
Цагаан сарын дараагаас хойш ам.долларын ханш тасралтгүй өссөн хэвээр байна. “Найман шарга” валют арилжааны захад ченжүүд өчигдөр 13.30 цагт ам.долларыг 2882 төгрөгөөр худалдан авч, 2886-гаар худалдаж байв. Тус захын нэгэн ченж “Худалдах ам.доллар алга. Доллар “орж ирэхгүй” байна” хэмээн ярилаа. Өөр нэгэн ченж “ногоон”-ыг 2888 төгрөгөөр зарна гэсэн юм.
Эргэн сануулахад, энэ сарын 20-нд “ногоон”-ыг авах, борлуулах ханш хоёул 2860 төгрөг давсан бол өдгөө ийнхүү 2890-д дөхөөд байна. Тодруулбал, долоо хоногийн өмнө ченжүүд америк мөнгөн тэмдэгтийг 2865 төгрөгөөр аваад, 2867-гоор худалдаж байсан юм. Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар өчигдөр 2864.45 төгрөгтэй тэнцэж байсан нь долоо хоногийн өмнөхөөс 0.12 хувиар өссөн үзүүлэлт боллоо.