
МАН-аас мэдээлэл хийлээ. МАН-ын Хууль зүйн газрын дарга Д.Мөрөн хэлэхдээ “МАН-ын сонгуулийн штаб руу шахалт шаардлагууд маш ихээр ирж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг байсан 49 хувийг худалдан авах тухай өөрсдийн саналыг илэрхийлэхийг хүссэн санал гомдол их ирсэн. Үүний дагуу үзэл бодлоо илэрхийлж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” компанийн захирал гэх 28 настай залуу биш Монголын ард түмэн эзэмших ёстой. Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж шийдэрлэх ёстой байтал УИХ-ын дарга сонгуулийн санал хураах явцад өөгшүүлсэн мэдэгдэл хийснийг бид эрс эсэргүүцэж байгаа юм. Үүнээс гадна АН-ын зүгээс хэд хэдэн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн. Үүнд:
- 11-р тойрогт АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатарын менежер н.Эрдэнэбилэг 6 сарын 26-ны өдөр мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан.
- Өнөөдөр ч мөн адил О.Амгаланбаатарын төлөө саналаа өгөөч хэмээн 10.000 төгрөг тараасан нь баригдаж яг одоо шалгагдаж байна.
- 6 сарын 28-нд 72-р тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, 75-р тойрогт нэр дэвшигч Ц.Цолмон нар Сонгуулийн хуулийг зөрчиж бие даасан нэвтрүүлэгт оролцож, Эрдэнэтийн талаар мэдээлэл хийсэн нь Сонгуулийн хуулийг шууд зөрчсөн үйлдэл юм.
- УИХ-ын дарга З.Энхболд мөн Эрдэнэтийн талаар хэвлэл мэдээллийнхэнд ярьсан. Энэ бол хууль зөрчиж байгаа асуудал гэж үзэж байна.