
Япон улс өөрсдийн тогтоосон дээд амжилтаа 46 дахь жилдээ эвдэж, өнөө жил 100 настнуудын тоогоо 32 мянгаар нэмж буйг Эрүүл мэндийн яамнаас гаргасан тооцоогоор мэдэгджээ. Ингэснээр Наран улсад 100 ба түүнээс дээш настай 65 мянган хүн амьдарч буй аж.
Японд есдүгээр сарын 19-нд өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлэх өдөр хэмээн үздэг.
Сонирхуулахад, 1966 онд гаргасан судалгаагаар тус улсын 100 настны тоо зууд л тоологдож байсан бол 1998 онд 10 мянгад хүрч, 2014 онд энэ тоо 59 мянгад хүрч байв.
Японы засгийн газар албан ёсоор 1963 оноос хойш ахмадын баярын өдөрт зориулж (есдүгээр сарын 15) 100 нас хүрсэн иргэнд саказүки буюу мөнгөн тавагаар шагнах болсон. Энэ үед 136 иргэн л энэ шагналыг авч байв. Харин хоёр жилийн өмнө 59 мянган иргэнд энэ шагналыг олгоход нийт мөнгөн дүн 2.1 сая доллар зарцуулж байлаа. Тиймээс энэ жилээс эхэлж, засгийн газраас энэ шагналынхаа зардлыг багасгахад анхаарч буй юм.
Тус улсад өдгөө 127 сая иргэн амьдардаг. Үүний 25 хувь нь 65-аас дээш настай иргэд байдаг аж. Энэ тооцоогоор 2060 он гэхэд Японы хүн амын 40 хувь нь 65-аас дээш настан болох төлөвтэй.
Дэлхий дээр хамгийн олон 100 настантай улс бол АНУ. Энэ улсад өнгөрсөн оны тооцоогоор 72 мянган иргэн 100 настай. Гэхдээ хүн амтай нь харьцуулахад Япон харьцангүй их буюу 100 мянган хүн тутамд 48 өндөр настан бий гэсэн тооцоо гардаг аж.