-Спикерийг томилох асуудлаар АН нэг өдрийн завсарлага авлаа
Шинэ Засгийн газрыг байгуулахын өмнө эхлээд УИХ-ын даргаа тохирох шаардлага МАН-д үүсээд байв. Тиймээс тус намын дарга Н.Учрал спикерт горилогчдыг бүгдийг нь хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонссон аж. Улмаар дотроо хоёр хуваагдаад буй УИХ дахь бүлгээс нь тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэхээр тунаж үлджээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бүлэглэлээс С.Амарсайхан, олонхын талаас С.Бямбацогтыг өрсөлдүүлж, санал хураахаар болсон гэнэ. Гэвч өчигдөр өглөө Удирдах зөвлөл нь хуралдахын өмнө С.Амарсайхан нэрээ татсан байна. Тиймээс зөвхөн С.Бямбацогтын нэрийг дээрх хуралдаанд танилцуулж, 100 хувийн саналаар түүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээллээ. Түүний ярианаас бүлэглэлүүд нь тохиролцжээ гэж ойлгож болохоор байгаа ч МАН дахь 1980-аад оныхон гомдолтой хэвээр аж. П.Сайнзориг, А.Ариунзаяа зэрэг Л.Оюун-Эрдэнийн талынхан “Хүч түрж шийдэж байна” гэсэн байр суурьтай байв. МАН-ын бүлгийнхэн эвлэрье гэвэл тэдэнд таалагдсан томилгоо хий, үгүй бол Засгийн газарт бүлэглэл нь орохгүй хэмээн “гомдоллов”. Харин С.Амарсайхан “Би анхнаасаа нэрээ дэвшүүлээгүй учраас татсан гэх ойлголт үгүй” гэсэн тайлбар хийлээ.
Үүний дараа УИХ дахь бүлэг нь хуралдахад олонх нь буюу 53 хүн С.Бямбацогтыг дэмжсэн байна. ТэгэхээрЛ.Оюун-Эрдэнийн талд 30 биш, 15 хүн л үлдсэн бололтой. Ийнхүү “ялагдаж” эхэлсэн тул тэд АН-аас санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл буюу “Спикер намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ” гэсэн санааг дэмжиж эхэлсэн байна. Тэгвэл С.Бямбацогт намын бүлэгтээ ч, парламент дотор ч эв нэгдлийг эрхэмлэж, төвийг сахиж ажиллана гэдгээ амлав. Мөн олонх, цөөнхийн зөрчлийг шийдэж, туулж ирсэн туршлагатай хэмээн өөрийгөө тодорхойлсон. АН-аас санаа чилсан УИХ-ын дарга намаас түдгэлздэг байх хуулийн төсөл батлагдвал мөрдөхөд бэлэн гэсэн юм.
УИХ-ын тухай хуулийн 11.3-т “УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасан. Тэгэхээр 64-өөс дээш хүн дэмжиж байж түүнийг парламентын спикерээр сонгоно гэсэн үг. Үүний дагуу нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХын даргыг сонгох асуудлыг оруулсан ч АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авав. Сөрөг хүчин ийнхүү хоёр дахь удаагаа Л.Оюун-Эрдэнийн талд орж, хамтран акц хийж буй нь энэ юм.
С.Уул