“Мянга сонсохоор нэг үз” гэдэг. “Хүмүүс амралтын өдрөөр Богд уул руу их алхдаг болж, тэнд очиход олон хүн байдаг гэнэ, бүр замд нь амрах суудал, хогийн сав, чиглэл заасан самбар хийгээд тохижуулчихаж” гэх зэргээр ярихыг бишгүй сонссон ч тийш зүглэх сэтгэл, зүтгэл гаргаж байсангүй, би. Харин өнгөрөгч ням гаригт редакцын даалгавраар буюу “албан хүчээр” алхсан минь энэ.
Алхалт буюу hiking-д дурлах шалтгаан, түүнээс хойш сууснаар юу алдаж, бас хожиж болохыг өгүүлэх зорилготой, энэ удаагийн сурвалжилгын маань “гол дүр” бол Б.Ариунтуул буюу Ари. Тэр “UB hiking” клубийн идэвхтэй гишүүн. “Улаанбаатар залуусын оролцоо” ТББ-ын дэргэдэх тус клуб байгуулагдсанаасаа хойш гурван жилийн хугацаанд ганц ч ням гаригийг алгасалгүй ийм аялал зохион байгуулжээ.
2016.04.03-ны 08.25 цаг. Аригийнд ирэв. Уг нь би тэднийд 08.00 цаг гэхэд “гозойж” байх учиртай ч хоцорчихсон. Найз, нөхөдтэйгөө сарын өмнөөс төлөвлөсөн арга хэмжээгээ дуусгаад, шөнө дөлөөр гэртээ харьсан би сэрүүлгээ дараад хэсэг унтчихаж. Гэвч зурагчин маань надаас урьтаад иржээ.
Ер нь монголчууд ажлын сүүлчийн өдөр “баасан ахын төрсөн өдөр” тэмдэглэчих гээд байдаг тул алхагчид, тэр дундаа клубүүд аль болох олон хүн хамруулах үүднээс ням гаригт алхдаг юм билээ. 08.40 цаг. Хоцорсон “ял”-тай би аяга цай хам хум уугаад Аритай хамт гэрээс гарч алхав. Тус клубээс зохион байгуулдаг алхалт, аялал эхлэх нэгээхэн цэг буюу автобус байгаа газар хүртэл 15 минут алхдаг аж.

