Бизнес эрхлэх, үйлдвэрлэл хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Ажлын байр бий болгох, бүтээмжээ нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр, төрлөө олшруулахад ер нь бүтээн байгуулалт эхлүүлэхэд юу хэрэгтэй вэ, мэдээж хөрөнгө оруулалт. Гэхдээ үргэлж мөнгө хөрөнгө гаргуулж, хөнгөлөлттэй зээл, татаасаар “угжуулах” явдал манай улсад хавтгайрлаа. Татаасгүй л бол “тасрахад” бэлэн эдийн засаг, үйлдвэр, дэд бүтэц нэмэгдсээр байна. Энэ талаар хөндье.
Одоогоор манай улсад дараах үндсэн чиглэлүүдэд татаас олгож буй аж. Үүнд нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой нийтийн тээврийн алдагдлын, утааг бууруулж, зорилтот бүлгийн амьжиргааг дэмжих зорилготой шөнийн тарифын хөнгөлөлт, нүүрсний татаас. Мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих буюу хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой татаас гэж бас бий. Эдгээрт 2008 онд 74 орчим тэрбум төгрөг олгож байсан бол үүнээс хойш жил бүр өссөөр 2025 оны эхний хагасын байдлаар нэг их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, татаасны зардал жилд 25-27 хувиар тогтмол нэмэгдсээр иржээ. Үүнээс гадна “Ковид-19” цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, зах зээлийг солонгоруулах зорилгоор Засгийн газрын тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Үүний хүрээнд 2021-2023 онд л гэхэд 6-7 хувийн хүүгийн хөнгөлөлттэй, 2.8 их наяд төгрөгийн зээлийг 47 598 зээлдэгчид олгосныг Төвбанк мэдээлэв. Мөн 2023-2024 онд УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 10-13 хувийн хүүгийн дэмжлэгтэй 3.5 их наяд төгрөгийн зээлийг 30 796 зээлдэгчид олгосон аж. Эдгээр зээлийн үлдэгдэл нь энэ оны хоёрдугаар сарын сүүлийн байдлаар 2.2 их наядаас давсан бол хүүгийн хөнгөлөлт 720 орчим тэрбум төгрөг байна. Энэ тухай Монголбанкнаас “Аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих, ажлын байр бий болгох, бизнесийг хамгаалах зорилгоор зээл, хөнгөлөлттэй зээл, хүүгийн татаас олгодог. Бүх л улс оронд авдаг арга хэмжээ. Ялангуяа стратегийн үйлдвэрлэл болох хүнс, эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд бизнесийг бойжуулах, экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах, борлуулалтыг дэмжих нь зүйн хэрэг. Эдгээрийн үр дүнд буюу зөвхөн хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон зээлийн нөлөөгөөр манай улс түүхий болон угаасан ноолуур экспортлохоо больж, зөвхөн дахин боловсруулан үйлдвэрийн аргаар самнасныг нь нийлүүлдэг болсон. Самнасан ноолуурын хилийн үнэ угааснаасаа 1.8 дахин өндөр байдаг. Уул уурхайн бус экспортын орлогын ихэнхийг ноолуур, ноолууран эдлэл, ноос, арьс, шир зэрэг малын гаралтай түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүнээс бүрдүүлж, жилд 400-500 сая орчим ам.доллар олж байна. Цаашид уг салбарт олгох зээлийн хэмжээг өсгөн, бүтээмжийг дээшлүүлснээр жил бүр нэг тэрбум ам.доллар олох боломжтой. Бас хүнсний хөтөлбөрүүдэд олгосон хөнгөлөлттэй зээлийн үр дүнд 2020 оныхтой харьцуулахад 2025 онд зах зээл дэх бүтээгдэхүүний нэр, төрөл 2025 хувиар нэмэгдсэн” гэсэн юм.
