Бодохоор л гомдоод байдаг юм. Таван жилийн өмнө охиноо төрүүлэхээр эмнэлэгт очтол “Ор байхгүй” гээд 30 гаруй цаг хонгилд хэвтүүлсэн. Бүр хүн зөөдөг дамнуурга дээр шүү. Бид ч яах вэ гээд нэг удаа амаа жимийж болох ч хуруун чинээ багачуудаа хэдий хүртэл хонгил, шалан дээр хэвтүүлэх юм бэ. Төрийн сэнтийд суугаа та нар өвдөж хавдав уу, үгүй юү, гадаадын аль сайн гэсэн эмнэлэг рүү талийж өгдөг. Борог амьдралтай хэсэг нь өнөөх л дүүргийнхээ “халтар” эмнэлгийг зорьсоор.
Монголын тэнгэр ааш муутай учраас улирлын чанартай өвчин их. Хүүхдүүд түүнд нь голдуу өртдөг тул намар, өвөл, хаварт эмнэлгүүдийн ачаалал дийлддэггүйг бүгд л мэднэ. 2014 онд зөвхөн томуу, томуу төст өвчнөөр 451.310, 2015 онд 348.097 хүн өвчилсний олонх нь 0-5 насны хүүхдүүд байв. Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн 1198-хан ор байгаа тул ханиад томуу дэгдэх үеэр багачуудыг шалаар зулах нь арга ч үгүй биз.
Үүнээс ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн 409 орыг хасчихвал нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт 789 ор үлдэж буй. Сүүлийн хоёр жил улаан бурхан гаарч, том, жижиггүй өвдчихөөд байна. Өнгөрсөн онд 20.000 орчим хүн улаан бурхантсаны олонх нь хүүхэд байв. Өнөө жил ч гэсэн 0-8 сартай нялхас олноор өвчилж, он гарсаар арав гаруй хүүхэд эндчихлээ. Өвчин ийм элбэг байхад эмнэлгүүдийн ор хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой.
Энэ талаар манай мундаг дарга нар юу гэдэг гээч. “Жирийн үед хүүхдийн ор хангалттай. Хүйтэрч, ханиад томуу дэгдэх үеэр л ачааллаа дийлэхгүй юм. Гэхдээ бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад зохицуулж байгаа” гэнэ. Дотоод нөөц гэдэг нь томчуудын орыг булааж, хүүхдүүдэд түр зээлэхийг хэлж буй хэрэг л дээ. Эрүүл ухаанаар бодох нь ээ, өвчний оргил ачааллын үед л нялхаст ор хэрэгтэй болохоос биш, жирийн үед хүрэлцэх, эсэх нь хэнд хамаатай юм бэ. Зарим нь “Удахгүй дулаарчихна аа. Тэгэхээр ханиад, томуу дарагдаад өвчний тархалт ч аяндаа буурна” гэж “гайхуулна”. Тэдний ярьж буйгаар бол багачууд шалан дээр, хонгилд хэвтэх хамаагүй юм байна.
Энэ жил хотын эмнэлгүүдэд хүүхдийн нэг ч ор нэмэх тухай яриа гараагүйг нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Г.Баатарсүх хэлэв. Тэрбээр “ЭХЭМҮТ улсын хэмжээнд эх, хүүхдийн нарийн мэргэжлийн лавлагаа төвийн үүрэгтэйгээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
Тиймээс статусын хувьд хүүхдийн эмнэлгийн тоонд ордоггүй. Харин Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг хүүхдэд дангаараа тусламж, үйлчилгээ үзүүлж буй. Тэдний 165 ор бүгд хүүхдийнх. Хамгийн сүүлд Баянгол дүүрэгт 100 ортой хүүхдийн эмнэлэг (өмнө нь 40 байсныг 100-гаар нэмэгдүүлж, 140 ортой болгосон) ашиглалтад оруулсан. Бидний тооцоолсноор хүүхдийн орны тоог одоогийнхоос 500-гаар нэмэгдүүлбэл ямар ч ачааллыг даана” гэсэн юм.
