Бадамлянхуа усан мандалд
гандашгүй яа хө
Бахтай чи минь ухаан бодлоос
гаршгүй яа хө
Бадрах гэрлээр гоолиг чи минь
наддаа
Баяр цэнгэл бүхнийг шагнах
гайхмаараа хө...
хэмээн нэгэн цагт шүлэглэж асан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраагийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ агуу хүнийг эргэн дурсъя гэвэл бүтээснийг нь үргэлжлүүлж, туурвилыг нь алдаршуулах нь зүй хэмээн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, “Бадраа” сангийн тэргүүн Н.Жанцанноров “Халуун элгэн нутаг” дууны хөшөөний дэргэд хэлсэн юм.
Хүний нас ахархан ч тэр хугацаандаа хийж бүтээсэн нь хойч үеийнхээ сайн сайхан, улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө байсан бол гайхаж, шагших ч багадна. Жамцын Бадраа хэмээх гайхам алдартны, өнгөрсөн түүхээр аялж, үр хүүхэд, хань ижил, хамтран зүтгэгчдийнх нь хэлсэн үгийг нэхэн сонсож, дурсамж, дурдатгалын харгуйгаар аяллаа.
ИХ БАГШИЙН ДАРУУ ШАВЬ
Бямбын Ринчен гуай “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-дээ “Хөвсгөл нутгийн Бадраа гэж нэг сайн хүү бий” гэж онцлон дурдсан нь бий. Их хүмүүний хараанд эрт өртсөн нь энэ буюу. Эдүгээ цагт утга зохиолын хойморт заларч буй эрхэм хүмүүст монгол хэлний хичээл зааж явсан эгэл даруухан Ж.Бадраа гуайн зохиосон дуунууд нь ардын дуу шиг сэтгэлд хоногшиж, эхлүүлсэн ажил нь үргэлж л ийм байх ёстой байсан юм шигээр бидэнд ойлгогддог болжээ.
Ардын урлаг, үндэсний өв соёлоо хамгаалахын төлөө тууштай явсныхаа төлөө “эсэргүү”, “үндэсний үзэлтэн” хэмээн дуудуулж байсан ч өөрийгөө хэлмэгдсэн хүн гэж тэр хэлдэггүй байсан гэдэг. Тэр ч бүү хэл ардын урлагийн тоглолтыг Америкт зохион байгуулж, тэр тухайгаа тайлагнан бичсэн нь хадгалагдсаар байгаа. Харин эдүгээ цагт бол олон улсад өв соёлоо танилцуулан, “Соёлын өдрүүд” зохион байгуулах нь ердийн ойлголт болон хэвшжээ.
Амьд сэрүүн ахуйд нь авсан нэг ярилцлагад, сурвалжлагч “Монгол хүн монголоороо үлдэхийг та юу гэж ойлгодог вэ?” гэж асуухад нь “Үнэндээ өнгөрсөн 70 жилд бид монголоо алдсан. Одоо сэргээнэ гэвэл Төв Азийн нүүдэлч ний уламжлалт соёл, зан заншлаа сэргээх учиртай. Хэлбэр маяг төдий биш амьдралын хэвшлээр сэргээхийг хэлж байна. Монгол хүний таних тэмдэг нь монгол бичиг, уртын дуу, морин хуур юм” хэмээн хариулсан байдаг.
Түүнчлэн тэр ярилцлагад “Ардын хөгжим судлалын гүнд орохын тулд түүх, гүн ухаан, хэл утга зохиолыг холбон судлахгүй бол гавихгүй. Өөрийнхөө тогоонд буцлаад хол явахгүй. Юун түрүүнд гадаадад манайхыг яаж судалсныг олж, уншиж, Хятад, Энэтхэг, Дундад Азитай харьцуулан судалж байж л үр дүнд хүрнэ” гэжээ.
Дуунаас дуурь хүртэл туурвисан түүнийг их эрдэмтэй, яруу үгтэй, ухаалаг нэгэн байсныг нь уншигчид мэдэх ч нэгэн цагт “Учиртай гурван толгой”-н Юндэнд дуулж, хааяахан гэртээ энэтхэг дууг донжтой сайхан аялдаг байсныг нь мэдэхгүй.

