
Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөв. Хагас шигшээд Хонг Конг, БНХАУ, Тайвань, Монголын оюутны шигшээд шалгарлаа.
В хэсэг
Тайвань-Казахстан 130:40
Хэсгийн эхний хоёр тоглолтдоо хожил аваад байсан Тайванийн шигшээ сүүлчийн тоглолтод хамгийн сул өрсөлдөгч Казахстаны багтай оноолт таарав. Тайвань тоглолтын эхнээс илүүрхсээр эхний хоёр үед л ялалтаа баталгаажуулсан юм. Сүүлчийн хагаст байдал дээрдсэнгүй. Тайвань давамгайлсаар өрсөлдөгчөө 130:40-өөр бутниргэв. Ийнхүү өмнөх Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт Тайванийн шигшээ В хэсгийг 100 хувийн амжилттай итгэл төгс тэргүүллээ. Тэднийг удирдаж буй Америк мэргэжилтэн Чарлье Паркер “Бид энэ тэмцээнд түрүүлэх зорилготой ирсэн. Манай баг 21 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн бэлтгэл хийгээд Монголд ирлээ. Хэсгээ тэргүүлсэн нь сайхан хэрэг. Дараагийн шатанд хүнд учраанууд биднийг хүлээж байгаа. Тиймээс улам нямбай тоглох ёстой” хэмээлээ. Тайванийн шигшээ дараагийн шатанд БНХАУ-ын багтай учраа таарав. Тэд хоёр жилийн өмнө финалд хүч үзэж байсан түүхтэй. Тус тоглолтод БНХАУ-ын баг Тайванийг нутаг дээр нь “нухаж” байсан юм. Тиймээс одоо Тайванийн залуус хариугаа авахыг хэн хүнээс илүү хүсэж байгаа биз ээ. Тус тоглол маргааш Буянх-Ухаа спорт цогцолборт 18:00 цагаас болно.