
Холливудын алдартай хосууд болох Анжелина Жоли, Брэдд Питт нарын 12 жилийн хайр дурлал эцэс болсон талаар дэлхийн хэвлэлээр шуугих боллоо. Хосууд 2004 оноос болзох болж, 2014 оны наймдугаар сард гэрлэсэн юм. Гэхдээ тэд 2015 оны арваннэгдүгээр сараас хойш хамтдаа олны өмнө гараагүй аж.
Жоли нэрт өмгөөлөгч Лаура Вассерыг хөлсөлж авсан байна. Лаура бол гэр бүлийн алдартай өмгөөлөгч. Тэрбээр өмнө нь Райан Рэйнолдс, Хейди Клум, Эштон Катчер, Кристиана Агулейра, Марта Кауффман болон хамгийн сүүлд Жонни Деппийн салалтыг зохицуулсан нэгэн. Тэрбээр Холливудын хамгийн хүчирхэг 100 хуульчийн тоонд гурван удаа багтсан билээ.
Жолигийн хувьд энэ удаагийн салалт анхных нь биш. Тэрбээр өмнө нь "Шерлок"-ийн дүрээр олонд танигдсан Жонни Ли Миллер болон Билли Боб Торнтон нараас салсан. Харин Питтийн хувьд 2005 онд анхны эхнэр, нэрт жүжигчин Женнифер Энистоноос сүр дуулиантай салж байлаа. Учир нь Питт хоёр дахь эхнэртэйгээ "Mr. and Mrs. Smith" кинонд тоглож байхдаа дотносож, хамт амьдрах болсон гэдэг.
Жоли болон Питтийн хамтын амьдрал сүүлийн үед хүйтэрсэн талаарх мэдээлэл үе үе хэвлэлээр гарч эхэлсэн. Олны өмнө хамт үзэгдэхээ больсон төдийгүй Жолигийн кино найруулагчийн ажилд Питт оролцохоо больсон аж.