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЭРЧИМ ХҮЧ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ ТАТААСНЫ ДИЙЛЭНХ НОГДДОГ
2017 оноос хойш бараг 10 жил хэрэгжүүлж буй эрчим хүчний татаас буюу цахилгааны шөнийн хөнгөлөлт гэж бий. Үүнд улсын төсвөөс нийт 110 орчим тэрбум төгрөг зарцуулаад байгаа бол 99.5 тэрбумыг нь бүрэн хөнгөлөлтөд, үлдсэнийг нь хэрэглэсэн цахилгааных нь төлбөрийн 50 хувийг даахад зарцуулжээ. Гэтэл нийт хөнгөлөлтийн 62 орчим хувь нь өндөр хэрэглээтэй өрхүүдэд, 38 нь бага хэрэглээтэй айлуудад ногдсон аж. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилд давхардсан тоогоор 711 000 орчим айлд цахилгааны хөнгөлөлт үзүүлснээс 15 хувь нь буюу 107 000 орчим өрх нийт хөнгөлөлтийн 62 хувийг хүртжээ. Нөгөөтээгүүр, агаарын бохирдол төдийлөн буураагүй, нүүрсний шаталтаас үүдсэн хорт утааны хэмжээ бараг өөрчлөгдөөгүй гэхэд болно. Үүн дээр нэмээд нүүрсний татаас гэж бий. “Тавантолгой түлш” компанид гэхэд 2011-2025 онд 450 гаруй тэрбум төгрөг олгосон аж. Орчны бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зэрэгт олгож буй татаасны мэдэгдэж буй дүн нь л ийм.
Дээр дурдсанчлан, хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл, татаас олгосоор ирсэн. Бүр ямаанд хөрөнгө оруулж байсныг бодоход өдгөө ноолуур самнах, хоршоо байгуулах, бяслагийн үйлдвэртэй болох зэргээр арай бодитой болж ирэв. Гэхдээ л уг салбарт зарцуулж буй хөрөнгө чамлахааргүй. Тухайлбал, зөвхөн “Цагаан алт” болон “Шинэ хоршоо” хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөгөөс давсан байна. Хөдөлмөр их зарцуулдаг ч, бүтээмж багатай хөдөө аж ахуйн салбарын татаас нь бусад салбартай харьцуулахад улс төрийн популист амлалт маягаар явж ирсэн хэмээн мэргэжилтнүүд өгүүлдэг. Энэ талаар “Тинк Монгол” судалгааны институтийн судлаач, эдийн засагч Б.Эрдэнэбат “Татаас нь чухал бараа, үйлчилгээг нийгэмд хүртээмжтэй болгох, үйлдвэрлэлийг дэмжих, тэгш бус байдлыг бууруулах болон эмзэг бүлэгт чиглэсэн дэмжлэг юм л даа. Мөн зах зээлийн гажуудлыг бууруулах, шинэ салбарыг дэмжих, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор татаас олгодог. Манай улс дахь нийт татаасны 80 орчим хувийг хөдөө аж ахуй, эрчим хүч, нийтийн тээврийн салбарт зарцуулж байна. Хөдөө аж ахуйн салбарын татаас нь сонгууль угтсан, популизмын шинжтэй нь ажиглагддаг. Мөн уг салбарыг зах зээлийн зарчмаас гажуудуулж, өрсөлдөөнийг бууруулдаг гэхэд болно. Эрчим хүчний салбарын хувьд бүх үйлдвэр, нүүрсний уурхайнх нь тоног төрөөрөмжийн насжилт өндөр болсон, хоцрогдсон, зөвхөн татааст суурилж “амьдруулж” буй нь нууц биш. Нийтийн тээврийн хувьд татаас нь нэмэгдсэн ч үйл чилгээ, хүртээмж нь сайжирдаггүй, хөгжиж дэвшдэггүй. Үүнээс гадна компаниудын зардлын бодит тооцоо, түүнд үндэслэн олгож буй нөхөн олговорын тайлан мэдээлэл хомс, төр өөрөө үйлчилгээ бий болгож, өөртөө хяналтгүй, өндөр татаас олгодог байдал хавтгайрсан. Эдгээрээс харахад татаасны бодлогын үр дүнг тайлагнаж, үнэлдэггүй, зарцуулсан хөрөнгө нь зорилгоо гүйцэлдүүлж буй, эсэхийг дүгнэдэггүй юм байна. Цаашид төрийн захиргааны, холбогдох чиг үүргийн байгууллагууд нь татаасны бодит дүнг тогтмол мэдээлдэг байх, салбаруудад олгож буй хэмжээг нь л тайлагнах бус, ямар шалгуураар олгосныг дурдах, хөрөнгө оруулалтын үр дүнг шинжлэх, мэдээлэх хэрэгтэй. Том зургаараа эдийн засаг, нийгэмд оруулсан бодит үр дүнг тооцож, татаас, хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний экспортын орлогод эзэлсэн хэмжээ, хөдөлмөрийн зах зээл болон татварын орчинд үзүүлсэн нөлөө зэргийг ил тод болгох шаардлагатай” хэмээв.
