Амар мөрний сав газраар шар цас хаялсан тухай Оросын “РИА Новости” агентлаг мэдээллээ. Орон нутгийн шинжээч Елена Печкинагийн таамагласнаар Монголд болсон хүчтэй шуурга, Хятадын хойд нутгийн элс, шороог хамж, өвөрмөц өнгөтэй цас болон Орост асгасан байна. Тэрбээр энэ тухай “Байгалийн ийм үзэгдэл түгээмэл ажиглагддаггүй. Ялангуяа хүйтний улиралд ийм цас орж байгаагүй. Амар мөрний нутгаар гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхэн үеэр шар цас хаялж байсан цөөн тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Энэ төрлийн цас эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй ч одоогоор шинжээчдийн нэгдсэн дүгнэлт гараагүй байна” гэжээ.