
ОХУ өнгөрсөн пүрэв гарагт Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс орнуудын мөнгөн тэмдэгттэй харьцах рублийн ханш суларсаар байна. Тухайлбал, өчигдөр ам.доллар 113.5 рубльтэй тэнцэж байлаа. Энэ нь хойд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш нэг сарын өмнөхөөс даруй 45.3 хувиар доошилсон үзүүлэлт болов. “Ногоон”-ы эсрэг рублийн ханш 2021 онд дунджаар 74.2 байсан бол өдгөө ийнхүү түүхэн доод түвшиндээ хүрээд буй юм. Ташрамд дурдахад, ОХУ-ын Төвбанк бодлогын хүүгээ 9.5 хувь байсныг өчигдөр 20 болгон өсгөхөөр шийдвэрлэснийг “Reuters” дамжуулав. Дотоодын зах зээлд ч рублийн ханш суларч буй бөгөөд “Найман шарга” захад ченжүүд өчигдөр уг валютыг 35 төгрөгөөр худалдан аваад, 37- гоор зарж байлаа. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс рублийг авах ханш найм, худалдах нь дөрөв илүү хувиар буурсан дүн юм. Тэгвэл банкуудын рубль худалдан авах ханш өчигдөр 23.5-32.5, борлуулах нь 36.8-42.3 төгрөг байлаа. Тухайлбал, Төрийн банк бэлэн бус ханшаар рублийг 23.5 төгрөгөөр аваад, 41-ээр зарна гэж байв. Энэ нь бусад банкныхтай харьцуулахад авах, зарах ханшийнх нь зөрүү хамгийн өндөрт тооцогдсон юм.
Бэлтгэсэн Б.Сонор