“БҮХ САЛБАРЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР НЬ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРААСАЙ”
Манай Төвбанкны бодлогын хүү 12. Энэ нь мөнгөний үнэ буюу зах зээлд мөнгийг хамгийн хямдаар ийм хүүтэйгээр борлуулна гэсэн үг. Үүн дээр арилжааны банкууд, ББСБын хүүг нэмж бодвол мөнгөний жилийн хүү багадаа 18-20 хувь болж ирнэ. Гэтэл Засгийн газар, Төвбанкнаас олгож буй хөнгөлөлттэй зээл жилийн 5-8 хувийн хүүтэй байдаг бөгөөд татаас нь дунджаар 10 хувьтай. Засгийн газар, Төвбанк нь үйлдвэрлэгч биш учраас татаасанд зарцуулах мөнгө татвараас, улмаар иргэдийн халааснаас гарч буй хэрэг. Хэн нэг нь үйлдвэр барих, бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг олшруулахдаа улсаас хямд зээл авдаг гэж буй ч зээлийнх нь эх үүсвэрийг иргэдийн татвар бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл, зуун сая төгрөгийн, таван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан компани хүүгийн төлбөрт жилд таван сая төгрөг төлж байж болох ч нэмээд багадаа 10 саяыг улсаас төлнө гэсэн үг. Улсын мөнгө гэж байхгүй, татварынх буюу иргэдийн хөдөлмөрөөс бүтсэн хөрөнгө л гэж бий. Нөгөөтээгүүр, хөнгөлөлттэй зээл, татаас олгоод ч бүтээмж муутай, үр дүн нь харагддаггүй салбарууд байна. Үүнд нийтийн тээвэр, эрчим хүч зарим дэд бүтцийн салбарыг нэрлэхэд буруудахгүй. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгийн хэмжээ их сонсогддог ч жил ирэх бүр бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, мах, сүүний үнэ нэмэгдсэн хэвээр. Татаасыг бүрдүүлж өгч буй иргэдэд үр дүн нь мэдрэгддэггүй ийм л жишиг тогтож. Үүнийг эргэн харж, бүх мэдээллийг нээлттэй болгох, үр дүн гарсан бол тайлагнах учиртай. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн, “Баянчандмань хайрхан уул” компанийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Г.Санжмятав “Зах зээлийн нийгэм рүү манай улс шилжээд бараг 40 жил боллоо. Хагас зууны дайтай ийм урт хугацаанд хөл дээрээ бүрэн зогссон, улсдаа өгөөж ашгаа хүртээсэн, олон мянган ажлын байр бий болгосон, томоохон үйлдвэр, корпорац алга. Энэ нь уул уурхайн бус салбарын экспортын орлогоос л шууд харагддаг. Уул уурхайн салбар нь түүхий эд л нийлүүлдэг учраас бас магтаад, онцгойлоод байх нь учир дутагдалтай.
Улсаас хэдэн арван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, татаас авсан хэр нь зөвхөн тухайн компани хөлжиж, орлого, борлуулалт сайжраад байвал ямар нэмэр байх вэ. Ялангуяа эрчим хүчний салбарын татаасыг бүр больж, тарифыг нь зах зээлийн жишигт хүргэх хэрэгтэй. Эхний хэдэн жил иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүнд тусах ч яваандаа байдал сайжирна. Үгүй бол бид илүү олон жил далд байдлаар татаасанд шимэгчлүүлж амьдарна гэсэн үг. Ер нь бүх салбар, үйлчилгээ, үйлдвэрлэлийг зах зээлийн зарчмаар нь хөгжүү лэхэд анхаарч, татаас, хөнгөлөлтийг аль болох хязгаарлаж өгвөл хөгжинө. Одоо бол бид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд, татаас авагчид нь ашигтай ажиллаад, татаас, хөнгөлөлттэй зээлийг дагасан авлига, ашиг сонирхол нь ихдээд, олигтой хөгжихгүй байна шүү дээ” хэмээв.