
Богдхан уулын дархан цаазат газарт иргэд аялах зориулалттай гурван маршрут байдаг. Эдгээрээс хамгийн олон хүн зорчдог нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт чиглэлийн зам бөгөөд зөвхөн амралтын өдрүүдэд 4000-5000 хүн энэ чиглэлийн дагуу аялж, автомашины түгжрэл үүсдэг гэдэг. Үүнтэй холбоотойгоор тухайн хэсгийн замыг өргөтгөж, аялагчдад зориулсан автомашины зогсоол байгуулах ажлыг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Эл бүтээн байгуулалтын ажил дуусаж, өнгөрсөн амралтын өдөр холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Гүйцэтгэгч компанийнхан эхний ээлжинд 2.05 км авто зам өргөтгөж, 264 машины зогсоол байгуулсан бол унадаг дугуй, автобус, таксины зогсоол, нийтийн бие засах газар, хогийн цэг нэмж бий болгохоор төлөвлөжээ.