Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Монгол Улсын Эрчим хүчний яамны хамтран бэлтгэсэн тайланд манай улс сэргээгдэх эх үүсвэрээ ашиглан аюулгүй байдлаа хангах, агаарын бохирдлоо бууруулах, бүс нутагтаа эрчим хүч экспортлох өргөн боломжтойг тэмдэглэжээ. Манай улс нар, салхины эрчим хүчний нөөцөө ашиглан, жилд 15.000 тераватт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэнэ. Энэ нь урд хөршийн 2030 оны хэрэглээг хангана гэсэн үг аж.
Нөгөөтэйгүүр, ганц Өмнөговь аймаг гэхэд л 300.000 мВт салхины эрчим хүчний нөөцтэй гэнэ. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн захирал Аднан З.Амин “Сэргээгдэх эрчим хүчний технологийн өртөг буурч, эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа тул Монгол Улсад ихээхэн боломж бий” гэж дээрх тайланд тэмдэглэжээ.
Зарим судалгаанд дурдсанаар Монгол Улс дураар “зугаалах” салхинаас жилд 946 тераватт (нэг тераватт нь 10 их наяд ватт) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа бий. Гэхдээ манай улс өдгөө ганц эх үүсвэртэй байгаа. 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг 2013 онд “Ньюком”-ын охин компани “Клин Энержи” Төв аймгийн Сэргэлэн суманд барьж, ашиглалтад оруулсан билээ. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд ус, нүүрс хэрэглэдэггүй онцлогтой. Хэдийгээр олон улсын мэргэжилтнүүд Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний диваажин гэж тодорхойлдог ч бид энэ давуу талаа ашиглаж төдийлөн чадахгүй байгаа.
Одоогоор Эрчим хүчний зохицуулах хорооноос салхин цахилгаан станц барихаар тусгай зөвшөөрөл авсан таван компани бий. Тэдгээрээс хоёр нь төслийнхөө барилгын ажлыг эхлүүлэх нь бараг тодорхой болжээ. Хэрэв энэ мэтээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлбэл нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хэмжээг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх Монгол Улсын зорилт “мөрөөдөл” биш гэдгийг батлах учиртай.
Харин өдгөө дээрх тоо ердөө долоо орчим хувь байгаа юм. Салхин цахилгаан станц барихаар төлөвлөж буй дээрх компаниудаас төслийнх нь явцыг тодруулахад гадаадын хөрөнгө оруулагчид ихээхэн болгоомжилж буйг дуулгав. Манай улс өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний салбарт хууль, эрх зүйн томоохон шинэчлэл хийсэн. 2015 оны зургадугаар сард Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг баталж, сэргээгдэх эрчим хүчийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий зорилт баталсныг энд дурдаж болно. Дээрх бодлоготой холбоотойгоор Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.
Улмаар сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф баталсан. Үүнээс гадна энэ оны нэгдүгээр сарын 1-нээс сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд, дагалдах болон сэлбэг хэрэгслүүдийг импортын татвараас бүрэн чөлөөлөх болсон билээ. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах, зах зээлийн багтаамжаа тэлэх, гарцаа нэмэгдүүлэх ач холбогдолтойг Монголын салхины эрчим хүчний ассоциацын мэргэжилтнүүд онцолж байна.
Энэ мэт хууль, эрх зүйн өөрчлөлтийг гадаадын хөрөнгө оруулагчид эергээр хүлээж авсан ч, нэг л өдөр дахин шинэ хууль батлаад, төслийг нь зогсоочих вий гэсэн айдастай буйгаа нуугаагүйг санахад илүүдэхгүй биз ээ. Өдгөө “Айдинер глобал” компани Чойр хотын зүүн хойно 50.4, “АБ Солар винд” 100, “Клинтек” компани 250, “Клин Энержи Ази” 50, “Сайншандын салхин парк” 52 гээд нийт 500 гаруй мВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар төлөвлөж буй. Зарим төслийн явц ямар түвшинд байгааг сонирхлоо.
