
Олимпод шавь нь түрүүлсэн ч багш нар нь алтан медаль авдаггүй. Харин Фижигийн регбийн шигшээ багийн дасгалжуулагч Бен Райан үүнээс хамаагүй дээр зүйл бэлгэнд авчээ.
Фижичүүд түүхэндээ анх удаа олимпын аварга цолоо Риогийн олимпод шинээр нэмэгдсэн “Регби 7” төрлөөр хүртсэн билээ. Тэгвэл англи дасгалжуулагч Бен Райанд фижичүүд Серуа мужид орших гурван акр буюу 0.0121406 км газар бэлэглэжээ.
Бен хэдийнэ үндэсний баатар болж, тус улсын ерөнхийлөгч Жиожи Конротегээс төрийн дээд одон медалиар шагнуулсан. Сонирхуулахад фижичүүд түүнд эртний уламжлалаараа удирдагчийн нэр өгсөн бөгөөд Бений фижи нэр нь Рату Пени Райяани Латианара юм. Энэ нэрийг тус улсын 14 мужийн нэг Серуагийн иргэд өгсөн байна.



Райан төрсөн нутагтаа буцаж очихоор төлөвлөж байгаа аж. Тэрбээр “Энэ газрыг үргэлж сэтгэлдээ тээж явах болно” хэмээн “The Fiji Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Райан Лондонд төрсөн нэгэн. Тэрбээр Английн шигшээ багийг удирдаж байгаад халагдаж, улмаар Фижиг дасгалжуулахаар болсон. Энэ жил 44 настай дасгалжуулагч шинэ багаа гурван жил дасгалжуулаад Риогийн олимпод өмнөх багаа ялж, түрүүлсэн юм.
Фижи улс 330 арлаас бүрддэг. Нийт 18,274 км газар нутгийн хэмжээгээр дэлхийд 156-д бичигддэг орон юм.