Сонгууль ч дөхөж байна. Эрх баригчдыг хаана, хэзээ, хэдэн ортой эмнэлэг барьж өгнө гэж амлах бол гэхээс л айх юм. Ч.Сайханбилэг сайд засгийн эрхэнд гарангуутаа “Дүүрэг бүрт 100 ортой эмнэлэг барина. ССАЖЯ (хуучнаар)-ны барилгыг дуудлагаар худалдаж, олсон мөнгөөрөө хүүхдийн эмнэлгийн хүрэлцээг сайжруулна” гэж мөн ч уран “донгодсон” доо. Одоо царайг нь харчих. Улс төрийнхөн ард түмний эмзэг сэдвээр хэрхэн нааддаг бэлээхэн жишээ энэ.
Өнөөх Соёлын яамны барилгаа 2015 оны гуравдугаар сарын 19-нд 6.715.850.000 төгрөгөөр худалдангуутаа мөнгийг нь хэнд ч мэдэгдэлгүйгээр улсын орлого болгосноо юу гэж тайлбарлах гэж байна даа, Ч.Сайханбилэг сайд аа. Ингэж увиагүйтэх байсан юм бол анхнаасаа эх, хүүхдүүдээр даажигнах хэрэг байсан юм уу. 6.7 тэрбум төгрөгөөр хаана, хэзээ, ямар эмнэлэг барих бол гэж нүдээ ширгэтэл хүлээсэн хөөрхий аав ээжүүдийг бодож болсонгүй юү. Яармагийн дэнж дэх 300 ортой төрөх эмнэлгийг ч энэ жил дахиад л “царцаачихлаа”, арай ч дээ.
Шууд утгаараа биш ч хүүхдийн эмнэлэг хүрэлцээгүйгээс жилд хэчнээн хүүхэд эндэж байгааг манай дарга нар мэддэг ч болоосой. Дөнгөж төрсөн хүүхдийг нярай байхад нь эрүүл мэнд, нийгмийн зохих үйлчилгээнд хамруулснаар амьдрах боломжийг нь нэмэгдүүлж, хэвийн өсөж хөгжих үндэс суурийг нь тавьдаг. Гэтэл хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдож буйгаас жилд дунджаар 0-1 насны 1300 орчим, 1-5 насны 1500 гаруй хүүхэд бурхны орон руу одож байна.
Нялхас болон тав хүртэлх насны хүүхдийн дунд хот, хөдөө ялгаагүй амьсгалын замын өвчин их байдаг. Тодруулбал, уушгины хатгалгаа 26, амьсгалын цочмог үрэвсэл 15.4, ханиад, томуу 14 хувийг тус тус эзэлж буй аж. Ханиад, томуу үүсгэгч вирусүүд хүйтнээр “хооллодог” тул монголчууд биднээс хэзээ ч салахгүй нь ойлгомжтой. Жилийн жилд урь орохыг залбирч хүлээдэг ард олныхоо хэдэн хүүхдийг тэнгэрт “илгээж” байж эмнэлэг барьж өгөх юм бэ.
О.БАТ-УНДРАХ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Т.БАЯРСАЙХАН: 21 аймагт хүүхдийн тасаг байгуулна
Энэ онд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээг хэрхэн сайжруулах талаар ЭМСЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайханаас лавлалаа.
-Нийслэлд энэ жил хүүхдийн эмнэлэг барихгүй, орны тоог нэмэх тухай яриа ч алга. Орон нутгийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн хүрэлцээг сайжруулж, өргөтгөхөд багагүй мөнгө төсөвлөсөн байх аа?
-Энэ жил 21 аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн тасаг шинээр байгуулах, өргөтгөж шинэчлэхэд 2.1 тэрбум төгрөг зарцуулна. Өвөл ханиад томууны оргил ачааллын үеэр хөдөөнөөс хүнд өвчтэй хүүхдүүд хотод ирж, багтаж шингэхгүй хэцүү байдаг. Тиймээс орон нутгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлж, хөдөөд хүч хаях нь зүйтэй гэж үзсэн.
Зөвхөн хүүхдийн тусламж, үйлчилгээ гэлтгүй орон нутгаас хот руу чиглэх урсгалыг сааруулж, II, III шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгахыг зорьж байна. Орон нутагт зөвхөн ханиад томуу ч биш, бусад өвчнийг эмчлэх орчин нөхцөлөөр хангах нь зүйтэй.
-Хүүхдийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулахад 2.1 тэрбум төгрөг арай бага биш үү?
