Там-Очирын зам гэж Улаанбаатараас Лүн хүртэлх хэсгийг муулдаг байлаа. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын араас нэрээ ийн замтай холбуулан цоллуулах болсон бас нэг хүн байна. Тэр бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар. Хэнтий аймгийн төвөөс Улаанбаатарыг зүглэн, 10 гаруй км явтал зам нь там болж эхлэв. Хаашаа ч бултах, зугтах, тойрох боломжгүй олон онгорхойтой энэ замыг хэнтийчүүд тарамгайбаатар гэж нэрлэдэг юм билээ. Тарамгайбаатар Жаргалтхаан сумын нутаг дахь Дуутын даваа өнгөртөл үргэлжилжээ.
Энд замын уртыг мэдээлэх самбар дээр 67 км гэж бичсэн байв. Авто замын газрын дэд дарга, Авто замын үндэсний ассоциацын тэргүүнээр ажиллаж байсан, Улсын тэргүүний замчин цолтой эрхэм ийм богино настай зам тавьсан гэхэд үнэмшмээргүй ч нүдээрээ харж, гарт баригдаж байгаа онгорхой, хагархайг яаж ч дарж, булах аргагүй.
Б.Гарамгайбаатар 2001-2008 онд “Монроуд” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа энэ замыг тавьсан учраас түүний нэр үүнтэй яах аргагүй холбогдоно. Харин Дуутын даваа өнгөрөөд замын онгорхой цоорхой илт цөөрч, хааяа нэг багахан нүх тааралдаж эхэллээ. Багануур хүртэлх зам гайгүй юм.
Улаанбаатараас Хэнтий аймаг хүрэх 306 км замыг 1997-2006 он хүртэл есөн жил дамнуулан, 1997 онд 50.8, 2003 онд 36, 2005 онд 112, 2006 онд таван км зам тавьсан байна. “Эрдэнэ зам”, “Төв зам”, “Насны зам”, “Монроуд” компанийн хуваан барьсан уг замын 50 гаруй км хэсгийг зам, тэр тусмаа хатуу хучилттай гэж хэлэхэд гоёдоно. Жаргалтхаанаас Чингис хүртэлх 55 км-ийг “Монроуд” ХХК 2005 онд хүлээлгэн өгчээ. Түрүүлж ашиглалтад оруулсан компаниудынх нь зам өдий болтол танагтай байхад сүүлд ажлаа дуусгасан “Монроуд”-ын замын хучилт нь бутарч ховхроод, дээгүүр нь явсан машиныг тарааж хаях шахаж байх юм.

Тарамгайбаатар гэж нэрлэсэн нь ч учиртай аж. Энэ зам анх удаа ийм болж байгаа юм биш. Аливаа замыг Улсын комисс ашиглалтад хүлээж авсан цагаас засвар, арчлалт хариуцсан компаниуд ажилдаа гардаг. Тэр ч ёсоор уг замд 2009 онд 273.3, 2010 онд 288, 2011 онд 341, 2012 онд 388.8 сая төгрөг зарцуулан, засвар хийсэн юм байна. Улсын чанартай автозамуудыг засаж арчлах мөнгийг төсвөөс жил бүр гаргаж өгдөг ч урсгал засварт л арай чамай хүрэлцдэг учир там болсон замуудыг нөхөж чаддаггүй гэнэ.
Хатуу хучилттай замд дөрвөн жил тутам ээлжит, 10 жил бүр их засвар хийх ёстой атал Чингис чиглэлийн энэ замд өнөө хүртэл их байтугай ээлжит засвар хийгээгүй аж. Зөвхөн хагарсан, онгойсон хэсгийг нөхөх төдийгөөр аргацааж иржээ. 2014 оны гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймагт очихдоо энэ зам дээр осолдох шахсан тухай нутгийн иргэд ярьж байна. Үүний дараа уг замыг нөхөж цойлдсон ч буцаад онгойж эхэлжээ.