08.55 цаг. Зам, тээврийн яамны байр. Том, жижиг хоёр автобус дүүрэн хүнийг таван минут хүлээлгэжээ, бид. Мэдээж буруутан нь би, уучлаарай.
09.00 цаг. Ойролцоох дэлгүүр рүү орсон ганц, хоёр хүн гарч ирэнгүүт бид бага оврын автобусанд суун хөдөллөө. Удалгүй нэг нь өндийж, “Нэг хүний унааны зардал 4500 төгрөг болсон шүү, манайхаан. Араар суусан хүмүүс мөнгөө нийлүүлээд явуулчихаарай” гэж зарлав. Тэр бол тус аяллыг зохион байгуулж буй гуравдугаар багийн ахлагч К.Жанбота аж. “UB hiking” клуб гурван багтай бөгөөд ээлжлэн аяллыг удирдан, зохион байгуулдаг гэнэ.
“Ажлаа хийж явна” гэж тархи нь кодлогдсоны зэрэгцээ аяллын дүрэм, журамтай тухтай танилцаагүй зурагчин бид хоёр унааны зардлаас өөрөө өөрсдийгөө чөлөөлчихөв. Хавь ойрын хүмүүс “Яагаад” гэсэн царайгаар бидэн рүү харж, “Хоёр хүн мөнгө өгөхгүй гэнэ” хэмээн урагш уламжлах нь эвгүй гэдэг нь.
09.30 цаг. “Скайресорт” цанын баазын дэргэд шахам хүрэлцэн ирлээ. Эндээс бид Тэмээн хад хүртэл алхаад, буцаж ирнэ. Автобуснаас буумагц багийн ахлагчид сурвалжлахаар явж буйгаа тайлбарлав. К.Жанботагийн зааварчилгаагаар бид тойрог болж зогслоо. Нэгээс нөгөөд дамжуулан тоолоход нийт 76 хүн, Донна нэртэй нэг нохой байна. Миний дэргэд зогссон Ари “Тоогоо дамжуулахдаа дэргэдэх хүнийхээ нүд рүү нь харж хэлээрэй. Илүү дотно болгодог юм” хэмээн шивнэсэн юм. Энэ өдөр 21 хүн “UB hiking”-ийнхантай шинээр нэгджээ.
Тус алхалтад бараг 80 орчим хүн нэгдсэн нь ч, 20 гаруй “шинэков” байсан нь ч дунджаас өндөр үзүүлэлт гэнэ. Өмнөх өдрийн хүйтэн ор мөргүй арилж, цэлмэг, дулаахан (10 хэм), салхигүй байсан нь ч нөлөөлсөн биз ээ. Тойргийн дунд, чулуун дээр гарч зогссон багийн ахлагч шинэ хүмүүст цувааны дундуур алхахыг зөвлөж, хамгийн эхэнд болон сүүлд явах туршлагатай алхагч нарыг томилов.
Мөн хуурайшилт ихтэй тул ил гал гаргах, тамхи татахыг хориглож, алхах явцад хог тарихгүй, харин ч таарвал авч байхыг анхаарууллаа. Энэ зуур алхагчид хувцас, хэрэглэлээ базаав. Ингэхэд Донна гөлөг байхаасаа алхсан, идэвхтэй, “ахмад” гишүүн аж.


09.40 цаг. Аялал “албан ёсоор” эхлэв. Шинэ хүн цувааны дунд хэрд алхах дүрэмтэй ч Арийг бараадах учиртай би ардаа хоёр, гурван хүнтэй алхлаа. Туулах ёстой замын маань эхний хэсэгт мод үгүй тул хүмүүс цуварч алхахаас илүүтэй хэд гурваараа зэрэгцэн явж, элдвийг хөөрөлдөнө. Би ч Арийг баахан шалгаав. Түүнээс анх хэзээ алхаж эхэлснийг сонирхоход “2012 оноос алхсан. 2013 онд клубтээ элссэн. Манай клуб 2013 оны нэгдүгээр сарын 6-нд байгуулагдсан” гэж товч бөгөөд тодорхой хариулав.
“Тэгвэл чухам юунд нь татагдаад тасралтгүй гурав, дөрвөн жил алхчихсан юм бэ” гэхэд “Шинээр алхаж байгаа хүмүүст аялал тэр бүр амар санагдахгүй л байх. Гэхдээ уул өөд өгсөж, бартаа, саадыг даваад зорьсон газраа очиж, цээж дүүрэн амьсгалахад үнэхээр сайхан. Хамгийн гол нь хүн өөрөө өөрийгөө ялан дийлж байна шүү дээ. Алхах, явган аялах бол уулын спортын үндэс, суурь юм.
Тиймээс л уулчид тэр мэдрэмжийг авах гэж маш их тэсвэр, хатуужил гаргаж, өөрөө өөрсөдтэйгөө өрсөлддөг байх. Ямар сайндаа л уулын спортыг хар тамхитай зүйрлэх вэ” хэмээсэн юм.
10.10 цаг. Эхний амралт. Ари хувцсаа нимгэлээд, намайг ч бас хүрмээ тайлахыг санал болгов. “Ингээд алхаад ирэнгүүт их халууцдаг юм, ус сайн уугаарай, ядарч байна уу” гээд л Ари намайг халамжилж эхлэв. Дөнгөж 30 минут алхсан би ядрах яагаа ч үгүй мэт санагдаж байлаа. Гэвч тэнд янз бүрийн насны хүмүүс буй тул амралт, алхалтаа зохицуулахгүй бол горьгүй бололтой. Анх удаа алхахаар “UB hiking”-ийнхантай нэгдсэн аав, ээжийгээ дагаж ирсэн, найман настай Б.Самандбадраа хүү хамгийн бяцхан нь бол 50 орчим насны эгч нар цөөнгүй бөгөөд туршлагатай ч юм. Тэнд бүгдээрээ зургаа татууллаа.


