Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Монгол Улсын түүх” (I-XXX боть) зохиох ажлыг 2027 оны гуравдугаар сард багтаан дуусгахаар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхэн тэргүүтэй 150иад түүхч толгой өөд татах завгүй шамдаж байна. 20 гаруй жилийн дараа улсынхаа бүрэн түүхийг нарийвчлан тодруулж гаргах хүндтэй даалгавар авсан эрдэмтэн, судлаачид маш шахуу хугацаанд 30 боть зохиох гэж буй нь энэ юм. Хоёр жилийн өмнө буюу 2024 оны арваннэгдүгээр сард Монголын түүхийн 30 боть зохиож, хэвлүүлэх Төрийн тэргүүний зарлиг гарч, тухайн үеийн Засгийн газарт хариуцуулсан ч гүйцэтгэх засаглалынхан үнэндээ өнгөрсөн жил үндэсний түүх, соёл, ном зохиол манатай, улс төрийн эгзэгтэй нөхцөлд байсан даа. Иймд салбарын төв байгууллага болох ШУА-д нь хариуцуулан эзэнжүүлж, 13 хүний бү рэлдэхүүнтэй редакцын зөвлөл байгуулснаар 30 боть бүтээлийн редактор, зохиогчдыг сонгон, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд эрдэмтэн, судлаачдад батламжийг нь гардуулсан билээ.
Түүх сөхвөл, анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүрэн түүхийг 1954 онд нэг, 1966-1968 онд дэлгэрүүлэн гурван боть хэвлүүлснээ 1984 онд нэгтгэн шинэчилж нэг боть эрхлэн гаргасан бол хамгийн сүүлд 2003 онд “Монгол Улсын түүх” нэртэй таван боть эмхэтгэн хэвлүүлсэн түүхтэй. Монголын түүхийн үндэс нь эх дэлхийн хуурай газрыг хаван тархсан, салаа, мөчир нь бөмбөрцгийн дайдад дэлгэрэн түгсэн өнө эртний улбаатай, өтгөн саглагар модтой зүйрлэвэл үр жимс нь жилээс жилд өргөжин шинэчлэгддэг байж таарна. Ардчилсан хувьсгалаас хойш манай түүхчид эх түүхээ эргэж харах, засаж залруулах, үзэл суртлын улмаас зориуд орхигдуулсан хэсгийг нь тодруулан гаргах, бодит судалгаа, сурвалжид тулгуурлан шинээр бичих үйл хэрэгт ханцуй шамлан орсон байдаг. Улмаар 2003 онд тухайн үеийн Түүхийн хүрээлэнгийн захирал, профессор А.Очирын удирдлага дор “Монгол Улсын түүх” хэмээх таван боть бүрэн түүхийн эмхэтгэлийг хэвлүүлснээс хойш түүхчид өөрсдийн чиглэл тус бүрээр хийсэн судалгааны шинэ ололт, амжилтуудаа нэгтгэн дүгнэж, агуулгуудаа нарийвчлан цэгцлээд, нэгдсэн байр сууриа дотоод, гадаадын түүх сонирхогчдод хүргэхийг арав гаруй жилийн өмнөөс л ярьж байж. Тэгвэл энэ удаа үндэсний хэмжээний түүхч, эрдэмтдийг өргөнөөр хамруулан, ард иргэд болоод гадаадын судлаачдад нэгдмэл ойлголт өгөх зорилгоор Монгол Улсын бүрэн түүхийг бичих ажил ийнхүү эхэлжээ.
