Соёл, урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод-2025” наадмыг ДБЭТ-т энэ сарын 27-нд зохион байгууллаа. “Чингис хаан” одонт, Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Төрийн дуулал эгшиглүүлснээр 17 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам хөшгөө нээсэн юм. Энэ үдэш салбарын түүчээ болсон уран бүтээлчид нэгэн дээвэр дор цугларч, өнгөрсөн жилийн ололт амжилтаа дүгнэн, үзэгчдийн халуун алга ташилт дор 2025 оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодрууллаа.
Тус наадмаар анх зургаан төрөлд шилдгүүдийг тодруулдаг байсан бол өнөө жил соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайз, дэлгэцийн болон дүрслэх урлаг, нийтлэл нэвтрүүлэг, дижитал, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, судлаач гэсэн 14 төрөлд шилдэг бүтээлийг шалгаруулав. Мөн найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 номинацад шилдэг уран бүтээлчийг тодруулжээ. Уран бүтээлийн агуулга, түүхэн ач холбогдол, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг харж дүгнэн уг наадамд 183 уран бүтээлчийг өрсөлдүүлсэн байна.
“ТЕАТР ХУВЬ ХҮНЭЭС АСАР ИХ ТЭВЧЭЭР, АВЬЯАС, ХҮЧ ХӨДӨЛМӨР ШААРДДАГ”
Засгийн газрын 2008 оны Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах тухай 195 дугаар тогтоол баталснаас хойш жил бүр тус наадмыг зохион байгуулж буй. Соёлын тухай хуулийг хэрэгжүүлэх, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилго бүхий хамгийн том наадам нь энэ билээ.
“Мөнгөн мод-2025” наадмын салхийг хагалж, дүрслэх урлагийн салбарын шилдгээр Н.Ринчин-Очирын “Сарны дор тэнгэрийн хаяанд” хэмээх бүтээл тодорсон нь энэ үдшийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Уг бүтээл нь уран бүтээлчийн ур чадвар, сэтгэлгээний цар хүрээг илтгэхийн зэрэгцээ наадмын шүүгчдээс агуулга болон гүйцэтгэлийн хувьд өндөр үнэлгээ авсан байна. Дүрслэх урлагийн төрөл нь хүний дотоод ертөнц, байгаль дэлхий, цаг хугацааны хэлхээсийг өвөрмөц өнгө төрхөөр илэрхийлдэг тул Н.Ринчин-Очирын эл бүтээл ийнхүү шилдгээр шалгарсан аж. Харин гэрэл зургийн шилдэг бүтээлийн шагналыг “Шонхор” номоороо АТГ-ын дарга асан Х.Энхжаргал хүртсэн юм. Байгаль дэлхий, ан амьтан, тэр дундаа Монгол орны бахархал болсон шонхор шувууны амьдрал, дүр төрхийг гэрэл зургийн хальснаа өвөрмөц өнцгөөс буулгасан энэхүү бүтээл зөвхөн “Мөнгөн мод” төдийгүй олон улсын цөөнгүй наадмаас шагнал хүртээд буй.
Тайзны урлагийн шилдэг бүтээлээр УДЭТын хамт олон Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” драмын жүжгээрээ шалгарлаа. Мөн тус театрын жүжигчин Т.Сэргэлэн тайз, дэлгэцийн шилдэг жүжигчний шагналыг хүртсэн юм. Тэрбээр УДЭТ-ын 95 жилийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй “Анна Каренина” жүжгийн Алексей Вронски, Нобелийн шагналт Южин О’Нилийн зохиол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийн Эбин Кэбот, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”-ын Базарын дүрээр үзэгч олны эчнээ танил нэгэн билээ. Т.Сэргэлэн “Миний аав, ээж аж үйлдвэрийн салбарт насаараа зүтгэсэн хөдөлмөрч хүмүүс бий. Би урлагийн замыг хөөсөн учраас гэр бүлдээ тэр бүр тусалж чаддаггүйдээ харамсдаг. Амжилт бүрийн минь ард тэд минь түшиг тулгуур болдог. Анх Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулсан У.Шекспирийн “Гамлет” жүжгийн олны хэсэгт тоглосноос хойш УДЭТ-т 12 дахь жилдээ ажиллаж байна. Театрт оршин тогтноно гэдэг хувь хүнээс асар их тэвчээр, авьяас, оюун санааны эрч хүч,
хөдөлмөр шаарддаг. Театрын урлагт амьдралаа зориулна гэдэг бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ховор, баатарлаг үйлс юм. Тиймээс театрын уран бүтээлч бол дайчин мэргэжил гэж хэлнэ. Энэхүү баатарлаг үйлсийн төлөө зүтгэж буй хамт олондоо Театрын баярын мэнд хүргэе” хэмээв.