10.20 цаг. Цааш хөдлөв. Бидний алхах замын нийт урт 12 км. Энэ нь энгийн алхалт буюу хол ч биш, ойр ч биш явж байна гэсэн үг. Үүнээс илүү урт зам туулахыг нь “холын алхалт” гэх бөгөөд өглөө эртлэн гарч, хоногоор явах болдог тухай Ари ярьсан. Тэрбээр Европын ноён оргил Эльбрусыг зориод ирсэн юм билээ. Монголынхоо томоохон оргилуудад мөрөө гаргасан гэсэн. Хэдийгээр Эльбруст хүрээгүй ч илүү өндөр өөд өгсөх гэсэн хүслийг нь бадрааж, урам өгсөн бололтой. Гэхдээ тэр ойрын төлөвлөгөө, дараагийн мөрөөдлөө нууцалсан.
10.40 цаг. Удаах амралт. Хэдийгээр тэнд очоод төдөн минут амарна гэсэн дүрэм үгүй ч аялал зохион байгуулагчид ард үлдсэн хүмүүсээ хүлээнгээ ойролцоогоор 20-30 минут алхаад 5-10 минут амраадаг бололтой. Тачир, сийрэг модтой ойн зах харагдана. Харамсалтай нь харалган хүмүүсийн гарт хамаг сайхан залуу моддоо алдсан нь холоос харахад л илт.


10.45 цаг. Хүчит техникээр хөрөөдүүлсэн хөөрхий хожуул, тайрдасны дэргэдүүр өнгөрөхөд хэний ч сэтгэл эмзэглэм. Машины мөр ч мэр сэр харагдах юм. Нэлээд амьсгаадав. Хөлс ч ахиу асгарав. Гэсэн ч би гадуур хувцсаа тайлсангүй.
11.10 цаг. “Ура” гэж хэлмээр амралт ирэв. Аригийн халамж, анхаарал аанай л үргэлжилсээр. Миний танин мэдэхүйн гэмээр гэнэн асуултууд ч хөвөрсөөр. Ам цангачихаж.

11.20 цаг. Бид хөдөллөө. Хад чулуу элбэгшиж, ой шигүү болж эхлэв. Харьцангуй бартаатай зам биднийг угтаж буй бололтой. Зэрэгцэж бус, цуварч явах цаг нь ч болж. Ари болон бусад алхагчтай шинэ, хуучин гэлтгүй элдвийг ярилцаж явсаар ядарчээ. Ярилцаж, чалчингаа инээлдэн, хөхрөлдөж стрессээ тайлах үе байхад цэвэр, тунгалгийн охь болсон газар чив чимээгүй, бодолд дарагдан алхах ч бас сайхаан.
11.50 цаг. Ээлжит амралт. Нар эгц дээр харагдах ч моддын завсраар тусах туяа ойн цасыг хайлуулж үл дөнгөнө. Доохно нь хайлсан цасны үүсгэсэн шавар шавхай гутал хүндрүүлж байсан бол хайлмагтаж, том ширхэгтэй элсэн чихэр шиг болсон цас гутлын хоншоорт тогтож, төд удалгүй хайлан, норгоно. Унасан мод сандайлах зуур хөлөрсөн гараараа цэв цэвэрхэн цаснаас хоёр гартаа атгаж, дэлгэхэд уур савсах ч, үл хайрах тэр мэдрэмж юутай сайхан. Тэгээд дээш харан гүнзгий амьсгалж, тэр хавийн хамаг агаарыг шуналтайгаар соров.

