
Бэр гуйгч хэн байх ёстой вэ?
Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн байх ёстой. Зарим хүмүүс бэр гуйхдаа эцэг эхийн аль нэгийг (голцуу аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх боломжтой хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох ч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй ажээ.
Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн.
- Бэр гуйгч нь удам судар сайтай нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй.
- Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байх нь чухал. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.
Бэр гуйгчийн намба төрх
Бэр гуйх хүн ийм, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан, хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгөөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөөрөөний эхийг зөв гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил гэх мэт) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг хатуу цээрлэнэ. Бэр гуйгчийн дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт хүргэхгүй өөртөө ойрхон байлгана.
Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл
Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургууль дүүргэж хаана ямар алба хашиж байгаа (охиныхыг мөн адил) мэнгэ, жил, махбодь, бэр болох хүний жил, мэнгэ, махбодь зэргийг судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж магад.
Бэр гуйх хугацаа
Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил, улирал, сарын эхэнд тавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал, сарын эхний долоо, арав хоногт багтаахыг эрхэмлэж бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж хутгахгүй байвал зохино.
Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ, ундаа
Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи, бяслаг, ааруул авч очдог газар байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг.
Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгалын зүйл:
Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьснаас эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой. Энэ утгаараа охины аавд дээлийн өнгө, дээр нь мөнгө, тумбааш зэрэг соёлын бараа, ээжид нь дээлийн өнгөн дээр чихрийн цуглуулга, гоо сайхны бараанаас зохимжтойг нь (хүнд 1 ширхэг зүйл өгдөггүйг санах хэрэгтэй) бэлэглэнэ. Дээлийн өнгийг аав, ээжийн нас, намба, царай зүс, өндөр намд тохируулан бэлдвэл зохино. Бэрийн дүү нар болон хүүхдүүдэд чихэр, жимс, жигнэмэг, жүүс тэргүүтнээс цаг улирлын нөхцөлд тохируулан бага балчир насныхныг баярлуулахаар зүйл авч очиж өгвөл зохино.
Бэр гуйхаар очсон хүмүүс идээ, архиа яаж байрлуулах ёстой вэ?
Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай. Бэрийн идээ архийг гэрт болон өрөө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын (уулын) өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдэггүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсэг ил харагдахаар байрлуулна.
Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч, бэлэг сэлт, идээ ундаатай яаж харьцах ёстой вэ?
Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна. Гэхдээ малгайтай, энгэрээ товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд гал, бурхандаа өргөсний дараа зооглож, хүртдэг.
Хүргэн болох гэж буй хүний хадаг, архи, идээг охины тал авахаас татгалзах үндэслэл
Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судалж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзсэн хариу өгч хадаг, архи, идээг буцаах эрхийг эдэлдэг.
Бэр гуйхаар ирсэн хүмүүст үзүүлэх хүндэтгэл
Бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэх нь охины аав ээжийн амьдралын мэдлэг, соёлын түвшин танигдана гэсэн үг. Ирсэн зочдыг хүндэтгэлийн суудалд суулган дайлахдаа тэр өдрийн яриа хэлцэл нийлэмжтэй, үр хүүхдийн цаашдын амьдрал дэвшин дээшлэхийг билэгдэх үүднээс битүү хоол (бууз, банш, хуушуур) хийхийг цээрлэдэг.
Бэр гуйхаар ирсэн хүмүүстэй хийсэн яриа хэлцэл, нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээ хөөрөг тамхиа өгч авалцан тэмдэглэхийн сацуу тэднийг явахад нь гарыг нь цайлган (энэ нь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа), насаар ахмад юмуу үеийн хүн ирсэн бол охины аав, ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насны хүнээр унаа машинд суулгаж, буцах чиг замыг нь зааж зөвлөн, дахин уулзахын өрөөл тавьж үддэг. Согтууруулах ундаагаар шахаж, ирсэн элч, зочдоо хүнд байдалд оруулж бие биедээ хайр сэтгэлтэй болж айл гэр болохоор тохирсон хоёр хүний дундуур орж татгалзаж, түдгэлзсэн дүр эсгэх нь хүү, охин хоёрын алс хэтийн амьдралын замд сэв суулгасан билэг дэмбэрэлгүй, бүдүүлэг үйлдэл гэдгийг санахын зэрэгцээ бэр гуйх, хурим найрын үйл ажиллагаанд архидалт хэдий чинээ их байна тэр айлын цаашдын амьдралд тохиолдох бэрхшээл саад, гай барцад төдий чинээ их байдгийг анхаарвал зохино.