Бүтээлийн багт Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн шалгуур шаардлагыг хангасан, өндөр ур чадвартай мэргэжлийн судалгааны хүрээлэн, төв, музей, их, дээд сургуулийн нийт 150 шахам түүхч эрдэмтэн ажиллах бөгөөд есөн академич, шинжлэх ухааны доктор (Sc.D) 19, доктор (Ph.D) 107 байгаа аж. Тэд “Монгол Улсын түүх” (I-XXX боть)-ийг Монголын эртний түүхээс Эзэнт гүрэн хүртэлх 10 боть, Их Монгол улс болон түүнээс хойш XVII зуун хүртэлх 10, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэлх 10 боть гэсэн гурван үечлэлээр бичих аж. “Монгол Улсын түүх” (I-XXX боть) бүтээлийн ерөнхий редактор, академич Ц.Цэрэндорж “Янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад өмнөх таван ботид агуулга нь дутуу дулимаг, учир дутагдалтай орсон түүхийн тодорхой үеүд бий. Тухайлбал, Монголын эзэнт гүрний түүхийн хэсэг хэт товчхон орсон. Одоо энэхүү 30 ботид түүхийн үе болгоныг нарийвчлан авч үзэж, шинэ судалгаагаар гүнзгийрүүлэн баяжуулж, зарим маргаантай байсан хэсгийг тодруулан нэг талд нь гаргаж, огт судлагдаагүй орхигдсон он цагийг ч нөхөж оруулах болсноороо ач холбогдолтой. Энэ 20 гаруй жилийн хооронд зөвхөн эртний түүхийн тухайд гэхэд л манай түүхчид монгол нутагт хүн амьдарч байсан он цагийг эрс урагшлуулж, 850 мянган жилийн өмнөөс гэдгийг тогтоосон. Судлаачдад өөр өөрсдийнх нь судалдаг чиглэлийг хариуцуулсан тул илүү дөхөм байгаа” хэмээн ярилаа. Монголын түүхийн бүрэн зураглал гэж ойлгож болохуйц энэхүү 30 ботид харин бурхны шашны монголчуудад үлдээсэн өвийн талаарх судалгаа шинжилгээг хараахан төлөвлөөгүй, хариуцсан судлаач, түүхч одоогоор томилогдоогүй байгаа нь анхаарууштай санагдсаныг нуух юун.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд бүхий л ажил, амьдралаа зориулж яваа судлаач, түүхчдийн хувьд улс эх орныхоо үүх түүхийг үнэн зөвөөр нь бичин үлдээж, алдаа мадаг гарвал баримт нотолгоонд үндэслэн даруй засаж шинэчлэх сэн гэдэг мөнхийн үүрэг өөрсдөдөө оноож, тэрхүү хүсэл зоригоороо асуудалд хандах нь зүйн хэрэг. Харин үүнийг нь далимдуулаад аль нэг нам, эрх баригчид, улс төрчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэх, улс төрийн зорилгодоо пиар болгон ашиглахаар санаархвал утгагүй. “Монголын түүхийн 30 боть зохиох ажил эхэллээ” гэдэг мэдээтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээнд “үнэн бодитой байж чадах уу”, “хэний захиалгаар хэн бичих гэж байгаа юм”, “өмнөх алдаагаа давтахгүй биз дээ” гэх зэрэг асуулт хөвөрсөн. Монголчууд төрт ёс, түүх, соёл, өв уламжлалдаа хүндэтгэлтэй, элгэн халуун сэтгэлээр ханддаг ард түмэн учраас ингэх нь ч аргагүй биз. Өнөөгийн яаруу давчуу хугацаат үүрэг даалгавраас харахад ч үүнийг анзаарахгүй орхиж, эсвэл дуугүй өнгөрч боломгүй.
Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн энэ онд тохиож буй, ирэх 2027 онд Эзэн богд Чингис хааны мэндэлсний 865 жилийн ой таширхлахтай холбогдуулан Ерөнхийлөгч дээрх 30 ботийн ажлыг яаравчлуулсан байж болно. Гэхдээ заавал 2027 оны гуравдугаар сард багтааж Монголын бүрэн түүхийг нэгтгэн бичиж, хэвлэж дуусгана гэснээс харахад энэ нь үнэхээр шинжлэх ухааны төсөл үү, эсвэл улс төрийн нөхцөлт цаг хугацаанд тааруулсан бүтээл үү гэдэг асуулт зайлшгүй урган гарна. Учир нь 2003 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед хэвлүүлсэн таван боть бүтээлийг шинээр зохиохын тулд түүхчид 1999 оноос хойш буюу бүтэн дөрвөн жил гаруй сууж байж “гараас гаргасан” гэдэг. Тэгвэл одоо тав биш, 30 ботиор Монгол Улс бүрэн хэмжээний түүхээ шинэчлэн бүтээх гэж байхад ганцхан жилийн хугацаа судлаачдад хангалттай байж чадах уу. 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын хурлын сонгуулиас өмнө одоогийн эрх баригч Монгол Ардын нам өөрсдийн түүхээ засах, эсвэл товойлгох санаархал агуулах вий, хэн нэг эрх мэдэлтэн өөрийгөө дөвийлгөх оролдлого гаргаж зохиогчдод нөлөөлөх вий гэдэг болгоомжлол, хардлага эх орон, түүх соёл, төрт ёсны уламжлалдаа хайртай монголчуудын дунд байгааг сануулах хэрэгтэй.