12.00 цаг. Унасан мод олон аж. “Цэвэрлэж болдог бол түлш түлээ их байна” гэж тал нутагт төрж, өссөн хүний хувиар бодож, шуналтаж явлаа. Цаснаас цухуйх аньсны навч, жижиг мод, бургасыг нь гишгэж гэмтээхгүй алхахыг хэрэндээ хичээв. Гэвч бидний хөлд гишгэгдэж, няцарсан аньсны шүүс цасанд час улаан туяа татуулах нь харамсмаар ч юм шиг.
12.25 цаг. Дахиад л амрав. Гутлаараа мод өшиглөж, хоншоорт өлгөгдсөн цасыг хайлахаас нь өмнө унагах гэж мод түшихдээ гартаа өргөс оруулчихав. Ер нь мань шиг ямар ч бэлтгэлгүй, шинэковууд унасан модон дээгүүр болгоомжтой гарах гэж түүнийг түшиж, тулахдаа гартаа өргөс оруулж, бага боловч шалбалсан байж магадгүй л юм. Уснаасаа ууж, ачаагаа хөнгөлсөөр атал “морь харах” хүсэл үл төрөх нь чамлахааргүй хөлс гадагшлуулсных биз ээ.

12.30 цаг. Зөвхөн хөл доорхоо харж урагшлах мань мэт нь хааяа модны мөчиртэй нүүр тулж, өмнөх хүний биед гогдож, чавхдах нялх, нүцгэн моддод шавхуурдуулж явлаа. Ер нь явган аялалд хувцас, хэрэглэл чухал бололтой. Алхагчид ч бие биенийхээ зориулалтын хувцас, хэрэглэлийг сонжин ярилцаж, хаанаас, хэдээр худалдаж авсныг нь сонирхох юм билээ.
12.55 цаг. “Ресторан”-д ирлээ. Энэ бол “UB hiking”-ийнхны яриагаар үдийн цай, арай урт хугацаагаар амрах цаг болсон гэсэн үг. Бараг хүн болгоны үүргэвчний хажууд янз бүрийн зураг бүхий зүйлийг дөрвөлжин нугалан хийсний учрыг сая л ойлгов. Тэр нь хээрийн дэвсгэр суудал аж. Зарим нь эвхдэг сандал авчирчээ. Юутай ч ганц хүн сууж дөнгөх тэр дэвсгэр чийг татдаггүй, тун аятайхан эд юм билээ.

Шөнө дөл болтол зугаалж, өглөө хоцорсон би хоол, хүнс бэлтгэнэ гэж юу байх вэ. Зурагчин маань ч хоосон ирж. Хоёулаа замаас худалдаж авсан ууттай чихрээ хуваан, усаа ууж суутал Ари бидэнд хоолоо өгчихөөд, өөрөө бусдынхыг “буудав”. Тэр өглөө Арид ээж нь хоол хийж өгчээ. Тэр цуйван амттай байсан шүү, Ари. Баярлалаа, бас уучлаарай. Бусад хүн ч бидэнд боов, чихэр сарвайж байлаа. Хооллочихоод хэсэг суух ч бас сайхан.

