
Барилгын салбарыг “ба, бэ”-гүй мэддэг хүнээс хэдэн сарын өмнө ярилцлага авсан юм. Албан яриагаа дуусгаад тэрбээр “Дэлгүүрт юм зараад сууж байгаа залуучуудыг ойлгодоггүй. Хайран цаг байгаа даа” гэж шогширсон. Цаг хугацааны үнэ цэнийг сайтар мэдэрсэн хүний амнаас л ийм үг унаж таарна. Хэрэв АНУ, Австрали, Швед зэрэг орон шиг нэг цагийн ажлын хөлс гэсэн “хууль” үйлчилдэг бол бид өдөр хоногийг үрэн таран хийдгээ байнга анзаарах байх даа!
Завгүй, яарсан үедээ ажлын хананд өлгөөтэй цагийг “гомдтол” нь, хялалзах үе надад зөндөө. Харин зарим өдөр “YouTube”, мессенжер зэрэгт их биш ч, багагүй цаг зарцуулчихсан байх тохиолдол бий. Их ажилтай байлаа ч хааяадаа сэргээш болгон дуу сонсоод авах нь буруу юу байх вэ. Гэхдээ энд цаг хугацааг хэрхэн ашиглах тухай ярих гээд байгаа юм шүү.
Нэг хүн “YouTube”-ээс дуу сонссоор байгаад сүүлдээ “анаашны хэл”-ээр хэрхэн ярих вэ гэсэн “юм” сонсоод сууж байх юм аа” хэмээн твиттертээ бичсэн харагдана лээ. Найзтайгаа “мессенжердэж” байтал “Цагаа “алаад”, алдаад байна” гэж бичсэнийг мартдаггүй. Цагаа “алах” гэж бичсэн болохоор санаанд үлдсэн байх. Өөр нэг найз маань “Угаасаа чиний хариуцаж авсан амьдрал ганц л байгаа” гэж бичсэн юм.
Тэрхүү амьдралаа сайн сайхан байлгахын тулд өдөр тутмын ажлаа хэрхэн амжуулах, түүний үнэлгээ хэр байх нь чухал. Яг таг тооцдоггүй юм гэхэд багцаалдаад мэдээд авчихвал цагаа дэмий үрэлгүй, хийх ёстой ажлаа амжуулахад (эсвэл ажлын байраа солих шийдвэрийг зоригтой гаргахад) тустай юм болов уу. “Би цагт 16 ам.доллар олдог гэдэг нь амьдралынхаа нэг цагийг ийм үнээр зарж байгаа гэсэн үг үү” гэж ярьсан гадаад танилынхаа хэлснийг санасан дээрээ хэрэгт дурлачихъя. Таны нэг цагийн ажлын хөлс хэд бол. Бодоод үзэхэд гэмгүй шүү.