Америкийн монгол судлаач О.Латтимор, Английн хөжим судлаач А.Никсон, усгаатны хөгжим судлаач Ж.Бадраа
“БИ СУРГУУЛИЙГ ИХ ТОВЧИЛСОН ХҮН”
Бадраа гуайн аав Жамц 1937 онд хэлмэгдэж, таван хүүхэд нь өнчирч хоцорсон гэдэг. Айлын том хүү болохоор ээждээ дэм болж, амьдралаа авч явах үүрэг түүнд ногдсон болов уу. Аав нь олондоо тустай, өнчирч, ядарсан хүмүүсийг ундалж, хооллодог байсан болохоор нутгийнхан нь хэдэн хүүхдийг “эсэргүүнийх” хэмээн адлалгүй, нууцаар ишигтэй ямаа, тугалтай үнээ өгч дэмнэсэн тухай Ж.Бадраа гуайн гэргий Х.Бадарч эмч ярьсан. Тэдэнд нь энэ түүхийг аавынх нь ах ярьж өгчээ.
Ээждээ тус болохын тулд Ж.Бадраа 13 настайдаа аавынхаа ахын хүүхэдтэй хамт сумын сургуульд түлш бэлтгэдэг байжээ. Тэр үедээ нэгэн багштай танилцаж, шинэ үсэг заалгасан байна. Өмнө нь аав нь түүнд үсэг бичиг болон тоо зааж өгсөн байжээ. Ингээд 15 нас хүрэхэд нь Хөвсгөл аймгийн Мөрөнгийн сургуулийн багш түүнд сургуульд орохыг зөвлөснөөр шалгалт өгч, тавдугаар ангид тэнцсэн байгаа юм.
Тухайн үед долоон жил сурч ерөнхий боловсрол эзэмшдэг байсан учраас хоёр жил сурч, дунд сургуулиа төгсөөд 1946 онд Багшийн сургуульд орсон ажээ. Тэр сургуулийг тоо, физикийн багш мэргэжлээр мөн хоёр жил сурч төгссөн болохоор Ж.Бадраа гуай “Би сургуулийг их товчилсон хүн” гэж ярьдаг байсан гэнэ.
Жамцын Бадраа (1926-1993)
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраа 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын төв Жалханзын хүрээнд төржээ. МУИС болон Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд суралцаж, утга зохиол, хэл бичиг, хинди, санскрит хэлний мэргэжил эзэмшсэн.
“Хөгжмийн нэр томъёо” (1956) болон “Монгол ардын хөгжим” (1998) нэг сэдэвт судалгааны бүтээл туурвиснаас гадна түүний 300 орчим дуу байдаг. “Халуун элгэн нутаг”, “Багш та”, “Жаргаах зүрхэн”, “Гайхмаараа”, “Найрсаг байгаасай” зэрэг олон дуу нь ард түмний дуулах дуртай дуу болон мөнхөрчээ. Тэрбээр Орос хэлнээс “Евгений Онегин”, “Лусын дагина”, Италиас “Тоска”, Энэтхэгийн нэрт зохиолч Р.Таагүүрийн “Өргөлийн дуулал” шүлгийн түүвэр, “Цусан тахилга” жүжгийг хинди хэлнээс орчуулж, “Уртын дуу” хэмээх судалгааны өгүүлэл (1960 он) хэвлүүлж, угсаатны зүйн сэдвээр бичсэн “Цацал” хэмээх баримтат кино нь олон улсын “Солонго” кино наадамд түрүүлж байжээ. Мөн Монгол ардын дуу “Сүнжидмаа”-г найруулан дуу бүжгийн цомнол бичсэн нь өдгөө ч тоглогдсоор байгаа билээ.
Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх”, “Эртний сайхан” чуулга, МУИС-ийн Ардын урлаг судлалын тэнхимийг үүсгэн байгуулснаас гадна Монгол Улсынхаа бүх аймаг, сумаар явж ардын билиг авьяастныг судлан, сурвалжилж радио, телевизийн цуврал нэвтрүүлэг хийсэн юм. “Монгол хөөмэй”, “Ингэн эгшиг”, “Цацал”, “Уртын дуу” зэрэг телевизийн баримтат киноны зохиол бичсэн нь олон улсын наадмаас тэргүүн шагнал хүртэж байжээ.

Дараа нь МУИС төгсөөд 1950 онд Хөвсгөлийн Мөрөнгийн дунд сургуульд томилогдож, тэнд очсон дээд мэргэжлийн анхны багш болж, хоёр жил ажиллаад 25 настайдаа Ардын их хурлын депутат болжээ. Тэр үед гэргийтэйгээ танилцсан түүхтэй. Энэ тухай хүний Гавьяат эмч Х.Бадарч “Би тэр үед арав дугаар ангиа төгсөөд Улаанбаатар руу явж таардаг юм. Тэгээд хоёр жил захидлаар л харилцсан. Бадраа тэнд ажиллах хугацаандаа сургуулийг маш их өөрчилсөн.
