Д.ДОРЖДУЛАМ
Өсөх наснаас өтөл буурал болтлоо нандигнан хадгалсан загийн бор хожуулаа үе үехэн үнэрлэх дуртай, би. Нутаг, аав хоёроо санахаар бор хожуулаасаа өчүүхнийг хэлтэлж аваад унгасган үнэрлэхэд л зээрийн сүрэг жирэлзэж, зэрвэс харахад газар долгиолох шиг болдог, зэл үндэстэй гоёо нь зэсийн өнгөөр хүрэнтээд угтдаг говь сайхан нутагтаа хүрээд ирсэн мэт тайвширдаг аа.
Миний балчир ахуйд манай говьд Монголын хоолой гэж заган ойгоор бүрхмэл байгалийн үзэсгэлэн төгс, өгөөж баян нутаг байлаа.
Одоо харин аавын ооч сахал шиг армаг тармаг заг энд тэнд ёрдойж, элс шуурч нүүсэн, эл хульхан болсон тухай нутгийн ардууд харамсан ярихыг сонсоод сэтгэл өмөрч, нутаг, аав хоёроо үгүйлэн санах юм. Заг нахиалж ногоорсон ид зунаар тэнд идээшлэх сүрэг тэмээ харагддаггүй байсан юм шүү дээ.
Нар, хур цаашлаад заг онгох намар, өвлийн заагаар тэмээ хариулангаа сумын захиргаа, сургуулийн түлш бэлтгэх амаргүй ажилд аав минь олон жил зүтгэсэн юм даг.
Үржиж төлжихөө больж өвгөрч өгөршсөн загийн хожуулыг өөрийнхөө зангидсан бор гар шиг лантуугаар булга татаж суллахад нь ойчин босон байж тэвэрч, хормойлсоор араг, шээзгийгээ дүүргэж, аавдаа тусалж, “том” хүн болж явсан сан. Тэгэхдээ даарлаа, өлслөө гэж гонгиноод тус болохоосоо тушаа болох нь цөөнгүй. Намайг бээрч даарч байхад аавын хүрэл магнайд хөлс дааварлаад гар нь загийн хожуулын цог шиг төөнөж байдаг сан.
Өлслөө, даарлаа гэж уйлагнах намайг аргалах гэж өндөрхөн загийн нөмөр бараадаж суугаад, ээжийн зэхэж өгсөн бор алчуурт боосон ааруул, тос өврөөсөө гаргаж өгнө. Тэгээд хэт цахиураа харшуулан цахиж, өвс унгасан улаан тамхиа нэрж алжаалаа түр тайлдаг аавын минь дүр нүд, сэтгэлд тодоос тод үлджээ.
-Энэ Даваагийн гар яг л загийн хожуул шиг бахим, шөрмөстэйг нь яана гэж нутгийн өвөө Балгийн Чимэддорж банчихай өгүүлж байж билээ. Тэр үед би зургаа, долоо орчим настай нусгай жаал байсан болохоор аавын минь гарыг загийн хожуултай яагаад зүйрлэсний учрыг яахан мэдэх билээ. Гэтэл тэр хэдэн үг далан хэдэн жил ой санамжаас огт холдсонгүй ээ.
Аавын минь ажилч, хичээнгүй, тэвчээр хатуужилтайг тодорхойлсон утга байсныг хожим л ухаарсаан. Заг шиг хатуу, олон жил насалдаг, түлэхэд илчтэй мод хорвоод ховор гэж боддог. Бөх хатуу, илч ээлтэйгээрээ загтай дүйх түлш байхгүйг батлахад амархан. Дүн өвлийн хүйтэнд зангидсан гарын дайтай загийн хоёр хожуул үдэш галд хийгээд хоноход өглөө гэр пүнхийсэн дулаахан, аранзал зэс шиг улаан цог урдаас угтдаг юм. Эзэгтэй нар түүн дээр түлш ч нэмэхгүйгээр, аагтай шаргал цайгаа порхийтэл буцалгаад авах нь даанч сайхан. Заг бас элсний нүүдлийг тогтоон барьж, цөлжихөөс хамгаалдаг байгалиас заяасан сайн “цагдаа” шүү дээ. Дээр үед манай нутгийнхан загийн ойг цэвэрлэх журмаар өгөршсөн хожуулыг нь түүж түлдэг байснаас биш зулзаган заганд гар хүрдэггүй, түүнийг хайрлан хамгаалдаг бичигдээгүй хуулийг ягштал биелүүлдэг байв.