ЦОГТЦЭЦИЙН СТАНЦЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР
ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Монголын сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болох “Салхит”-ыг ашиглалтад оруулсан туршлагатай “Ньюком” групп говийн бүсийн салхины нөөцийн нарийвчилсан судалгаа хийж буй. Тус групп болон Японы “Softbank Ener¬gy”-гийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Клин Энержи Ази” компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Энэ талаар “Клин Энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг “Уг станцыг 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.
Барилгын ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ хэзээ эхлүүлэхийг хараахан товлоогүй байна. Энэ станц жилд 180 сая орчим кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ” гэв. Өмнө нь тэд дээрх станцаас жилд 174 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ гэж байсан нь судалгааны дүнд нэмэгдсэн бололтой. Тус төсөлд 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай агаад Европын сэргээн босголт, хөгжлийн банк, ЖАЙКА-гаас зээл авахаар төлөвлөж буй юм байна. Одоогоор салхин станцын турбин захиалахаар, үйлдвэрлэгч компанийг нь сонгож буй аж.
Ер нь энэ мэтээр төслийн ажил тодорхой хэмжээгээр урагшилж байгаа гэсэн. УИХ-ын сонгууль төсөлд нь нөлөөлөх вий гэж болгоомжилж буйгаа хөрөнгө оруулагчид илэрхийлжээ. Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу тэнд үйлдвэрлэсэн нэг кВт/цаг эрчим хүчийг 9.4 центийн үнээр нийлүүлэх юм. Дашрамд дурдахад, “Клин Энержи Ази” компани цаашид Өмнөговь аймгийн Хүрмэн, Булган суманд салхин цахилгаан станц барихаар төлөвлөж буй.
“Салхит” цахилгаан станцын эрчим хүчийг хязгаарлаж ирсэн байдаг. Тодруулбал, тэнд өдөр үйлдвэрлэсэн эрчим хүчийг худалдан авдаг ч, хэрэглээ багассан үед хязгаарлалт хийдэг. “Ньюком” группийнхэн “Бидний нийлүүлсэн эрчим хүчийг худалдан аваад, төлбөрийг нь төлнө хэмээн гэрээнд заасан” гэж ярьж байгаа. Харин Эрчим хүчний яамны зүгээс “Диспетчерийн үндэсний төвөөр зохицуулж, улмаар нийлүүлсэн эрчим хүчийг худалдан авахаар заасан” гэж байгаагаас болж үл ойлголцол үүсээд байсан. Өөрөөр хэлбэл, нэг нь манайд үйлдвэрлэсэн бүх эрчим хүчийг худалдан авна гэж ойлгосон бол, нөгөөх нь зохицуулах байгууллагаар дамжин ирж (хязгаарлаж), нийлүүлсэн эрчим хүчийг нь худалдан авна гэж ойлгосон хэрэг.
Энэ талаар Д.Ганхуягаас тодруулахад, “Салхит” станцын гэрээг шинэчилсэн. Бидний хувьд арай нааштай болсон” хэмээв. Сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлсэн эрчим хүчийг хязгаарлахыг шийдвэрлэн, нэгдсэн сүлжээний дүрэм, цахилгаан худалдах, худалдан авах гэрээний биелэлт, нэгдсэн сүлжээн дэх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэх технологийн шийдэл хэрэгтэй аж.
102 МВТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ 8-12 САРЫН ХУГАЦААНД
БАРИХ БОЛОМЖТОЙ
Өмнөговь аймгийн Ханбогдод, Гашуунсухайтын боомтоос 37 км зайд “Клинтек” компани 250 мВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар ажиллаж буй. Тус компанийн мэргэжилтний хэлснээр, барилга угсралтын ажлаа ойрын хугацаанд эхлүүлэх зорилттой байгаа ч энэ нь хөрөнгө оруулалтаас шалтгаалах гэнэ. Хэдийгээр хөрөнгө оруулагчид нааштай байгаа ч барилгын ажлыг хэзээ эхлүүлэхийг хэлэхэд эрт гэдгийг тэрбээр учирласан. Тэдний зүгээс өмнө нь дуулгаж байсны дагуу, эхний ээлжинд 120 мВт эх үүсвэрийг ашиглалтад оруулах нь хэвээр аж. Ийм хэмжээний эх үүсвэрийг барихад найм, хамгийн ихдээ 12 сарын хугацаа шаардлагатай гэнэ.
