“Элькандор” хамтлагийнхан сонгуулийн сурталчилгаагаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ рүү явжээ. Замдаа тэд учиргүй өлсөж гэнэ. Савны ёроолд үлдсэн ганц лааз загасны нөөшөө задлаад “Олзыг олуулаа” хэмээн “Чингис хаан”-ы ах нартайгаа хуваан хүртэв. Өлөн бар шиг олон харчуулд ганц нөөш юу болох вэ. Ёстой “аманд ч үгүй, хамарт үгүй” боллоо. Хоосон лаазаа ч долоож цэвэрлэв. Гялайтал цэвэрлэж дууссан лаазыг “хоолонцор” Хэрлэн хуруугаараа арчиж, дахин дахин долоогоод салахгүй болохоор нь угийн түргэн ууртай Жагаагийн дургүй хүрч, лаазыг нь автобусны цонхоор чулуудчихаж. Нэлээд хугацааны дараа Хэрлэн:
-Эгчээ намайг консерв болгоод өгөөч! хэмээн сэрүүн зүүдэлжээ.
Өөжгий сохорсон нь
Гитарчин Өөжгий хэзээний сониуч зантай. Тэрбээр тоглолтоор хөдөө явахдаа радио телевизээр тэнгэрт тултал рекламдуулсан “Sunsilk” үсний шингэн саван нэлээдийг авч явжээ. Мань хүн түүнийг урьд нь огт хэрэглэж үзээгүй юм байж л дээ. Сумын зочид буудалд очоод унтахынхаа өмнө усанд орж, “Sunsilk”-ээр толгой түрүү, нүүр амаа хүртэл битүү хөөсрүүлж... нүдээ нээтэл хав харанхуй. Сандарсан Өөжгий:
-Эгчээ, үйлчлэгчээ! Амь авраарай! хэмээн байдгаараа хашгирав. Үйлчлэгч эмэгтэй ч:
-Яав, юу болов, хүү минь гэсээр орж ирэхэд
-Эгчээ, түргэн дуудаарай. Нүд сохорчихлоо гэж бачимдан уйлагнав. Үйлчлэгч:
-Чи юу гээд байгаа юм бэ? Цахилгаан тасарчихаад байхад гэхэд нь Өөжгий:
-Аан нн! хэмээн тайвширч дуу аялсаар биеэ угааж суув гэнэ
“Өнөөдөр” сонин,
2000.04.01 № 076 (929)