“Хулгай хийхдээ өмссөн бээлийгээ хэргийн газарт орхиж буй нь цагдаа нарыг басамжилсан явдал” хэмээн нэг цагдаа хуучилсан юм. Нээрээ л баригдахгүй байх бүхий л аргыг хэрэглэж, гэмт хэрэг үйлдчихээд “Чаддаг юм бол намайг бариарай” гээд өмсөж явсан бээлийгээ орхих тохиолдол манайд гардаг аж. Гэхдээ яг л “Гэртээ ганцаараа” киноны хоёр хулгайч шиг ямар ч гэмт хэрэгтэн ул мөрөө заавал үлдээдэг учир мөрдөн байцаагч нар хэргийг илрүүлсээр буй. Үүнд их хугацаа шаарддагийг хохирсон болон шалгаж буй хүмүүс одоо ойлгодог болсон.
Тэгвэл дээрхийн адил өмсөж, хэрэглэж буй зүйлээ орхиж явсан хулгайчийг цаг алдалгүй үнэрээр нь илрүүлэх боломж бий. Учир нь хүний үнэр гэж хурууны хээний нэгэн адил давтагдашгүй бөгөөд хэзээ ч өөрчлөгддөггүй зүйл байдаг аж.
Дэлхий дээр анх 1967 оноос одорлоги буюу үнэрийн шинжлэх ухаан үүссэн бөгөөд энэ нь бүх амьд биетэд үнэр оршдог, аливаа үнэр нь бие организмын онцлог, хөлсний булчирхайгаас хамаарч дахин давтагдашгүй байдгийг баталсан. Энэхүү үнэрийг боловсруулаад хадгалах, түүгээр нь хөөн гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болгох боломжийг өдгөө өндөр хөгжилтэй орнууд эрэлхийж буй юм.
Орчин үед шинжлэх ухаан хөгжсөнтэй холбогдуулаад гэмт хэргийг илрүүлэхэд үнэрч нохойг ашиглах нэмэгдэж байгаа. Учир нь пуужин, тэсрэх бөмбөгийг металл хайгчаар илрүүлэх боломжтой байсан бол шингэн, хуванцар хэлбэрт шилжүүлж хийдэг болсноор илрүүлэх боломжгүйд хүрсэн. Тэгвэл Францын цагдаагийн газрынханд зориулан гэмт хэргийн газарт байсан этгээдийн үнэрийг битүүмжлэх судалгаа хийсэн эрдэмтэд хүний үнэрийг хурууны хээ, ДНХ-ийн нэгэн адил ашиглаж болохыг тогтоосон аж. Улмаар нохойны үнэрлэх чадварыг ашиглаж гэмт хэрэгтнийг илрүүлж эхэлсэн байна. Мөн автомашины хулгайчдыг уг аргаар илрүүлэх туршилт хийжээ. Үүний үр дүнд гэмт этгээдийг цаг хүрэхгүй хугацаанд саатуулах болж.
Тэгвэл манайд уг аргыг нэвтрүүлэх боломж, үнэрч ноход бий. Жишээлбэл, “Сонгинохайрхан дүүргийн ... хорооны ... тоотод оршин суух иргэн Х-ийн гэрт хулгай орсон байна” гэх дуудлагын дагуу эрэлч нохойтой, мөрдөгчдийн баг ажиллаж, хэрэгтнийг үнэрээр нь илрүүлжээ.
Хэрэгтний үнэрээр нь илрүүлж байж манай цагдаагийн байгууллагад өнөөдөр үнэрийн нэгдсэн сан, зөөврийн лаборатори шаардлагатай байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Сургалтын төвийн дарга, дэд хурандаа Б.Цогтбаяр “Бид үнэрийн лаборатори гэсэн нэршил хэрэглээд удаж байна. Гэвч стандарт, лабораторийн тоног төхөөрөмжийг шинээр авах шаардлагатай. Оргосон цэргийн араас нохойгоор хөөлгөөд олдог тухай киноноос олон үзсэн. Гэмт хэрэгтний хүсэл зоригоос хамаарахгүйгээр хэргийн газарт үлддэг хамгийн том нотлох баримт нь үнэр.
Манайд үнэрийн лабораторийг цаашид хөгжүүлэх шаардлага тавигдаж байна. Мөн үнэр гэсэн ойлголттой нохой салшгүй холбоотой. Нохойны хамар нь үнэрийг хүнийхээс нэг сая дахин илүү ялгах чадвартай болох нь тогтоогдсон тул нэг ёсондоо үнэр мэдрэгч детектор болгон ашиглаж буй хэрэг. Тиймээс бид үнэрийн лабораторио даруй хөгжүүлж, явуулын жижиг лабораторийг 80-100 орчим сая төгрөгөөр оруулж ирэх боломж бий. Ийм лабораторитай болсноор гэмт хэрэгтнийг богино хугацаанд илрүүлэх боломжтой. Үүнийг дагаад гэмт хэргийн илрүүлэлт ч тодорхой хувиар өснө” гэв.
Гэвч манай улс үнэрийн лаборатори байгуулах ажилд төдийлөн идэвх гаргахгүй байна. ХХАА-н сайд Р.Бурмаа малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болох ажлыг эхлүүлэхээр хөөцөлдөж яваа. “Малын бүртгэлийн нэгдсэн сантай болсноор малчид малаа хулгайд алдахгүй байхаас эхлээд олон давуу тал бий болно. Мөн мал бүрт гэрчилгээ олгож буй тул цаашид гарал үүслийн гэрчилгээ авна гэж хөөцөлдөхгүйгээр тэр гэрчилгээ нь тухайн малчны мал гэдгийг илэрхийлэх үнэт цаас болох, мал бүр өөрийн гэсэн хувийн дугаартай болно гээд бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд ач холбогдол их юм.
Мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлснээр мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл мэндийг тодорхойлон бүртгэх, мэдээлэх, хянах тогтолцоог бий болгож, олон улсын жишигт нийцүүлнэ” гэж тэрбээр онцлоод буй. Эндээс манай төр засаг иргэдээ малнаасаа дор үзэж байна гэж хэлж болохоор. Малын бүртгэлийн сангаас илүүтэй хүний үнэрийн мэдээллийн сантай болох нь иргэд Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх наад захын давуу талтай. Манайд үнэрийн шинжлэх ухаан нь мөр судлал дотроо багтчихдаг. Улсын хэмжээнд буй ганц үнэрийн лаборатори нь нохойн сургууль дээр байдаг боловч нэрнээс цаашгүй болсон гэдгийг албаны хүмүүс хэлж буй.
Уг нь тус лабораторийг хөгжүүлж, гэмт хэрэг илрүүлэхдээ ашигладаг болчихвол ололттой тал бий болно. Тухайлбал, эхний ээлжинд эрүүгийн гэмт хэрэгт байнга холбогддог хүмүүсийн үнэрийг хадгалдаг лабораторийг бий болгосноор сэжигтэн хэмээн хэн нэгнийг баривчлахаасаа өмнө хадгалсан үнэрээр жинхэнэ хэрэгтнийг олох боломжтой гэнэ. Мөн эрэлч ноход ижил аргаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тодорхойлох, давтан болон онц хүнд гэмт хэрэгтний үнэрийг хадгалан, харьцуулалт хийх боломжтой болох аж. Тиймээс үнэрийн лабораторийг бусад орны жишгээр хөгжүүлбэл гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлж болох нь.
Г.ЦЭЦЭГ