ойлгомжтой. Энэ мөнгийг яг юу юунд зарцуулдаг вэ?
-Бид өөрийн нэвтрүүлсэн систем болон тоног төхөөрөмж, программ хангамж, сүлжээ дэд бүтэц, тээврийн хэрэгсэлд суурилуулсан тоног төхөөрөмжөөрөө дамжуулан нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг бодит цагаар харж байнгын хяналт, удирдлага, зохицуулалтаар хангаж, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний орлогын төвлөрүүлэлт, хураалт, хуваарилалтыг гүйцэтгэсний шимтгэлд нийслэлтэй гэрээ байгуулсны дагуу уг мөнгийг авдаг.
-Энэ мөнгийг дөрвөн жил авахаар гэрээнд тусгасан бил үү?
-Үгүй ээ. Энэ систем хэрэгжиж гарааны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл 10 хувь байх ба гарааны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа шимтгэлийн хэмжээг дахин тохиролцоно. Зарим хүн нийтийн тээврийн системийг хөгжүүлсэнгүй, “Мобиком”, “Юнител” компани системээ маш сайн хөгжүүлж байна гэдэг. 500 төгрөгийн нэгж авахад тэр мөнгө нь тухайн байгууллагын орлого болдог. Харин манайх нэг хүний зорчих 500 төгрөгийн 50-ийг нь авдаг.
Өөрөөр хэлбэл, бид 50 төгрөг дээр л менежмент хийж байна. Энэ 50 төгрөгнөөсөө бэлэн мөнгөний төлбөр тооцоо хийсний төлбөрт Худалдаа хөгжлийн банкинд, сүлжээ ашигласны төлбөрт “Жи мобайл”-д, карт цэнэглэж, зарж байгаа борлуулагч нарт, тээврийн хэрэгсэлд суурилуулсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг гүйцэтгэж байгаа байгууллагад гэх мэтээр хуваарилан ажиллаж байна. Цаашид ХААН, “Голомт” банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
-Тухайлбал, банк, “Жи мобайл” компанид хэдэн хувь өгч байгаагаа тодорхой хэлж болох уу?
-Ажлын ачааллаас хамааран өөрчлөгдөж байгаа учраас төдөн хувь гэж хэлэхэд хэцүү. Харин карт цэнэглэж, зарж байгаа борлуулагчид нэг хувь, бэлэн мөнгө хурааж, тоолж байгаа үйл ажиллагаанд хоёр хувь, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ гүйцэтгэж байгаа байгууллагад хоёр хувийг нь өгч байгаа.
-Өдөрт 130 гаруй сая төгрөгийн 10 хувийг авна гэхээр танай компани багагүй ашигтай ажиллаж байгаа байх?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар манайх санхүү алдагдалтай гарсан. Цаашдаа яах вэ гэдгээ ярилцаж байна. Нөхөн олговрын мөнгөнөөс 10 хувь авах ёстой. Гэтэл бид 2015 онд нөхөн олговроос ямар ч мөнгө аваагүй.
-Танай компанийг тендерт оролцоогүй хэрнээ төсөл хэрэгжүүлсэн гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Тендерт оролцсон. “Дата карт” гэдэг консорциумын нэрээр оролцоод шалгарсан. Тэгээд нийслэлтэй хамтран “Улаанбаатар смарт карт” компани байгуулсан.
Г.БАЯРМАГНАЙ: “УЛААНБААТАР СМАРТ КАРТ” КОМПАНИАС
ХҮҮТЭЙ МӨНГӨ ЗЭЭЛСЭН
“Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнайгаас дорх зүйлсийг тодрууллаа.
-Та “Улаанбаатар смарт карт” компанийг тендерт оролцоогүй гэж байсан. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-“Улаанбаатар смарт карт” компани тендерт оролцоогүй. Тендер дууссаны дараа тус компанийг байгуулсан. Компанийн хувьцааны 40 хувийг Монгол, 60 хувийг БНСУ эзэмшдэг. Өнгөрсөн оны наймдугаар сарын 28-нд тус компанийн оруулж ирсэн бүх тоног төхөөрөмжийг ажиллуулахад 50 хувь нь л ажиллаж байсан.
Мэдээлэл хүлээн авах серверийг таниулах ажил одоо л бэлэн болж байна. Ажилласан автобусны цагийг одоо л гаргаж өгч байна шүү дээ. Нийслэлийн Тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн газраар шалгуулж ажиллуулах лиценз зөвшөөрөл аваагүй.
-Ухаалаг үйлчилгээ нэвтэрсний эерэг болон сөрөг талыг та юу гэж харж байна?
-100 зорчигч ухаалаг картаар үйлчлүүлсэн байлаа гэхэд орой автобусны ажлын гүйцэтгэлийг харахаар 60 хүн тээвэрлэсэн гэж гарч ирэх жишээтэй. Энэ тоолуурын машиныг баталгаажуулсан ямар ч программ байдаггүй. Ямар нэгэн баталгаажуулаагүй тоо хэлж байна гэдэг бол уг компани мөнгө угааж буйн нэг жишээ.
“Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдэд шатахуун, үйл ажиллагааны зардалд хэрэглэх хүүтэй мөнгө зээлдэг. Манайх 110 сая төгрөг зээлээд тэрийгээ төлөх гэж хэцүүдэж байна. Гэхдээ нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлснээр бүх ажиллагааг нэг тогоонд оруулсан, иргэдэд соёлтой үйлчлүүлэх боломж олгосноороо давуу талтай ч та бидний мөнгөнөөс луйвардаж байгаа нь гутамшигтай.
Ч.БОЛОРТУЯА