Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Богд хааны ордон музейн орчныг тохижуулж, сүмүүдийг сэргээн засна

2022-07-27

Нийслэлийн Хот тохижилтын газраас Богд хааны ордон музейн урд талын 1.3 га талбайг тохижуулах ажлыг эхлүүлжээ. Энэ хэсгийг хуйлдаг зүлгээр бүрж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах аж. Мөн автомашины зогсоолыг өөрчилж, баруун талд нь байгуулах гэнэ. Mузейн гаднах орчны тохижилтыг нийслэлийн холбогдох албаныхан гүйцэтгэх бол сүмүүдийг нь засварлах ажлыг Соёлын яам хариуцаж буй юм байна. Тус яамны зүгээс ордон музейн Бурхдын болон Найдан сүмийг сэргээн засварлахад 1.1, Лавиран сүмд 1.4 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар тендер зарлажээ. Гэсэн ч компаниуд идэвхийлэн оролцоогүй гэнэ. Зөвхөн нэг байгууллага сонирхож, материал ирүүлсэн ч худалдан авах ажиллагааны шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар гэрээ байгуулаагүй аж. Сэргээн засварлах ажиллагааг хуулийн хүрээнд явуулах үүднээс эдүгээ яамны зүгээс компаниудыг хамтарч ажил гүйцэтгэхийг санал болгож буй гэнэ. Богд хааны ордон музейг ямар ямар байгууллага хамтын хүчээр сэргээн засварлах нь удахгүй тодрох юм байна.