
Монгол зураач С.Заяасайханы “Тал нутгийн Мона Лиза” хэмээх хөрөг зураг АНУ-ын алдарт “Goff Books” хэвлэлийн газраас гаргасан “MONA LISA REIMAGINED" хэмээх сонирхолтой номд багтжээ. Өнгөрсөн онд хэвлэгдэж, олны хүртээл болсон энэ номд алдарт Мона Лизагийн 300 гаруй өөр өнгө төрхийг харуулсан хөрөг зургийг дэлхийн 50 гаруй орны зураач, өөрсдийн сэтгэхүй, уран сэтгэмжээрээ ялгарсан бүтээл багтсан юм.

Тус ном дэлхийн худалдааны томоохон цахим сайтуудад 28.20 ам.долларын үнэтэй зарагдаж буй юм.
Сонирхуулахад, зураач С.Заяасайхан 1975 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Өдгөө Японд ажиллаж, амьдардаг уран бүтээлч. Тэрбээр анхны үзэсгэлэнгээ 2000 онд “Монгол зураг” нэртэй гаргаж байсан бол 2008 оноос Японд уран бүтээлээ туурвих болж, түүнээс хойш Австрали, Япон, АНУ, Тайванд үзэсгэлэнгээ гаргасан юм.

С.Заяасайханыг өнгөрсөн онд сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн хамт “Хоёр ертөнц” үзэсгэлэн гаргаж байснаар нь хүмүүс сайн таних юм.