
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг БНХАУ-аас манай улсад хэрэгжүүлж буй. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг тус улсын буцалтгүй тусламжаар барьж эхэлжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзахдаа уг төвийг барих явцад дутуу орхигдсон зарим ажлыг гүйцээхэд шаардлагатай 32.9 сая юанийн хөрөнгө оруулалтыг нэмж авах талаар ярилцсан бөгөөд Элчин сайд асуудлыг нааштай шийдвэрлэхээ мэдэгджээ.
БНХАУ-аас авч байгаа ажиллах хүчтэй холбоотой асуудлаар баримталж ажиллах бодлогоо энэ үеэр салбарын сайд С.Чинзориг товч танилцуулав. Салбарын сайд “Эдийн засаг хүндрэлтэй, дотоодод ажилгүйдэл өсөж буй өнөө цагт гадаадаас авах ажиллах хүчний тоог одоогийн түвшнээс нэмэхгүй байх бодлого барина. Гэхдээ БНХАУ-ын холбогдох яамтай хамтарч ажилласнаар Монгол Улсад зайлшгүй шаардлагатай өндөр мэргэжлийн ажилтан мөн гэдгийг баталгаажуулсан үнэмлэх бүхий иргэдийг хүлээн авах боломж бүрдэх юм” хэмээлээ.