
УИХ-ын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулан “УИХ ба сэтгүүл зүй” сэдэвт цуврал сургалт зохион байгуулж буй. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт-тэнцэл” илтгэл тавьж, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн гол зохицуулалтыг тодруулан, мэдээлэл өглөө.
Энэ удаагийн сургалтыг АТГ, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Тухайлбал, АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Мөнхтунгалаг, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан А.Цэдэн-Иш нар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд сэтгүүлчид хамтран ажилласнаар ямар амжилт, үр дүн гаргах вэ гэдгийг тодруулсан бол Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Бундхорол аудитын мэдээллийг олон нийтэд хэрхэн зөв байршуулж, хүргэх вэ гэдэгт чиглүүлсэн юм. Мөн Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа дата сэтгүүлзүйг дэмжиж ажиллахыг статистикийн байгууллагуудад НҮБ зөвлөмж болгож буйг дурдаад, өгөгдлийг мэдээлэлдээ хэрхэн ашиглаж олон нийтэд хүргэх талаар сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ёстойг онцолсон. Тус байгууллагын 1212.mn цахим хуудсыг сэтгүүлчид болон олон нийтэд зориулан ашиглахад хялбар болгон шинэчилж буй юм байна.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж, салбарын бүх талын тоон мэдээллийг танилцууллаа. Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан улсын хэмжээнд байгаа төрийн бүх байгууллага болон албан хаагчидтай холбоотой дата мэдээллийг өгсөн бол “Глоб интернэйшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал “Хүний эрхийг мэдээлж, сурвалжлахад ёс зүйн хэм хэмжээг баримтлах нь” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын зөвлөмжид тулгуурлан сонирхолтой яриа өрнүүлэв.