
Ховд аймгийн нутгаас олдсон Үзүүр Гялангийн олдворыг судлахаар ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжигийн удирдлагаар 2016 оны 6 сарын 12-21-ний өдрүүдэд Туркээс Проф. Доктор Ахмэт Ташагил, архелогич Сэбахаттин Күчүк, Проф. Доктор Вэдат Онар, дэд проф. Дилэк Олгун Эрдикмэн, дэд проф. Яасэмин Яилмаз нар Монголд ирэн эд зүйлс бүхий эмэгтэй хүн болон морины олдворууд дээр ажилласан билээ.
Олдвороос авсан дээжийг АНУ руу шинжилгээнд явуулан, хариу нь гарсан байна. Хариунаас харахад ерөнхийдөө цаг хугацааны хувьд X зуунд харьяалагдах олдворууд болох нь нотлогдсон бөгөөд өнгөрөгч баасан гаригт Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/, Соёлын өвийн төв хамтран энэхүү олдворын лабораторийн шинжилгээний тухай хэвлэлийн мэдэгдэл хийлээ. Энэхүү олдворуудыг авран хамгаалах ажил Соёлын Өвийн Төвд явагдаж байна гэж ТИКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ.

