Гүюг хаан Ромын пап ламд илгээсэн захидал. 1246 он. Баруун доод буланд нь тамгаа даржээ
Тамга судлал буюу сфрагистика нь эртний Грекийн дардас гэдэг үгнээс үүсэлтэй. 1709 онд Михаил Гейнекций тамга судлалын үндсийг тавьжээ. Аливаа улс үндэстний төрийн тэргүүн бэлгэдэл нь тамга байдаг. Тамга нь улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан хууль, дүрмийн хүчин төгөлдөр бичиг баримтыг баталгаажуулдаг юм.
Тамга эртнээс үүсэлтэй. Эрт үед овгийнхон нэг нэгнээ ялгахын тулд им, тэмдэг хэрэглэдэг байжээ. Тэмдгээ овгийн хүн бүрт эсвэл нийтээр хэрэглэдэг багаж, зэвсэг, сав суулган дээр тавьдаг байсан байх магадлалтай аж. Судлаачид Шар мөрний орчмоос олдсон шинэ чулуун зэвсгийн үед хамаарах шавар вааран дээрх тамга гэмээр элдэв зурлаганаас ийнхүү таамаглажээ. Үүнээс гадна чулуу, хүрэл, төмөр зэвсгийн үед хамаарах тамга, тэмдгийн дүрсүүд манай улсын Хөвсгөл, Увс, Төв аймгийн нутаг дахь хад чулуу, агуйнд цөөнгүй байдаг гэнэ.
Анхны төрт улс Хүннүгийн хаан төрийн тамгатай байсан тухай баримт бий. Архангай аймгийн Өгий нуур сумын Тамирын улаан хошуу гэдэг газраас олдсон Хүннүгийн үед хамаарах булшнаас 1.7х1.6 см хэмжээтэй хүрэл тамга гарсныг судлаачид Хүннүгийн анхны тамга хэмээн үзжээ. Чингис хаан төрийн хасбуу тамгатай байсан тухай Монголын нууц товчоонд дурдсан нь бий.
1245 онд Монголд зочилсон Плано Карпини гэдэг хүний тэмдэглэлд орос дархан Козьма гэгч Монголын их хаан Гүюгт тамга урлаж өгсөн тухай бичсэн байдаг аж. Энэ тамганы дардас 1246 онд Гүюг хаанаас Ромын пап ламд илгээсэн захидал дээр байдаг юм байна. Тамган дээр “Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын Далай ханы зарлиг. Ил (эл буюу дотоод), булха (харь буюу гадаад) иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай” хэмээн бичжээ. Уг захидал одоо Ромын Ватиканы музейд хадгалагдаж буй. Монголын үндэсний музейнхэн тамганы дардастай захидлын хуулбарыг хэдэн жилийн өмнө авч сан хөмрөгтөө хадгалжээ.
ӨМӨЗО-ы эрдэмтэн Н.Сайшаал, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор Г.Норовсамбуу нарын эрдэмтэн уг захидал дээрх тамгыг Чингис хааны хасбуу тамга хэмээн үздэг юм байна. Тэд “Чингис хаан 1227 онд нас барснаас хойш Гүюг хаан хүртэлх 19 жилийн хугацаанд монголчууд дотооддоо дайн самуунгүй тайван, гадагшаа чиглэсэн бодлого явуулж байсан тул төрийн тамга үрэгдэх учиргүй” хэмээжээ. Хэрвээ энэ нь Чингис хааных мөн бол уг тамгыг Лигдэн хааны үе хүртэл 400 гаруй жилийн турш хэрэглэсэн гэхэд болох аж.
Лигдэн хаан Манжид ялагдахдаа Хөх нуурын зүг зугтаад нас барах үедээ дайсны гарт тамгаа алдахгүйн тулд ар, өвөр Монголын зэлүүд уулсын аль нэгэн хаданд нуусан тухай домог бий. Үүнээс гадна Лигдэн хааныг нас барсны дараа 1636 онд түүний хатан Сутай, хөвгүүн Эжэй Хонгор нар Монголын хааны тамгыг Зүрчидийн Алтан улсын хоёр дахь хаан Абахайд гардуулан өгсөн тухай зарим түүхч бичдэг ч үнэн, эсэх нь тодорхойгүй.
Монголын хаад ноёдын тамга зэрэг дэвээсээ хамааран өөр хэмжээтэй байсан гэнэ. Тухайлбал, төө тамгыг хаан, сөөмийг түшмэд, засаг ноёд, дөрвөн хуруу тамгыг хошуу ноёд, ван, гүн нар, гурван хуруу тамгыг яамны сайд, цэргийн жанжид барьдаг байсан тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэжээ. Харин нэг хуруу буюу эрхий дармыг хиюур гэдэг бөгөөд бага албан тушаалтан, ардууд өөрийн таних тэмдэг болгон хэрэглэдэг байв.
XIII зууны үед төрийн тамга уйгаржин бичигтэй байсан бол Юань гүрний үед дөрвөлжин бичигтэй болсон. Харин Манжийн эрхшээлийн үеийн тамга манж, монгол бичигтэй байжээ. 1911 онд төрийн тамга соёмботой, уйгаржин монгол, дөрвөлжин бичигтэй болсон бол засаг захиргааны байгууллагуудын тамга дундаа соёмботой, уйгаржин бичигтэй байв.
1920-иод онд төрийн тамгыг мод болон болдоор урлаж байсан аж. Харин 1922 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдахад тамгыг нь цагаан мөнгөөр хийсэн байна. 1940 оны Үндсэн хуулиар төрийн тамгыг дугуй хэлбэртэй болгон өөрчилсөн бол 1946 онд манай улсын төрийн хэрэг хөтлөх бичиг кирилл болсноор тамганы бичгийг ч өөрчилжээ. 1992 оны Үндсэн хуулиар тамгыг буцаагаад дөрвөлжин хэлбэртэй болгосон байна.
Ийнхүү Монгол Улсын төрийн тамга тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалж, хэлбэр загвар, хийц материал, утга агуулгаа өөрчилсөөр өнөөг хүрчээ.
Дундад эртний үеэс XX зууны эхэн үед Монголын төрийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан 100 гаруй тамгаар Монголын үндэсний музейнхэн маргааш “Монгол тамга” үзэсгэлэн дэлгэнэ. Уг үзэсгэлэнд дэлгэх онцлог тамгануудыг танилцуулж байна. Үзэсгэлэн ирэх сарын 30 хүртэл үргэлжилнэ.
П.ТУНГАЛАГ