
Цахим мэдээллийг монгол бичиг болон кириллээр зөв бичих, нийтийн эх хэл, соёлын өвийн боловсролыг сайжруулах санамж бичиг байгуулжээ.
Тодруулбал, тус санамж бичигт Монгол Улсын Eрөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд, монгол хэлний аялгуу угсаатны бүлгийн хэв шинжийг харуулсан танин мэдэхүйн болон Монголын аман зохиолын өв сангаас хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлгүүд хийх, монгол бичгийн хэрэглээг дотоод гадаадад сурталчлан таниулах зорилготой байна.
Түүнчлэн цахим мэдээллийг монгол бичиг болон кириллээр зөв бичих, нийтийн эх хэл, соёлын өвийн боловсролыг сайжруулах зорилгоор аян өрнүүлэх, яриа болон бичвэр таних программыг радио телевизэд нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ үеэр доктор С.Дулам хэлэхдээ “Нийгэмд зөв бичих дүрмийн журамлах толь гарснаар олон нийтийн дунд зөв бичих мэдлэг нэлээд цэгцэрсэн боловч ялгаатай бичсээр л байна. Тэр ч утгаараа уг толь бичгийн дагуу телевизийн нэвтрүүлэгт гарч буй буруу, зөрүү бичвэрүүдийг журамлах талаар бид санал бодлоо нэгтгэж хамтран ажиллах төлөвлөгөөг албан ёсоор ажил хэрэг болголоо. Үндэсний телевиз өнөөдрөөс монгол хэлний тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр бидэнтэй санал нэгдлээ” хэмээн онцлов.
Харин МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл хэлэхдээ “Энэхүү санамж бичгийн хүрээнд “Радио телевизийн ажилчдыг монгол бичгээр цахим орчинд бичиж хэвшүүлэн, дагаж мөрдүүлэх ажлыг эхлүүлнэ” гэсэн юм.