Ингээд “Мөнгөн мод” хүртсэн бусад уран бүтээлч болон бүтээлийг танилцуулъя.
Шилдэг удирдаач- “Анир” поп оркестрын удирдаач, Урлагын гавьяат зүтгэлтэн (УГЗ) Б.Алтанхуяг
Шилдэг продюсер- Улсын хүүхэд, залуучуудын театрын захирал Н.Ариунболд
Шилдэг зохиолч- “Бүсгүй”, “Татар” киноны зохиолоор А.Миеэгомбо
Шилдэг найруулагч- “Muralist” уран сайхны киногоор найруулагч Ж.Сэнгэдорж
Шилдэг хөгжмийн зохиолч- ҮУИТ-ын уран сайхны удирдагч,
хөгжмийн зохиолч, УГЗ Б.Чинбат
Шилдэг бүжиг дэглээч- ‘”Ромео ба Жульетта” жүжгээр Улсын хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлч О.Хэрлэнбаяр
Шилдэг бүжигчин- Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин Б.Мөнх-Эрдэнэ
Шилдэг дуучин- ОХУ-ын Марийнский театрын гоцлол дуучин Д.Дагвадорж
Шилдэг хөгжимчин- ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Н.Шүрэнцэцэг
Соёл урлагийн шилдэг судлаач- “Монгол бий биелгээ” бүтээлээр СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ш.Эрдэнэцэцэг
Тайз, дэлгэцийн шилдэг зураач- Хүүхэлдэйн театрын зураач Т.Мөнхбат
Дуу, хөгжмийн шилдэг бүтээл- “Best of Khusugtun” пянзаар “Хөсөгтөн” хамтлаг
Кино урлагийн шилдэг бүтээл- “Цөвүүн цаг” уран сайхны киногоор “Жийж” продакшн
Ном, хэвлэлийн шилдэг бүтээл- “Монголын нууц товчоон I: Тэнгэрийн тэмдэг” зурагт цувралаар “Болор судар” хэвлэлийн газар
Соёлын өвийн шилдэг бүтээл- “Мөнх тэнгэрийн бичиг” тусгай үзэсгэлэнгээр
Хүүхдийн урлан бүтээх төв Зар сурталчилгааны шилдэг бүтээл- “365 анхаарч хайрлая” нөлөөллийн аянаараа ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх алба
Хувцас загварын шилдэг бүтээл- “Cashmere tech” ноолууран хувцас загвараар “Говь” брэнд
Уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг- “Хотын бүсгүй хөдөө нутагт” цуврал контентоор ETV телевиз
Дизайны шилдэг бүтээл- “Угсаатан гэр” компани
Соёлын дижитал шилдэг бүтээл- “Шивээ Хиагт хот 1921 он” Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей
Архитектурын шилдэг бүтээл- “Хархираа” зочид буудлын барилгын архитектураар “Динновэйшн” компани
“СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ШИГ “НЯЛУУН” ТАРААЖ БОЛОХГҮЙ”
Хэдийгээр наадам ёслол төгөлдөр болсон ч шүүлтийн систем болон төрөл зүйлийн ангилалд уран бүтээлчид нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. Наадмын шүүгч, утга зохиол, театр судлаач Х.Чойдогжамц “Тус наадмыг хоёр дахь жилдээ шүүлээ. Дахиж шүүмээргүй санагдаж байна. Шилдгийг шударгаар тодруулж шагнал гардуулдаг болохоос сонгуулийн сурталчилгаа шиг “нялуун” тарааж болохгүй” гэсэн юм. Мөн хүүхдийн зохиолч Н.