Хууччуул шинэ хүмүүстэй танилцав. Ингэхдээ нэр, нас, ажил мэргэжлээ танилцуулж, “UB hiking” клубийн талаарх мэдээллийг хаанаас авснаа хуваалцдаг аж. Төрөл бүрийн мэргэжилтэй, янз бүрийн насны хүмүүс гол төлөв найз нөхдөдөө “уруу татагдан” тэнд ирсэн байв. Тухайн аялалд анх ирсэн хүмүүс нэг анги болдог бөгөөд энэ удаа шинээр бий болсон ангийн даргаар бяцхан Б.Самандбадрааг томиллоо. Дараа нь шинээр гишүүн элсүүлэх арга хэмжээ болов. Дөрвөн удаа буюу дөрвөн долоо хоног дараалан “UB hiking”-ийнхантай ингэж алхсанаар гишүүнээр элсэх эрхтэй болдог аж.
Улмаар гишүүн болохыг хүсвэл жилийн хураамж болох 30 мянган төгрөг (оюутан, сурагч 15 мянга) төлөх учиртай. Энэхүү хураамжийг клубийн тэмдэг хэвлүүлэх, үйл ажиллагааны зайлшгүй зардал, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг гэнэ. Гишүүд нь клубийн бүх үйл ажиллагаанд оролцох, аялал зохион байгуулах, санаачлах эрхтэйгээс гадна хамтран ажилладаг байгууллага, тухайлбал, аяллын зарим дэлгүүрээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой аж.
Энэ удаа найман шинэ гишүүнтэй болсны нэг нь Даниэл гэх гадаад эр байв. Тус клуб өдгөө 400 гаруй гишүүнтэй бөгөөд 50-60 нь Ари шиг идэвхтэй алхдаг аж.
Бид далайн түвшнээс дээш бараг 2000 орчим метрт гарсан байх. Салхи ихтэй тул цаг гаран саатахад жаахан даарсан. Чухам энэ үед давхарлах цамц хэрэгтэй юм билээ.

14.25 цаг. Цааш хөдлөв. Өндөрт гарсныг хэлэх үү, үдийн нар хэлбийснийх ч тэр үү гэсэж, хайлмагтсан цас буцаж хөлдөх маягтай. Заримдаа халтирч байна. Ойн нам гүмхэн чөлөөнд эхнэр, нөхөр бололтой хоёр гадаад хүн унанги модон дээр сууж байх юм. Тэд холоос цагаан алаг гөлөг тэвэрсэн мэт харагдсан ч нэхийнд хүүхдээ өлгийдөн тэвэрчээ. Дөнгөж 21 хоногтой гэнэ. “Хатагтай” эмнэлэгт амаржсан аж. Тэд Монголд хоёр жил гаруй амьдарч буй юм байна.
15.00 цаг. Тэмээн хаданд хүрэв. Маш их салхитай байлаа. Тэндээс нийслэл маань тоос, тортог дунд тун ч бүрзгэр харагдана лээ. Зорьсон газраа ирсэн хойно дахин бөөнөөрөө зургаа татуулж, хэсэг саатаад буцах замдаа орлоо. Жимээр доошлохтой хамт найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ алхаж яваа хүмүүстэй бишгүй таарав.
16.00 цаг. Хүрэл тогоот дахь Одон орон, геофизикийн судалгааны төвийн харалдаа ирэв. Үндсэндээ аялал маань өндөрлөж буй нь энэ. Тэнд бид дасгал хийж, биеийн чилээгээ гарган, хөгжөөнт тоглоом тоглонгоо автобусаа хүлээлээ.
16.55 цаг. Автобус ирж гэрийн зүг хөдөллөө.
Арийг даган алхаж, албадуулж мэдэрсэн аз жаргал минь энэ буюу. Энд өгүүлсэн цас өнөөдөр бий, эсэхийг би мэдэхгүй. Гэвч Монголд минь өвөл ирдгээрээ ирнэ. Өвлөөс сайхан хавар, хавраас үзэсгэлэнтэй зун, зунаас дутахгүй намар, бас өвөл ээлжлэн айлчилна. Богд уул, нийслэл тойрсон үзэсгэлэнт байгаль, үлэмж төгөлдөр эх орон минь байгаа цагт үүнээс илүүг үзэж, мэдэрч, амьсгалах нь гарцаагүй.
Эрүүл бие, саруул ухааныг эрхэмлэсэн, уулын болон явган аяллаар дамжуулан эх орныхоо байгалийн үзэсгэлэнт, түүхт газраар аялуулах санал, санаачилгыг түүчээлж буй “UB hiking” клубийнх шиг залуус олон болох тусам Монгол минь хөгжинө өө.
Б.НОМИН