
Хүйтний эрч чангарч, хөхүүрийн ам цаашиллаа. Энэ үед улс орны хамгийн чухал асуудал бол өвөлжилтийн бэлтгэл ажил. Иймдээ ч 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил аймаг, орон нутагт эрчимтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд өвс, хадлан тэжээлийн бэлтгэл 60 хувиас дээш хувьтай явж байгаа талаар албаныхан онцоллоо.
Энэ зун нийт нутгаар хур тунадас элбэг байсны ачаар ган тайлагдсан. Гэсэн ч сүүлийн жилүүдэд малын тоо толгой олширсны нөлөөгөөр зарим газарт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрч, гарц нь сайжрахааргүй болтлоо талхлагджээ. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 60 орчим хувьд бэлчээр хүрэлцээтэй, ирэх өвөл, хаврыг хэвийн давах боломжтой. Харин үлдсэн 37 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн тул малчид сүргээ онд мэнд оруулах боломж хязгаарлагдах нь. Энэ нь зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ.
Тодруулбал, өнгөрсөн зун зуншлага оройтсоноос үүдэн Өвөрхангай аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу зусаж, намаржиж, аймгийн хэмжээгээр малын тарга хүч тааруухан байна. Үүнээс гадна бэлчээрийн даац 1-3, түүнээс олон дахин хэтэрсэн, бэлчээрийн эдэлбэр газруудаар мэрэгч тархсан зэрэг нь өвөлжилт хүндрэх нөхцөл байдлыг үүсгээд буй.
2019 оны эхэнд тус аймгийн хэмжээнд 5.4 сая толгой мал тоологдсоноос 1.2 хувь буюу 66.6 мянган мал хорогдож, 5.3 сая мал онд орсон. Энэ оны хавар, зун 1.9 сая төл мал бойжуулж, одоогийн байдлаар 7.3 сая толгой мал намаржиж байна. Урьдчилсан тооцоогоор 2.5 сая малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, 2019-2020 онд 16 мянган малчин өрхийн 5.6 сая толгой мал өвөлжих дүнтэй байгаа юм. Гэхдээ нийт малын 10 хувь л хэвийн өвөлжих нь.
Өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсч байгаа энэ үед өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, отор нүүдлийг зөв зохион байгуулах, малчдыг малаа зах зээлд борлуулахад нь дэмжлэг үзүүлэх ажил хамгийн чухал байгаа. Дээрээс нь малчид отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малынхаа тоог бууруулах, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг албаны хүмүүс онцолж байв.
Өөрөөр хэлбэл, өвөлжилтийг гарз багатай даван туулах нэг арга нь малчид малаа зах зээлийн эргэлтэд оруулах асуудал.
Гэвч өдөрт 200-300 сая төгрөгийн мал малчдын гар дээрээс худалдан авч байсан зарим аймгийн махны үйлдвэрүүд зогссон байна. Тэдгээрийн нэг нь Өвөрхангай аймгийн “Өв-Эко Мийт” ХХК юм. Учир нь 2,500 гаруй үхэр нядалгаанд оруулж, 150 тонн орчим мах бэлтгэсэн тус компани мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтад “бүдэрч” зөвшөөрлөө цуцлуулсан аж.
Цаашид махны үйлдвэрийг яаралтай ажиллуулж эхлэхгүй бол өвөлжилт хүндэрлээ гэхэд хавар малын сэг зэмийн устгалын ажилд хөрөнгө мөнгө ихээр зарж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
Дээрээс нь үлийн цагаан оготно Говь-Алтай аймгийн 14 сумын 482400 га-д тархаад байгаа гэнэ. Ялангуяа Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Цээл, Цогт, Чандмань сумдад гамшгийн хэмжээнд хүрч байгаа талаар тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж онцолсон. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол тус мэрэгч бэлчээрийн болон тариалангийн талбайд хэт их хэмжээгээр олширон тархаж бэлчээрийн ургамал ихээр буурах, газар нутаг нүцгэрч, хөрсний элэгдэл, эвдэрлийг ихэсгэх аюул бий.
ДЦС-ууд алдагдал хүлээсээр байх уу
Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байна. Монгол Улсын нүүрсний нийт хэрэглээний 60, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 1-ний байдлаар 90.9 хувьтай үргэлжилж байгаа бол Шивээ-Овоогийн уурхайн хувьд 86 хувьтай байна.
Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхээс зайлсхийж төрөөс Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний үнийг хатуу барьсаар ирсэн. Ингэснээр дээрх уурхайнууд тонн тутамдаа алдагдал хүлээсээр байгаа юм.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дулааны цахилгаан станцууд нүүрсний төлбөр дутуу хийснээс үүдэн санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн гэдгийг уурхайн удирдлагууд онцолжээ. Тодруулбал, дулааны цахилгаан станцуудаас Багануурын уурхай 3.02 тэрбум төгрөг, Шивээ-Овоогийн уурхай 4.1 тэрбум төгрөгийн авлагатай байна.
Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхээс зайлсхийж төрөөс Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний үнийг хатуу барьсаар ирсэн. Ингэснээр дээрх уурхайнууд тонн тутамдаа алдагдал хүлээсээр байгаа юм. “Багануур”-ын нэг тонн нүүрсний өөрийн өртөг 37 000 төгрөг. Харин ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 33 500 төгрөгөөр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 3500 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Харин Шивээ-Овоогийн уурхайн хувьд нэг тонн нүүрснээс 1900 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тус уурхайн нэг тонн нүүрсний өөрийн өртөг 31500 төгрөг бөгөөд ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 29600 төгрөгөөр нийлүүлдэг нь асуудал дагуулсаар байна.
МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТ
Өнгөрсөн тавдугаар сард махны үнэ талийж, ард иргэдийг нэг хэсэг галзууруулаад авсан. Энэ нөхцөл байдал дахин давтагдахгүй гэсэн баталгаа алга. Уг нь жилийн яг энэ үед махны үнэ “шалдаа буудагсан”. Гэвч үхрийн мах 9000 төгрөгөөс доош буусангүй. Манай улсад энэ жил дулааны аргаар боловсруулсан махны экспорт нэмэгдэж, экспортод чиглэсэн махны нөөц бэлтгэхтэй холбоотой төв, суурин газарт нийлүүлэлтийн хомсдол, дахин үнийн хэлбэлзэл үүсэхээр байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдэгдсэн.
Махны эрэлт нийлүүлэлтийг анхаарч байхгүй бол 60, 70 сая малтай л гээд байдаг нэг л өдөр Орос, Хятадаас махаа авдаг болох вий дээ гэсэн айдас болгоомжлол төрж эхлэв. Халамжийн бодлого он удаан жил хэрэгжүүлсэний эмгэнэлтэй үр дүн энэ. Хэрвээ махны экспортын замбараагүй бодлого үргэлжилсээр байвал Монгол орны хүнсэнд нийлүүлэх мал сүргийн тоо аюул дагуулах хэмжээнд очихоор байна. Тав сая хүрэхгүй үхэр сүрэгтэй мөртлөө экспорт хийн таахалздаг, махны дотоодын хэрэглээгээ хямруулчихаад валютын орлого гэж суудаг орон хэд байдаг бол. Энэ намар "өвлийн идэш", "мах бэлтгэл"-ээр орон нутгийг зорьсон хүмүүс "ажигласан" гэдэгт итгэлтэй байна.