Энхтайван хүүхдийн уран зохиолыг соёл судлалын орчуулгын бүтээлтэй нэг төрөлд харьцуулан дүгнэсэн нь өдөр, шөнө шиг ялгаатай зүйлсийг ижил түвшинд авч үзсэн хэрэг хэмээн шүүмжлэв. Тэрбээр “Өнгөрсөн жил би ном, хэвлэлийн төрөлд нэр дэвшсэн. Гэтэл хүүхдийн уран зохиолын бүтээлийг соёл судлалын чиглэлээр багаараа ажилласан орчуулгын номтой харьцуулж дүгнэсэн нь байж боломгүй санагдсан. Эрдэмтэн, зохиолч Л.Түдэв гуай “Хүүхдийн уран зохиолын онцлог” номдоо энэ салбарыг уран зохиолын хамгийн хүнд төрөл гэж тодорхойлсон байдаг. Хүүхдийн ертөнцөд зориулж, оюун билэг, авьяас чадвараа шавхан туурвисан бүтээлийг хэд хэдэн хүний хамтарсан судалгааны орчуулгын номтой жишин үзнэ гэдэг өдөр, шөнө шиг ялгаатай зүйл. Гэвч “Мөнгөн мод” наадам тэгж л дүгнэсэн. Хүүхдийн уран зохиол, орчуулгын судалгааны бүтээлийг ижил түвшинд авч үзэж болохгүй” хэмээв.
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ, ЖҮЖИГЧНИЙГ КИНО, ТЕАТРААР НЬ САЛГАХ ШААРДЛАГАТАЙ
Мөн анхаарал татсан өөр нэг асуудал нь төсөв болон үнэлэмжийн зааг байлаа. Хэдэн зуун саяар бүтсэн төв театрын бүтээлийг бор зүрхээрээ цөөхөн сая төгрөгт багтаан хийсэн орон нутгийн бүтээлтэй ижил түвшинд шүүж байгаа нь шударга бус гэх хүн ч олон аж. Үндсэндээ уран бүтээлийн чанар чансаа, зохиогчдын мэргэжлийн ур чадвар, өгөөж болон онцлогийг бодитой үнэлсэн, эсэхэд эргэлзэх хүн цөөнгүй байв. Түүнчлэн шүүгчид нэр дэвшсэн бүтээлүүдийг нэгбүрчлэн үзсэн, эсэхэд эргэлзэж буйгаа уран бүтээлчид нуусангүй. Үүнээс гадна тайз болон дэлгэцийн урлаг гэж салбараар нь ангилж байгаа бол шилдэг найруулагч, жүжигчний номинацыг ч кино, театраар нь салгах шаардлагатайг салбарынхан онцоллоо.
УРЛАГИЙН НААДАМ БИШ ГЭЖ ҮҮ
Анх зөвхөн соёл, урлагийн салбарынхны дунд зохион байгуулж, жинхэнэ утгаараа мэргэжлийн үнэлэмжийг тогтоодог байсан тус наадам өдгөө хүрээгээ тэлэхийн хэрээр анхны мөн чанараа алдаж буйг салбарынхан нь нуусангүй. Тухайлбал, сүүлийн хоёр жил дараалан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албанд “Мөнгөн мод” гардуулсан нь олон хүний гайхширлыг төрүүлэв. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс урамшуулах ёстой хууль сахиулах байгууллагын нөлөөллийн аяныг урлаг, соёлын сор бүтээлүүдтэй нэг түвшинд авч үзэн, ийнхүү шагнал гардуулсан нь наадмын үнэ цэнийг бүдгэрүүлсэн, утгагүй шийдвэр боллоо гэх хүн олон. Соёл, урлагийн шилдгүүдийг алдаршуулах ёстой тайз нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагын ажлаа тайлагнадаг газар болон хувирч буй нь харамсалтай.
Угтаа “Мөнгөн мод” бол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зохион байгуулдаг улсын хэмжээний хамгийн том наадам. Тиймээс уран бүтээлийн чанар, мэргэжлийн ур чадвар, өгөөжийг илүү бодитой, шударгаар шүүх нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтойг уран бүтээлчид энэ удаагийн “Мөнгөн мод”-оор сануулсан юм.
Э.Сүйлэн