Японы Окаяма хотын Хаяшибара музейн захиргаа Монголын говиос Цэрдийн галавын үеийн шувууны яс олдсон тухай зарлалаа. 70-75 сая жилийн тэртээ амьдарч байсан тэрхүү шувууг одоогийн шувууны өвөг дээдэс гэж үзэж байгаа аж. Эрдэмтэд ясыг судалж, тэр шувуу бараг нисдэггүй байсан гэж дүгнэжээ. “Урьд өмнө олдсон шувууны олдворууд ихэвчлэн усны шувуу байсан бол энэхүү олдвор одоогийн шувуу эх газарт үүссэн байж болохыг харууллаа” хэмээн тус музейн судлаач Сүзүки ярьж байна. Олдворыг Хаяашибара музей, Монголын ШУА-тай хамтран 1997 онд хийсэн малтлагын үед илрүүлсэн бөгөөд Монгол, Япон, Америкийн эрдэмтэд хамтран судалсан юм байна. Эх газарт амьдардаг байсан шувууны яс урьд нь олдож байсан ч газраар гүйдэг ийм шувуу олдож байгаагүй гэнэ. Эрдэмтэд олдвортоо Ruseria Horanda гэсэн нэр өгчээ.
М.Сугараа