
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өчигдөр “BI¬NANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уг хуулийг Засгийн газар боловсруулан, УИХ өмнөх оны арванхоёрдугаар сард баталсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас мөрдөж буй. Эл хуулийг дагалдуулан найман журам батлах ёстой аж. Тэдгээрийг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж буй болон хуулийг англи хэл дээр орчуулж, олон нийт, дэлхий дахинд таниулах ажил хийж эхэлснийг байнгын хорооны дарга дурдаад, гол зохицуулалтын талаар танилцуулав. Тэрбээр “Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай. Гэхдээ койн, токенуудыг арилжих үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаагаас эл үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид хохирох, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан” хэмээн тэмдэглэв.
Мөн тус уулзалтад оролцсон, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцож, хариулт, тайлбар өгөв.