Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяатай ярилцлаа.
-Төсвийн хөрөнгө яг шаардлагатай бүтээн байгуулалтдаа хуваарилагдаж чадаж байгаа болов уу?
-Хөрөнгө оруулалтын газар өмнө нь улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүхий л ажилд техникийн хяналт тавих үүрэг гүйцэтгэж ирсэн. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөлт судалгаанаас нь эхлээд дуусах хүртэлх бүх явцыг нь хянадаг болсон. Ингэснээр аль үе шатанд нь ямар алдаа гарч, хөрөнгө оруулалтын үр ашиг буурч, чанар нь муудаж байгааг тодорхойлох боломжтой болсон.
Тиймээс нийслэлийн 152 хороодтой хамтарч ажиллаж хөрөнгө оруулалтын эрэлт, хэрэгцээний судалгаа хийж, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлж, төсвөө батлуулдаг болсон. Ингэхдээ мэдээж тухай төслийн нийгэм, эдийн засгийн үр ашиг, дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлөх нөлөө, эзлэх хэмжээг тооцдог болсон.
-Тэгэхээр хөрөнгө оруулалт үр дүнтэй болсон гэж ойлгож болох уу?
-Шаардлагатай бүтээн байгуулалт, үр ашгийг судлахад хамгийн эхэнд боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажил орсон. Тэгээд ч боловсролын салбарт хөрөнгө оруулалт оруулах нь ДНБ-ийг таван хувиар нэмэгдүүлдэг. Тэгэхээр дээрх шинжилгээ судалгаанд үндэслэн хөрөнгө оруулалт хийдэг болсноор төсвийн зарцуулалт бодитой, үр дүнтэй болж ирлээ.
Ер нь хотын төлөвлөлт салбар бүртээ тодорхой болчихсон гэж ойлгож болно. Улаанбаатар хотыг 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг 2013 оны нэгдүгээр сард УИХ-аар батлуулж, төлөвлөгөөний дагуу ажил хэрэгжүүлж байна.
Харин аль хөрөнгө оруулалтаа, ямар эх үүсвэрээр хийх вэ л гэдэг нь чухал. Өмнө нь бид зөвхөн төсвийн хөрөнгийн багахан хэмжээгээр хөрөнгө оруулалт хийдэг байв. Харин өдгөө ирээдүйд үр өгөөжөө өгөх, эргээд төлөгдөх хөрөнгө оруулалт руугаа гадаадын зээл тусламжийг чиглүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна төслүүдийг зөвхөн төсвийнх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх боломжийг нээж өглөө. 2013 онд “Хөгжлийн төлөө түншлэл” хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн стандарт баталж, зэрэглэлд ангилан тохижуулах санал хувийн хэвшлүүдэд тавьсанаар тухайн үед нийтдээ 10 орчим тэрбум төгрөгийн санал ирсэн.
Үүний дараагаар бид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг ил тод болгох, аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зөвхөн төрийнх биш, хувийн хэвшлийн саналыг авахаар 2015 онд хоёр дахь форумаа нээлттэй хийсэн юм. Тэр үеэр бид бүх хөрөнгө оруулалтын ажлын саналаа танилцуулж, хувийн хэвшил түүнд хөрөнгө оруулалт хийвэл хэдий хугацаанд ашгаа нөхөх боломжтойг судалсан. Үүний үр дүнд Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацийг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бүхий л төслийг зохион байгуулж ажиллаж байна.
-Хотын удирдлагууд нэн түрүүнд гэр хорооллыг барилгажуулах, нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийнэ гэсэн төлөвлөлттэй байгаа шүү дээ.
-Бидний санаачилсан том хөтөлбөрүүдийн нэг нь Нийслэлийн орон сууцны хөтөлбөр юм. Үүнийг гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах, хуучин орон сууцыг дулаалах, газар шинэчлэн зохион байгуулах болон түрээсийн орон сууц гэсэн таван чиглэлээр хэрэгжиж буй. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол энэ дундаа хамгийн далайцтай төсөл нь. Гэр хорооллыг барилгажуулж байж л хотын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ.
Харин орлого багатай иргэдээ дэмжих үүднээс түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Анх 2013 онд 300 айлын түрээсийн орон сууц барьж, ашиглалтад оруулсан. Ингэснээр ахмадууд сард 150 мянган төгрөгийн түрээс төлж орон сууцанд амьдарч байгаа. Цаашид түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлнэ. Энэ чиглэлээр Нийслэлийн Орон сууцны корпорац байгуулагдаж ажиллаж байна. Тус байгууллага барилга барьж, бусад компаниудтай өрсөлдөхгүй, харин санхүүгийн болон орон сууцны зах зээл дээр ажиллаж, дээрх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх юм.