-Хүн ам, өвчний тархалтаас нь хамаараад 21 аймагт төсөв хуваарилдаг. Мөн ЭХЭМҮТ, ХӨСҮТ рүү нэлээд анхаарал хандуулах бодолтой байгаа. Баянгол дүүргийн VII төвийн хуучин барилгыг хүүхдийн эмнэлэг болгочихсон. Өдгөө 140 ортой, III шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж буй. Өөрөөр хэлбэл, ЭХЭМҮТ-ийн ачааллыг давхар үүрнэ гэж харж байна. Оргил ачааллын үеэр орны тоог 50-60-аар нэмэгдүүлэх боломжтой.
-Уг нь Яармагийн төрөх эмнэлгийг ашиглалтад оруулчихвал алслагдсан хороодын эх, хүүхэд цаг алдалгүй тусламж авч, ЭХЭМҮТ-ийн ачааг үүрэлцэнэ гэж төлөвлөж байсан. Тэгсэн хэрнээ жилийн жилд л төсөв мөнгийг нь хуваарилахгүй “ад” үзчих юм. Инженерийн шугам сүлжээ татах үнэхээр боломжгүй юм уу?
-Яармагийн эмнэлэг энэ онд хөрөнгө оруулалтаас шалтгаалахгүйгээр царцчихлаа. Цэвэр, бохир усны байгууламж нь ашиглалтад орохгүй хугацаа алдаж байна. 2016 оны 8-9 дүгээр сард барьж дуусгах юм гэсэн. Анхнаасаа ямар ч төлөвлөлтгүйгээр суурийг нь цутгачихсан юм билээ. Төсвийн хөрөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж буйн тод жишээ энэ.
О.ОРГИЛ
ТООН МЭДЭЭ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

ЭХЭМҮТ ХҮҮХДЭЭР ХАХАЖ БАЙНА
“Эмнэлэгт эрт очсон хүн хождог” гэж хэн нэгэн санаандгүй хэлчихээгүй бололтой. ЭХЭМҮТ-д 08.00 цагт очиход олны хөлд дарагдсан байв. Гадаах талбайд нь машин зай завсаргүй чихчихэж. Эмнэлгийн үүдээр ороход хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн эцэг, эхчүүдийн уртаас урт дараалал үүсчихсэн байлаа. “Хүүхдийн эмнэлэг, эмч хүрэлцэж байна уу”, “Хүссэн үедээ тусламж, үйлчилгээ авч чаддаг уу” гэж эцэг, эхчүүдээс асуухад “Дүүргүүдийн эмнэлэгт Хүүхдийн тасагхангалттай биш. Ор хүрэлцдэггүй учраас хүүхдүүдээ хэвтүүлж чадалгүй, олон хоног хүлээх зуур өвчин нь хүндэрдэг” гэх зэргээр уралдан ярилаа.
ЭХЭМҮТ-д хүүхдээ үзүүлэх гэсэн иргэд ч ийм зовлон тулгарч буй аж. Дүүгийнхээ хүүг эмнэлэгт хэвтүүлэхээр ирсэн нэгэн эмэгтэй энэ талаар нэлээд бухимдангуй ярьсан юм. Тэрбээр нэрээ нууцлахыг хүсээд “Дүүгийн маань ганц хүү байгаа юм. Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хүндэрчихсэн. Эмнэлгээр 14 хоног явсны эцэст өнөөдөр л хэвтэх гэж байна. Танил талтай тулдаа л нааштай шийдлээ. Журам дүрмээр нь явбал хэвтэж эмчлүүлэх байтугай үзүүлж ч чадахгүй юм байна” гэв.
Баянгол дүүргийн III хорооны иргэн Т.Бадралмаа “Охин маань нэг ой зургаан сартай. Ханиад нь хүндэрчихсэн бололтой, хоолой нь өвдчихлаа. Эмчид үзүүлж, зөвлөгөө авах гэсэн юм. Ер нь хүүхдийн эмнэлгүүд хаа сайгүй л ийм дараалалтай байх юм. Тиймээс хүнд дугаар захичихаад сууж байна” гэв.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг нь төрөлжсөн мэргэжлийн 18 тасаг, оношилгооны 11 кабинетаар 16 чиглэлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Хүүхдийн зөвлөх поликлиниктэй. Уг поликлиникийн сувилахуйн арга зүйч Г.Эрдэнэцэцэгийн хэлж буйгаар өдөрт хамгийн цөөндөө 500-600, долоо хоногт 3500-гаас доошгүй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Мэдрэлийн эмгэг судлалын кабинет сүүлийн үед хамгийн ачаалалтай ажиллаж буй гэнэ. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч зөвшөөрсөнгүй. 10.30 цаг болж байхад хүмүүс цувсаар. Уртаас урт дараалал дундрах янзгүй.