Сумаас ирсэн хүүхдүүд гэрээ санаад дотуур байрнаас оргодог байсныг болиулж, тэдэнд зориулан төрөл бүрийн дугуйлан хичээллүүлж, монгол, орос дууны концерт бэлтгээд сумдаар явж тоглуулж байсан гэсэн. Бадрааг багшилж байхад Ю.Цэдэнбал дарга Хөвсгөлд очиж, сурагчдын концерт үзэж, анги танхимын тохижилтыг хараад шинэ үеийн сэхээтнүүд ингэж л ажиллах ёстой гэж ихэд тоосон гэдэг. Бадраа маань их сайхан зурдаг байсан юм. Сонгодог зохиолчдын зургийг өөрөө зурж, сургуулийнхаа хананд өлгөсөн байсан” хэмээн ярьсан юм.
УДМЫН ХЭЛХЭЭ
Таслах аргагүй үргэлжлэх гинжин холбооны үргэлжлэл нь болж Монголын соёл урлагийн салбарт ажиллаж яваа үр ачийнх нь нэг нь Бадрууганы Наранзун. Тэрбээр “Өвөө минь миний өвөө гэдгээс гадна, ардын урлаг судлалын суурийг надад тавьсан миний багш. Өвөө минь намайг Баруун Монгол ардын урлаг, туульс, товшуур хөгжмийг судлуулах гэж Ховдын Булган сум руу гурван сарын хугацаатай томилолтоор явуулж байсан. Өвөөгийнхөө үлдээсэн судалгааны материалуудаас би одоо ч суралцсаар байдаг. Монгол хэлний утгын орчуулгын арга барилыг би өвөөгөөсөө ойлгож авсан.
Үгээр биш утгаар орчуулна гэдэг орчуулгын гол цөм байдаг. Тиймээс манай өвөөг “гүүш” гэж хэлдэг. Гүүш гэж том орчуулагч хүмүүсийг хэлдэг шүү дээ. Өвөө минь дэлхийн томоохон сонгодог зохиолуудыг монгол хэлнээ яруу тодоор буулгасан. Б.Ринчен гуайн сайн шавь нарын нэг байсан төдийгүй, би өвөөгөө Монголын утга зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг гэж боддог” хэмээн ярьсан юм. Б.Наранзун нэгэн үе БСШУЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж, өвөө, аавынхаа замналыг үргэлжлүүлсэн удаатай.
Өдгөө тэрбээр өвөөгийнхөө судалгааны бүтээл, худалдаанд байхгүй болсон номыг дахин хэвлүүлэх зэргээр бүтээж, туурвисныг нь түгээн дэлгэрүүлэх ажил хийж буй юм.
1993 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3
Энэ бол Ж.Бадраа гуайн бурхны дуудлагаар хорвоог орхисон өдөр нь.
“Би Бадраа гуайдаа нэг биш дуу зориулах өртэй хүн дээ. Түүнтэй олон жил нөхөрлөсөн минь миний оюуны амьдралын түшиг тулгуур болж явдаг болохоор тэр. Тэр маань өөрөө 85 насална гэдэг байсан юм. Түүнд нь үнэмшээд ч тэр үү, ер санаандгүй байтал 60 гараад талийсан. Дууны үг шилж сонгож сурахад минь эрдэмт багш ч болж явсан хүн...
...“Дуусашгүй дуу минь” гэж дууг нэрлэсэн нь оножээ. Ж.Бадраагийн дуунууд ч дуусахгүй, түүний тухай дуулахад ч дуусахгүй. Ж.Бадраа гуайгаас хойш би түүнийг улам л үгүйлэх болсон. Социализмын үед би намд зүтгэж байсан ч үндэсний бахархал, үзэл, соёл, өнө ирээдүй, өнгөрсөн баларсны тухайд бодох ухаан суулгасан түүнд залбирахаас өөр яах вэ” гэж Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров 13 жилийн өмнө ярьж байжээ.
Тиймдээ ч амьд сэрүүн ахуйдаа уламжлалт соёлоо тээн яваа хүмүүсийг алдаршуулан бичиж, бусдыг олонтаа магтаж явсан Ж.Бадраа гуай шиг хүмүүсийг өнөө цагт бид эргэн дурсаж, хийж бүтээснийг нь үргэлжүүлэх үүрэгтэй.
Ж.СОЛОНГО