
Батлан Хамгаалах Их Сургууль нь 95 жил оршин тогтнохдоо морин цэрэг, артилерийн богино хугацааны дамжаанаас Монгол улсын томоохон их сургууль болон хөгжсөн түүхэн хугацаанд 100 гаруй мэргэжлээр 70 гаруй мянган төрөл мэргэжлийн боловсон хүчнийг сурган бэлтгэсэн нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон улс орны бүтээн байгуулалтын хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр болсон юм.
Тус сургуулийн төгсөгчдийн дундаас олон арван алдар суутнууд төрөн гарсаны дотор Монгол Улсын баатар долоо төрөн гарсан байдаг нь ганц сургуулийн түүхэнд тодоос тод мөр болон үлдэх гайхамшиг билээ.
Өнөөдөр тус сургуулийг үндэслэгч жанжин Д.Сүхбаатар, Монгол улсын баатар М.Экей, Л.Гэлэгбаатар, Ц.Олзвой, Д.Хаянхярваа, Д.Данзанваанчиг, Монгол улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн болон хамгийн отгон улсын баатар П.Шагдарсүрэн нарын эх орон, элгэн түмэн, төрөлх сургуулийнхаа түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг мөнхжүүлэн алдаршуулах зорилгоор бий болгосон “БХИС-аар овоглосон Монгол улсын баатруудын хүндэтгэлийн цогцолбор” нээлтээ хийлээ. Энэхүү нээлтийн ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудаас гадна БХИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн багш сонсогчид, эрдэмтэн судлаачид, Монгол улсын баатруудын үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
“Цаг хугацаа алсрах тутам
Цаашлах дүр тань тодрох авай” хэмээх бичээс бүхий мөнхийн галт энэхүү цогцолборын хананд БХИС-аар овоглосон баатруудын хөрөг зургийг залсан байна.
Энэхүү хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирсэн Залуу жанжин хэмээн алдаршсан Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэнгийн хүү бэлтгэл хурандаа Л.Лхагваа 1939 оны Халхын голын байлдаанд маршал Жуковын орлогч, 1945 оны Чөлөөлөх дайнд маршал Х.Чойбалсангийн орлогчоор ажиллаж, баатарлагаар тулалдаж, хожмоо Батлан хамгаалахын сайдын албыг хашиж явсан аавынхаа тухай дурсамж өрнүүлсэн бол Монгол Улсын баатар Д.Данзанваанчигийн хүү Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа мөн аавынхаа дурсгалыг хүндэтгэн “Данзанваанчигийн зүрхний бичлэг” хэмээх шүлгийг уншиж, хурсан олонтой сэтгэлээ хуваалцсан юм.
Ахмад үеийнхний эх орноо гэсэн чин сэтгэл, халуун итгэлийг өнөөгийн хүүхэд залууст мэдрүүлэх, тэднийхээ гавьяаг мөнхөд санаж явах энэхүү сайхан цогцолборыг “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн хамт олон санаачлан, бүтээн босгосон бөгөөд энэ нь тэдний сургуулийнхаа түүхт 95 жилийн ойд барьж буй бэлэг бүтээн байгуулалт болжээ.