Үүнээс 3-4 жилийн дараа станцын хүчин чадлыг 250 мВт-д хүргэх боломжтой хэмээн тооцжээ. Тус компанийнхан АНУ-ын “General Electric”, Шведийн “Happy Wind Holding” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс мөн л болгоомжтой хандаж буйгаа дуулгасан бөгөөд манай улсын Засгийн газар ойр, ойрхон солигддог тул ийнхүү хаширлаж буй аж. Тус төслийг хэрэгжүүлэхэд 200 гаруй сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий.
“Клинтек”-ийнхэн салхин турбинаа үйлдвэрлэгч компаниас авахаар төлөвлөж, урьдчилан тохиролцоод байгаа гэсэн. Хэрэв гэрээ байгуулчихвал тэр өдрөөс захиалгын төлбөр өгөх ёстой учраас ийн тохиролцоод буй аж. “Клинтек” компани цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 26 жилийн хугацаатай байгуулсан агаад нэг кВт/цаг эрчим хүчийг 9.5 центээр (180 гаруй төгрөг) борлуулах юм байна.
САЙНШАНДЫН СТАНЦЫГ БАРИХАД
117.5 САЯ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ
Дорноговь аймгийн Сайншандаас таван км зайд, Улаантолгойд 52 мВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барих болсон. Германы “Ферростаал индустриал прожектс” компани “Сайншандын салхин парк” төслийн гол хувьцаа эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч юм. Хөрөнгө оруулагч банкууд шийдвэрээ гаргажээ. Гэхдээ төлбөрийн механизм дээрээ хэрхэн зохицуулалт хийх зэрэг цөөн хэдэн зүйлийг тодруулах болзол тавьсныг “Сайншанд салхин парк” компанийн гүйцэтгэх захирал Р.Давааням дуулгалаа. Тухайлбал, хөрөнгө оруулагчид эрсдэлүүдийг тооцсон зарим заалтыг гэрээнд нэмж оруулахаар хэлэлцэж байгаа гэнэ.
Ялангуяа тэд улс төрийн эрсдэлийг өндөрт авч үзэж байгаа аж. Хэрэв манай улс холбогдох асуудлыг шийдвэрлэчихвэл ирэх дөрөвдүгээр сарын эцэст санхүүжилтээ шийдэхээр төлөвлөж буй. Бас зургадугаар сарын 1-нээс өмнө барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Хөрөнгө оруулагчдыг Европын хөрөнгө оруулалтын банк толгойлж буй агаад нийт 4-5 банктай тохиролцож байгаа гэсэн. Санхүүгийн хаалт хийх үед тэдний хэд нь хөрөнгө оруулах нь эцсийн байдлаар тодорхой болох юм байна. Ер нь гэрээнийхээ нөхцөлийг тохироод, хөрөнгө оруулалтын бүтцээ тодорхой болгосон гэдгээ Р.Давааням өгүүлэв.
Дээрх станцыг 18 сарын хугацаанд барихаар төлөвлөж буй. Хэрэв ирэх зургадугаар сард эхлүүлж чадвал 2017 оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад оруулж чадна гэсэн үг. Төсөл хэрэгжүүлэгчид цахилгаан худалдах, худалдан авах гэрээг 2014 онд байгуулсан бөгөөд нэг кВт/цаг эрчим хүчийг 9.5 центээр нийлүүлэхээр тусгажээ.
Өмнө нь тус төсөлд 110 гаруй сая “ногоон”-ы хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзэж байсан нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж магадгүйг дуулгаж байв. Тэгвэл эцсийн байдлаар төсөлд 117.5 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Үүний 70 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдаас авах агаад үлдэх хувийг төсөл хэрэгжүүлэгчид санхүүжүүлэх юм. Тодруулбал, хэдий хэмжээний хувьцаа эзэмшиж байна, түүндээ таарсан хөрөнгө оруулна гэсэн үг. Р.Давааням “Хөрөнгө оруулагч нар итгээд мөнгөө өгч байгаа. Тэдэнд 100 хувийн эрсдэл бий.