Хуучин орон сууцыг дулаалах нь иргэдийн хөрөнгийн чанар үнэлгээг өсгөх давуу талтай бол улс алдагдаж буй эрчим хүчээ нөөцөлж, өөр бусад бүтээн байгуулалтдаа зарцуулах боломжтой болно. Жишээлбэл, III, IV хорооллын орон сууцуудыг дулаалчихвал дахиад тийм хэмжээний хорооллыг дулаанаар хангах эрчим хүч хэмнэж байна гэсэн үг.
Тээврийн чиглэлийн хувьд бид өнгөрсөн хугацаанд төлбөр тооцооны смарт картыг нэвтрүүлж, шинэ чиглэлүүд бий болголоо. Мөн бид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр 33 уулзварыг өргөтгөж, олон жил засаагүй замуудыг ч шинэчиллээ. Удахгүй Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тусгай замын автобус буюу BRT төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
-Түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлнэ гэлээ. Хотод орон сууц барих мөнгө байгаа юм уу?
-Гадаад болон дотоодын банкуудтай хамтрах, ашиглалтад орчихсон орон сууцыг худалдаж аваад, түрээслүүлэх зэргээр санхүүгийн механизмийг нь зөв шугамд оруулах замаар хэрэгжүүлэх боломжтой. Мөн түрээсийн орон сууцыг өмчлүүлэх хэлбэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Залуучууд тухайн байраа таван жил түрээсэллээ гэж бодъё. Энэ хугацаандаа урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж чадах юм бол моргейжоор амьдарч буй байраа худалдаж авах боломжтой гэсэн үг. Энэ онд холбогдох эрх зүйн баримтуудаа бий болгоод, эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид ерөнхий төлөвлөгөөний дагуу хотоо төвлөрүүлэх бус тэлэх чиглэл барьж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ хүрээнд “Амгалан” ДЦС-ыг ашиглалтад оруулж, цахилгаан станцуудыг өргөтгөлөө.
Хот цаашдаа одоогийн төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлнэ. Хотоо тэлэх замаар шинэ суурьшлын бүс байгуулж хямд, чанартай орон сууц барих ажлыг эхлүүлж байна. Хотын зүгээс шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийг нь л тавих ажил хийнэ. Ингээд төслийн уралдаан зарлаж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх юм.
-Энэ жилийн хөрөнгө оруулалт дээр концессын шинэ төрөл оруулж байгаа гэсэн үнэн үү?
-Гадаадын болон дотоодын хувийн хэвшлээр бүтээн байгуулалт хийлгэх чиглэл барьдаг. Бид ч тэгэх ёстой. Харин төр нь сайн менежер байж, хувийн хэвшилд эрх зүйн таатай орчин бий болгож өгөх учиртай. Энэ жилээс сургууль, цэцэрлэгийн барилгыг хувийн хэвшлээр бариулж, түрээслээд, шилжүүлж авах шинэ хэлбэр хэрэгжүүлэ эхэлсэн. Компаниуд ч үүнд таатай хандаж байгаа. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хангамжийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж бий болно. Хувийн хэвшлийн барьсан сургууль, цэцэрлэгийг түрээсэлсэн гээд тэнд сурч буй хүүхдээс төлбөр авахгүй.
-Хот төлөвлөлтийн гажуудал засарч байна уу?
-Замбараагүй газар олголтоос болоод хөрөнгө мөнгө нь байгаа ч сургууль, цэцэрлэг барьж чадахгүй байна. Энэ алдааг засахад багагүй хугацаа шаардлагатай. Гэхдээ бид газаргүй гээд зүгээр суулгүй бүтээн байгуулж байгаа. Мөн бас нэгэн чухал төсөл бол Нийтийн эзэмшлийн талбайд дээрээ тохижилт бүхий гарааш барих ажил юм. Газар доорх байгууламжийг хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж эхэллээ. Ингэснээр хэд хэдэн газарт ийм байгууламж ашиглалтад орлоо. Удахгүй Баянгол дүүрэгт орон сууцны дундах 13 байршилд ийм байгууламж баригдана.
Цаашид хот маань Ерөнхий төлөвлөгөөнийхөө хүрээнд хөгжих тул хот төлөвлөлтийн гажуудлыг арилгаж, дэлхийн томоохон хотуудын жишигт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Г.ЦЭЦЭГ