Налайх-Агуутын хөтөл чиглэлийн 24.1 км бол Улаанбаатар-Хэнтийн замын хамгийн анх ашиглалтад орсон хэсэг. Энэ зам авах юмгүй болсон тул 2012 онд их засварт оруулсан. Өнөө жил Дуутын даваанаас Чингис хүртэл 50 км замд их засвар хийхээр төлөвлөн, тендер зарласан байна.
Их хааны нэрээр овоглосон аймгийн зам ийм байх нь арай л зохисгүй, Монгол Улсын, монгол хүний нэрэнд муухай юм. Дорнод, Сүхбаатар аймгийг Улаанбаатартай авто замаар холбоход Хэнтийн зам гүүр нь болох учиртай. Гэтэл гүүр биш, лай болохоор байна. Улаанбаатарт уралдах газраа олж яддаг авто спорт сонирхогч залуус Хэнтийн зам дээр ралли зохиовол болохоор болж.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.ГАЛХҮҮ: 7.5 тэрбум төгрөгөөр их засвар хийнэ
“Харгуй” ТӨХК-ийн дарга Ц.Галхүүгээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Дуутын даваанаас Хэнтий аймгийн төв хүртэлх 50 гаруй км хэсэг нь зам биш нүх болжээ. Энэ замыг хэзээ засах вэ?
-ЗТЯ-наас зургийн тендер зарласан. Зураг бэлэн болсны дараа барилгын ажлын тендер зарлах учиртай.
-Хэдэн төгрөгөөр ямар засвар хийх юм бол?
-Энэ чиглэлийн замыг арчлах, засахад зориулан, өнөө жил улсын төсөвт нийт найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 400 саяыг нь урсгал засвар, арчлалтад зарцуулах бол 7.5 тэрбумаар нь Дуутын даваанаас Хэнтийн төв хүртэлх 20-30 км замд их засвар хийнэ.
-50 гаруй км зам бараг тэр чигээрээ том том онгорхой нүхээр дүүрчихсэн байна лээ. Гэтэл 20-30 км-ийг нь л засах юм уу?
-Их засварт төсөвлөсөн мөнгө хаанаа ч хүрэхгүй л дээ. Тиймээс аль боломжтой хэсгийг нь үлдээгээд, хэт их эвдэрсэн хэсгийг нь засна. Бас зураг яаж гарахаас шалтгаална. Хэрвээ сууриар нь солих шаардлага гарвал засах замын урт улам богиносно.
-“Монроуд” компани замдаа хэдэн жилийн баталгаа өгсөн юм бэ?
-Нэг жил. Тэр үед автозамын баталгаат хугацаа нэг жил байсан юм. Одоо гурван жил болсон.
-Дуутаас Багануур хүртэлх хэсэг нь харьцангуй гайгүй байна лээ. Түрүүлэн хүлээлгэж өгсөн зам нь танагтай байхад сүүлд ашиглалтад оруулсан “Монроуд”-ын зам яагаад ингэтлээ эвдэрчихсэн юм бол?
-Дуутаас аймаг хүртэлх хэсэг нь шаварлаг хөрстэй. Зургийг нь боловсруулахдаа зам тавихад ашиглах материалыг тэр хавиас нь татахаар төлөвлөсөн. Гүйцэтгэгч нь зургийн даалгаврын дагуу л зам тавьж байгаа. Энэ жил их засвар хийхдээ ч тэр хавиас нь замын материал авахаар зурагт тусгах байх.
-Газар нь шаварлаг хөрстэй байсан ч зам тавихдаа түүнийг бодолцож, чанартай тавих ёстой биз дээ. Шаварлаг, элсэрхэг, намгархаг хөрстэй, голтой газарт муу зам тавина, хатуу хөрстэй газарт чанартай зам тавина гэсэн дүрэм журам байдаг хэрэг үү?
-Тийм л дээ. Одоо бол урсгал засвараар дийлэхгүй болсон.
-Тендерт шалгарч авсан замаа чанаргүй тавьсан компаниудад дахин тендер олгохоо больсон юм биш үү. Гэтэл “Монроуд” компани өөр газарт зам тавих тендерт шалгарчихаад байгаа нь ямар учиртай вэ?
-Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа тэгж ярьсан ч хэрэгжсэн юм байхгүй.
Х.БОЛОРМАА