Ж.СУВДМАА
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ, ачаалал хэр байна вэ?
Н.ЗОЛБОО (Баянзүрх дүүргийн XYIII хорооны иргэн)
-Маш их ачаалалтай, хүрэлцээ муу. Эмч нар “Хүүхдээ эмнэлэгт хэвтүүл” гэдэг ч ор олддоггүй. Бас эмнэлгийнхэн их хүнд сурталтай. Би хоёр сарын өмнө хүүхдээ авч эмнэлэгт хэвтсэн. Үнэхээр хүрэлцээ муутай байсан. Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны тоог нэмэгдүүлэх, хүүхдийн эмнэлэг нэмж барих хэрэгтэй.
Эмнэлгүүдийн тоног төхөөрөмж ч хангалтгүй. Утлагын аппаратгүй эмнэлгүүд ч байдаг. Улсын эмнэлгүүд тоног төхөөрөмж муутай, ачаалал ихтэйгээс болоод хувийн эмнэлгээр үйлчлүүлэх болдог. Гэтэл тэр нь их үнэтэй.
С.АРИУНБИЛЭГ (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн)
-Манай дүүргийн эмнэлэг хүрэлцээгүй, эмчилгээ ч тааруухан. Ач, зээгээ үзүүлэхээр очоод ачааллыг нь гайхаад л буцсан. Хүүхдийн эмнэлэг барьж, эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн хүрэлцээг сайжруулах хэрэгтэй. Төр, засгаас иргэдийнхээ, тэр тусмаа хүүхдийн эрүүл мэндэд илүү анхаараасай гэж хүсдэг. Яах аргагүй тулгамдаж буй асуудал шүү дээ.
С.ЭРДЭНЭЧИМЭГ (Баянгол дүүргийн II хорооны иргэн)
-Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ тун муу. Хүүхдийн эмч ч цөөрсөн юм шиг санагддаг. Эмнэлгийн хоол, эм тарианы хувьд үнэхээр “тэг” юм шиг санагдсан. Гарын таван хуруунд хүрэхгүй тариа, эмнээс өөр эмчилгээ бичиж өгөхгүй.
Н.АРИУНТӨР (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн)
-Маш хэцүү, хүүхдийн ор хангалтгүй. Аргагүйн эрхэнд хүүхдээ коридорт хэвтүүлээд эмчилгээ хийлгэж байгаа хүн зөндөө байна. Эмч нарын ур чадвар сайн байлаа ч ч эмнэлгийн хүрэлцээ муу байгаа нь эмчилгээний чанарт муугаар нөлөөлдөг. Хүүхдийн орноос гадна зориулалтын аппарат, тоног төхөөрөмж ч хангалтгүй санагддаг. Одоо гэхэд л улаан бурхан ихсэж, ХӨСҮТ-д нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэж байна гээд л ярьж байна шүү дээ. Хүүхдийн эмнэлэг нэмж барих хэрэгтэй.
ДЭЛХИЙН ЖИШИГ
АНУ хүүхдийн эмнэлгийн тоогоор дэлхийд тэргүүлдэг
Дэлхийн улс орнуудын хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлгийн тоо XX зууны сүүл үеэс улам нэмэгдэж байгаа судалгаа бий. Хүүхдийн эмнэлгийн тоо, чанараар сүүлийн жилүүдэд АНУ дэлхийд тэргүүлж буй аж. Тус улс дахь хүүхдийн эмнэлгүүд зөвхөн эмчилгээ хийгээд зогсохгүй эмчлүүлэгч хүүхдүүд болон тэдний эцэг эхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байна. Удаан хугацаагаар хэвтэн эмчүүлэх хүүхдүүдэд зориулсан тоглоомын өрөө, тэр бүү хэл сургалтууд ч зохион байгуулдаг эмнэлгүүд байдаг аж.
А.ХАЛИУН