Манай улс хөрөнгө оруулагчдыг ойлгож, тэдний оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй. Түүнээс тэд дураараа, бүх зүйл дээр давуу байна гэсэн хэрэг биш. Зарим хүн хөрөнгө оруулагчдыг их зүйл шаардаж байна гэж үздэг байж магадгүй” гэв. Уг салхин цахилгаан станц жилд 190 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна гэдгийг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл төсөл хэрэгжүүлэгчид технологийн судалгаа хийж буй бөгөөд жилд 201 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх урьдчилсан тооцоо гарсан байна.
Уг станц Улаанбаатараас 460 орчим км-т байрлах тул энэ зайд олон хэрэглэгч байх нь тодорхой. Р.Давааням “Мэргэжлийн байгууллагынхан горимын тооцоолол хийдэг. Тэдний тооцоогоор станц ашиглалтад орсноор хэд хэдэн сайн үзүүлэлт гарахаар байгаа” хэмээлээ. Нэгдүгээрт, Сайншанд, Замын-Үүд чиглэлийн хэрэглэгчдэд хүргэх эрчим хүчний чанар сайжрах гэнэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний чанарыг бараг 100 хувьд хүргэх боломжтой аж. Одоо бол Улаанбаатараас “явсаар” байгаад эрчим хүчний хүчдэл нь уначихдаг юм байна л даа.
Улмаар эх үүсвэр барьснаар шинэ хэрэглэгчидтэй болох боломж нээгдэх нь. Мөн эрчим хүчний алдагдлыг бууруулах юм байна. Тодруулбал, эрчим хүчний системд Сайншандын чиглэлд 3-5 хувийн алдагдал байгааг 1-2 хувиар бууруулах аж. Цахилгаан үйлдвэрлэхдээ нүүрс ухахгүй учраас техник хэрэглэхгүй, бас зөөхгүй тул шатахуун хэмнэх гээд импортыг бууруулах нөлөө бас бий.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг өнгөрсөн онд баталсныг дээр дурдсан. Улмаар хэрэглэгчид нэг кВт/цаг эрчим хүчний төлбөр дээрээ дөрвөн төгрөг нэмж өгч байгаа. Нийслэлийн дийлэнх өрхийн хэрэглээ сард 150 кВт/цагаас хэтэрдэггүй тул дээрх нэмэлт төлбөр тийм ч их дарамт болохгүйг мэргэжилтнүүд хэлж байна. Гадаадын улс орнууд хөгжлийнх нь зам ногоон байна гэдгийг тодорхойлж, сэргээгдэх эрчим хүч ашиглахад ихээхэн анхаарах болсон энэ үед бид ч хоцрохгүй байх сан.
Өнгөрсөн онд салхины эрчим хүч үйлдвэрлэлээр АНУ нэгдүгээрт жагсдагаа бататгажээ. Тус улс энэ хугацаанд 190.9, урд хөрш 185.1, ХБНГУ 84.6, Испани 47.9 сая мВт/цаг эрчим хүчийг салхинаас гарган авч бусдыгаа тэргүүлснийг АНУ-ын Салхины эрчим хүчний ассоциац мэдэгджээ. Норвегийн төрийн өмчит нэгэн компани Шотландад эргээс 15 милийн зайд далай дээр салхин цахилгаан станц байгуулахаар “Hywind” төсөл болосвруулаад буй. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчнээс хэрэглээгээ хангах хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж буй нь эндээс харагдана.
Дэлхий даяар сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гарган авах технологийн өртөг жил ирэх бүр багасаж буй таатай мэдээ ч бий. Харин өдгөө Монгол Улс эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг нүүрснээс гарган авч байгаа юм. Гэтэл манайд шавхагддаг бус салхины нөөц хангалттай бий, уг нь.
Ц.БОЛОРМАА