
Өнгөрсөн долоо хоногт болсон Монгол, Японы халз тулааны үеэр Монголын шилдэг тулаанчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, холимог тулааны дэлхийн аварга асан Ж.Нарантунгалаг гавьяат ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Тэрбээр өнгөрсөн онд ОХУ-ын Марат Гафуровд ялагдаж, аваргын бүсээ алдсан. Түүнээс хойш энэ онд хоёр ч тулаан хийж, ялалт байгуулснаар орос эрээс дахин хариугаа авах сайхан боломжтой болжээ. Хоёр тулаанч эрийн тулаан хэзээ болох нь одоогоор тодорхой болоогүй ч Ж.Нарантунгалаг оны өмнөхөн түүнтэй тулалдахаар хэлэлцээр хийж буйг дуулгасан юм.
Ж.Нарантунгалаг холимог тулаанаар 12 ялалт байгуулж, дөрөв хожигдсон юм. Энэ жил 40 настай тэрбээр холимог тулааны аваргын бүсийг хоёр удаа хүртэж байсан билээ.