Монголын урчуудын эвлэлийн хорооноос эмэгтэйчүүдийн баярыг тохиолуулан “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2010” үзэсгэлэнг нээжээ. Авьяаслаг уран бүтээлч эмэгтэйчүүдийн уран гар, ухааны цараар бүтсэн эл үзэсгэлэн 20 гаруй жил уламжлал болон үзэгчдийн хүртээл болж байгаа юм. “Зураач болно гэдэг хүссэн хүний дурлах, амар ажил биш. Өөрт байгаа бүхнээ зориулах болдог учир эмэгтэй хүнд бэрхтэй” гэж ардын зураач, Төрийн хошой шагналт О.Цэвэгжав агсан нэгэнтээ хэлсэн байдаг. Үнэхээр ч уран бүтээлдээ тууштай үнэнч байж, монголын дүрслэх урлагийг хөгжүүлж яваа эмэгтэй уран бүтээлчдээрээ бахархах учиртайг эл үзэсгэлэн илтгэж байлаа. Эмэгтэй зураачдын үзэсгэлэнд олны танил 100 гаруй уран бүтээлчийн 150 шилдэг бүтээл дэлгэсэн бөгөөд энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.