Жилийн дөрвөн улирлын дийлэнхэд нь Алтайн нурууг давж ирсэн алсын хөх салхи хүч түрэн хүүгэж байдаг, хур тунадас нүдний гэм болсон говийн элсэн хөрсний гүнээс амь авч ургадаг заг гэдэг ургамал бусад газар жамаараа ургасан нь ховор бөгөөд тарьж үржүүлсэн улс орон харин байдаг юм билээ. Хангай нутагт хар мод, нарс, хус, хуш, шинэс гээд зүйл зүйлээрээ ургадаг байхад говьд харгана, буйлс, бургас, улиас гээд цөөн төрөл, зүйлийн мод ургана. Говийн модлог ургамлаас хамгийн бөх үндэстэй, тэсвэртэй нь заг, сухай, тоорой хэмээх дэлхийн “Улаан ном”-д багтах цөөн хэдэн мод л байдаг. Түүнийг говийнхонд бурхнаас хайрласан хишиг гэмээр.
Элэнц хуланцын үеэс эцэг, өвгөд маань хайрлан хамгаалж, ургуулж төлжүүлсээр өнөөгийн бидэнд өвлүүлэхдээ “Алтан судар” номондоо хүртэл гэрээслэн бичиглэн үлдээсэн байдаг. Гэтэл одоо хангай, говь хаана ч ялгаагүй хадарч сүйтгээд дуусаж байна. “Жангар” туульд өгүүлэхдээ:
-Монголоо алдсан буруу номтон мод огтолж, булаг ширгээвээс голомтыг нь үнсээр хийсгэдэг, лусын хаан хилэгнэж гол шиг ханиас нь хагацаана…
…Өвгөдийнхөө өргөөтэй нутгаа зүйрлэж,
Үрийнхээ даахитай ойгоо зүйрлэж арвыг ургуулж нэгийг авдаг, алдыг ургуулж сөөмийг авдаг…юутай хатуу сануулга вэ. Гэтэл өнөөдөр энэ алтан гэрээслэлийг умартаж бүхнийг сүйтгэж буй нь алдас биш гэж үү! Байгаль ээж маань биднээс хариугаа авахдаа л нэг авна. Авсаар ч байгаа шүү дээ. Олон жилийн тэртээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн миний аав, тэдний үеийн өтгөс буурлууд маань загийн ойг нь хэрхэн сүйтгэж, элс нүүсэн цөл болгож буйг тэнгэрийн орноос хараад сүнс нь лав амрахгүй л зовж байгаадаа хэмээн сэтгэл эмзэглэх юм даа.
х х х
Нутаг дэвсгэрийн маань тэн хагас нь их бага хэмжээгээр цөлжиж, түүний гуч, дөчөөд хувь нь бүр эрчимтэй цөлжиж байгааг мэргэжилтнүүд, нутгийн ард иргэд дээш нь мэдүүлсээр байдаг. Саарал ордонд тухалсан дээдсүүд маань суудлаа бэхжүүлэх гэж цэц булаалдан уралцсаар байтал газар дорхи баялгийг нь харийнхан цөлмөж, Монголоо алдсан буруу номтнууд мод бутыг нь хядаж, гол усыг нь ширгээснээр цөлжилт гээч нь хуурай өвсөнд ассан түймэр адил түргэн тархаж байна шүү дээ.
Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх олон улсын хурал цуглаан энд тэнд их л болох юм. Манайхан түүнээс яаж хоцрох вэ. Бөмбөрцгийн нэг бөөрнөөс нөгөөг хүртэл нисээд л байдаг. Үр дүн нь л харин харагдаж мэдрэгдэхгүй юм даа. Африкийн их элсэн цөлийг ойжуулж цэцэглүүлээд аз жаргалын “диваажин” болгосон Арабын улсуудаар УИХ-ын гишүүд, сайд, дарга нараас очоогүй хүн цөөн байх аа. Энэ “диваажинг” байгаль биш хүн өөрийн хүчээр бий болгосон гэдгийг эрхэм дээдэс анзаардаггүй бололтой. Санаа сохор бол нүд сохор оо гэж…
Алдарт Каракумын цөлд салхины хамгаалалт болгож, заг болон бусад модыг шивээлж тариад хөвөн, алим жимсний нутаг болгосон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн Узбек, Туркмен зэрэг оронд ч манайхан бас л айлчилж байгаа дуулддаг. Өөрт заяагаагүйг бий болгодог ухаантнууд байхад бас байгаагаа устгадаг тэнэгүүд ч байх л юм даа.