Монголд үргэлжилж буй “Улаанбаатар-2026” насанд хүрэгчдийн сонирхогчдын боксын тивийн АШТ-д 25 орны 230 гаруй тамирчин оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Аса арена”-д 14 хоног өрнөх эл тэмцээний эхний өдрийн нээлтийн тулаанд үндэсний шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ Филиппин улсын тамирчин Норлан Петесиог шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5:0-ээр хожиж, эхний ялалтаа авав. Тэгвэл гадаадын боксчдоос эрэгтэйчүүдийн 67 кг-д Шамшер Саидов (Тажикистан) өрсөлдөгчөө хожиж, тэмцээнээ ялалтаар эхлүүллээ.
Эмэгтэйчүүдийн 51 кг-д “Токио-2020” олимпын болон ДАШТ-ий тус бүр хүрэл медальт Цүкими Намики (Япон), Сингапурын Ванн Чи Вай Кейг, Кум Бёл Ан (БНАСАУ) Казахстаны Жазира Уракбаеваг, Ву Юү (БНХАУ) Тайландын Чутамат Раксатыг, 54 кг-д Натнича Чонгпронгкланг (Тайланд) Узбекистаны Хуморабону Мамажоноваг, 57 кг-д Сянь Багухин (Филиппин) Сингапурын Даниша Матиалаганыг ялж, эхний ялалтаа авав.
Түүнчлэн хоёр дахь өдрийн тулаанд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Чэнь Зийи (БНХАУ) Японы Рико Ямадаг, Пунраве Руэнрос (Тайланд) гол өрсөлдөгч болох Вьетнамын Нгуен Хуен Траныг илүүрхсэн юм. 60 кг-д “Парис-2024” олимпын алтан медальт, тив, дэлхийн хошой аварга Лин Ю Тинг (БНХАУ) Тайландын тамирчин, дэлхийн мөнгөн медальт Тананья Сомнуекийг техникийн гайхалтай ур чадвараар ялж, боксын дэвжээнд хүчтэй өрсөлдөгч хэвээрээ гэдгээ батлав. Монголын эмэгтэйчүүдийн шигшээгээс М.Намуун Тажикистаны Бибинашастамо Холоваг энэ удаа эх орондоо буулгаж авч, жиндээ амаргүй учраа болохоо харуулсан. Прия Прия (Энэтхэг) Казахстаны тамирчин, Азийн аварга Римма Волосенког хожиж, тоглолтоо үргэлжлүүллээ. Эрэгтэйчүүдээс 55 кг-д Х.Билгүүнсайхан гайхалтай тоглолт үзүүлж, Филиппиний Аарон Жуде Бадог илт давуу хожсон. Түүний жинд өрсөлдсөн Руй Ямагучи (Япон) Энэтхэгийн Жадумани Сингх Манденгбамыг, Чиа Фэн Пэн (БНХАУ) Сингапурын Клайден Тео Хан Шернийг, дэлхийн хүрэл медальт Лю Чуан (БНХАУ) Тайландын Бохунтход Кангпиг, Анушервон Фазылов (Тажикистан) БНСУ-ын Се Хён Жог, Мэйлис Шадурдиев (Туркменистан) Киргизстаны Нурсултан Асанакуновыг, Шахзод Музафаров (Узбекистан) Йорданы тамирчин Махди Алмашалег шүүгчдийн саналаар хожиж, эхний даалгавраа амжилттай биелүүлсэн юм. Тэгвэл гурав дахь өдрийн тулаанд ОУХМ Б.Буяндалай 60 кг-ын жинд Энэтхэгийн тамирчин Сачин Сачин, эмэгтэйчүүдийн 54 кг-д дэлхийн хүрэл медальт М.Энхжаргал мөн тус улсын Прити Павартай тулалдахаар сугалаа таарчээ. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн мөнгөн медальт А.Баттулга шигшээ наймд тэмцээнээ эхлүүлж, БНХАУ-ын тамирчин Жоу Пэнтэй тоглоно. Тэрбээр одоогоор жиндээ дэлхийн чансааны II байрт бичигдэж буй. Тус жинд Энэтхэгийн Вишванат Суреш, Киргизстаны Бекзат Ергешов, Казахстаны Санжар Ташкенбай зэрэг хүчтэй өрсөлдөгч бий. Санжар Ташкенбай Английн Ливерпүүл хотод өнгөрсөн жил болсон ДАШТ-д аваргын төлөө А.Баттулгыг хожиж, хоёр дахь алтан медалиа хүртсэн юм. Тэрбээр мөн шигшээ наймд тулаанаа өрнүүлнэ.