Судлаачдад батламж гардуулах үеэр тус бүтээлийн ерөнхий редактор, академич С.Чулуун “Монгол Улсын бүрэн түүхийн 30 боть нь манай бүхий л цаг үеийн түүхэнд хамгийн олон ботиор бичигдэж буй төрийн албаны түүх юм. Мөн Монголын түүхчид өөрсдөө монгол төрийнхөө захиалгаар бичиж байна. Бидний бүтээхээр зүтгэж буй “Монгол Улсын түүх” (I-XXX боть)-д бичигдсэн үг, өгүүлбэр бүр ирээдүйд Монголын түүхийн чиг баримжаа, үнэний мадаг болон үлдэх түүхэн хариуцлага” хэмээсэн. Маргаангүй үнэн. Социализмын үзэл суртлын үед хэвлүүлсэн гурван ч удаагийн ботиос түүхээ хэрхэн гажуудуулсан тухай бидний авсан сургамж багадаагүй тул үүнийг давтахгүй байхад хаана хаанаа анхаармаар. Ийм л түүхэн их үүрэг хариуцлагатай томоохон бүтээлийг нэг жилийн дотор “машиндана” гэхээр шинжлэх ухааны нэрээр улс төрийн оноо авах гэсэн давхар логик уншигдаад байгаа юм. Редактор, зохиогчдын багт орсон түүхчдээс асуухад “Зөвхөн Их Монгол Улс, Эзэнт гүрнийх, эсвэл социализмын үе гэлтгүй, түүхийн бүхий л үечлэл болгонд нэмэлт, өөрчлөлт, засвар, баяжуулалт орж байгаа. Миний судалдаг сэдэв юм чинь гээд хуучин бүтээлээ өгчхөж болохгүй. Аль болохоор л хамгийн сүүлийн үеийн судалгааны ололт амжилттай нийцүүлэн шинэчлэх, харьцуулан шинжилж, нэгтгэн дүгнэх учраас цаг орох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ энэ бол судлаач хүний хувьд нэр төрийн хэрэг” гэцгээж байв. Хамгийн маргаантай үе бөгөөд хамгийн их судлагдсан гэдэг үүднээс XX-XI зууны Монголын түүхийн ботийг хамгийн олон буюу 20 гаруй судлаач хамтран бичиж буй гэнэ. Түүхээ үнэн бодитоор бичиж үлдээх нь чухал ч ямар цаг үед, ямар нөхцөл, болзол, ямар учир шалтгаан, хүчин зүйлсийн нөлөө цаана нь байж болох вэ гэдэгт ялангуяа өнөөгийн энэ их улс төржилт, зорилготой пиар хөгжсөн нөхцөлд бүр ч хянамгай ажиж анхаарах учиртай.
Дэлхийн томоохон улс орнууд түүхээ хэдий хэр хугацаанд хэрхэн яаж бичдэг вэ. Орчин үеийн Historiography буюу түүх бичлэгийн онол нэг зүйлийг хатуу баримталдаг нь “түүх бол тасралтгүй шинэчлэгддэг шинжлэх ухаан” гэдэг ойлголт. Япон Улсын жишээнээс харахад, Токиогийн их сургуулийн Түүх судлалын хүрээлэнгээс XIX зууны сүүлээс эхлэн өнөөдрийг хүртэл 100 гаруй жилийн турш тасралтгүй шинэчлэн гаргадаг “Dai Nihon Shiryo” цуврал нь 887-1867 оны хоорондох гол үйл явдлуудыг хронологийн аргаар багтаасан түүхэн чухал эх сурвалж байна. Өмнөд Солонгост мөн л Солонгосын Үндэсний их сургуулийн Түүхийн хүрээлэнгийн дэргэд түүхийн холбогдолтой урт хугацааны томоохон төслүүдийн судалгаа хийгддэг бөгөөд үүнд төр тодорхой хэмжээнд оролцдог ч судлаачдын олон шатны хэлэлцүүлэгтэй, мөн хөндлөнгийн хараат бус шүүмжлэгчдийн хяналт сайтай. Тийм ч учраас 2015 онд төр буюу эрх баригчдын зүгээс түүхийн сурах бичгийг шинэчлэх ажлыг өөрсөд дээрээ өмчилж авах гэж оролдсон нь нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, “төрхөмдөө” буцсан удаатай.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа германчууд түүхээ дахин бичихдээ улс төрийн институцийн “заавраар” биш, академик байгууллагадаа түшиглэн олон арван жилийн чанартай судалгааг яаралгүй хийх эрх чөлөө олгосноор өөрсдийгөө шүүмжилсэн шинэ тайлбар ололтуудыг дэлхий нийтэд шударгаар илчилсэн байдаг. Олон улсын жишгээс харсан ч тэр, түүхийг хэн нэгэн эзэмшдэггүй, харин институц хамгаалдаг байх нь. Иймд улс төрийн сонгуулийн мөчлөгтэй давхацсан тулгар давчуу хугацаанд яаран бүтээж буй Монголын түүхийн 30 ботид улс төрийн пиар, кампанит ажлын “сүүдэр” тусахгүй байх талаас нь түүхчид маань судлаачийн нэр төрөө бодоод хичээгээсэй билээ.
Л.Аргамжин