
БНХАУ-ын төрийн зүтгэлтнүүд жил тутамд нүүрс олборлох өдрийг багасгаж, 276-гаас (өмнө нь 330 байв) ихгүй байх шийдвэр гарсантай холбогдуулж, нүүрсний зах зээлд үнийн өөрчлөлт гарч эхэлсэн. Өнгөрсөн мягмар гаригт коксжих нүүрсний үнэ 14.80 ам.доллароор өсөж, нэг тонн нүүрсний үнэ 195,70 ам.долларын үнэлгээтэй болсноор энэ онд хамгийн их өсөлттэй байгаа түүхий эдээр тодорчээ.
Ингэснээр энэ оны эхний байдлаар түүхэнд хамгийн доод үнэ хүрээд байсан коксжих нүүрсний үнэ 150 хувиар, өнгөрсөн долдугаар сарынхтай харьцуулахад 111 хувиар өссөн байна.
Хятадад өнгөрсөн наймдугаар сард нүүрс олборлодог гол бүс нутгаар их хэмжээний бороо орж, ажил зогссон. Үүнтэй холбоотойгоор бүс нутгийн нүүрсний хэмжээг хангахын тулд гаднаас худалдаж авах нүүрсний хэмжээ ихэссэн юм. Шинжээчдийн үзэж буйгаар цаашид нүүрсний үнэ өсөж, 200 ам.доллар давах төлөвтэй байгаа аж.