Бүгд Найрамдах Монгол Ард Улс (Монгол Улс), Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Далан тав гэдэг тоо нэг бусыг өгүүлнэ. Тухайлж дурдвал, ХХ зууны 40-өөд оны дунд үе хүртэл Монгол Улс зөвхөн ЗХУ-тай албан ёсны харилцаатай, бусад орон биднийг түншийн хэмжээнд нухацтай авч үздэггүй байв. 1940-өөд оны сүүлчээр олон улсын тавцанд 10 гаруй ардын ардчилсан улс бий болж, энх тайван, эрх чөлөө, хөгжил дэвшлийн үзэл санааг удирдлага болгосон идэвхтэй бодлого явуулж эхэлснээр Монгол Улсад нэн таатай гадаад орчин бүрдсэн юм.
Тухайн үеийн ардын ардчилсан улсуудаас Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэж, дипломат харилцаа тогтоохыг санаачлан, салхи хагалсан улс бол БНАСАУ. Ингэж 1948 оны аравдугаар сард БНАСАУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс болсон түүхтэй. Мөн манай улс тэдний хувьд тусгаар тогтнолыг нь хүндэтгэж, албан ёсны харилцаа тогтоосон хоёр дахь орон болсон нь сонирхолтой. Хоёр орны хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэ эрэн үе ингэж эхэлжээ.
Өнгөрсөн хугацаанд манай хоёр орны харилцаа тогтвортой байж, улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, хүмүүнлэг, гадаад бодлого зэрэг олон салбарт үр ашигтай хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлал бий. Энэ бол монголчууд бидний бахархаж дурсдаг зүйлийн нэг ээ.
Харилцаа хар аяндаа хөгжөөгүй нь ойлгомжтой. Түүхэн хөгжлийн янз бүрийн үе шатанд хоёр орны харилцаа тогтвортой урагшлахад түлхэц өгч, нөлөөлсөн олон хүчин зүйлийн хамгийн чухал нь Монгол Улс, БНАСАУ-ын төр, засгийн тууштай бодлого, түүхэн хүмүүсийн хүчин зүтгэл байсан гэж би үздэг. Тухайлбал, маршал Х.Чойбалсан, Ерөнхийлөгч Ким Ир Сен нарБНМАУ, БНАСАУ-ын харилцааны шанг анх татсан гавьяатай.
Түүхэн хөгжлийн хүнд хэцүү цаг мөчид Монгол, Солонгосын ард түмэн бие биедээ нөмөр нөөлөгтэй байж, хэрэгтэй цаг мөч болгонд тус дэм болж ирсэн. Тусулсаддайнынөхцөлбайдалтайүедмонголчуудмал, хүнс, дулаан хувцсаар тусалж, өнчирсөн нялх бяцхан хөвгүүд, охидыг эх орондоо хүлээн авч, өсгөж өндийлгөж өгснийг солонгос нөхөд цаг үргэлж дурсан ярьдаг. Орон нутагт сургууль, дотуур байрны хүрэлцээ дутмаг байхад солонгос нөхөд Төв аймгийн Алтанбулаг сумын дунд сургуульд 5154 ам метр талбай бүхий (хичээлийн болон дотуур байр, хурлын танхим, хими, физик, биологи, газар зүйн танхимтай) цогцолборыг өөрийн хөрөнгө, барилгачдын хүчээр жил гаруйн хугацаанд барьж, Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор хүлээлгэн өгсөн байдаг. Солонгос нөхдийн сэтгэл, хүч хөдөлмөрөөр байгуулсан тус цогцолборт Монголын бяцхан охид, хөвгүүд одоо ч хичээллэж, эрдэм номтой зөв хүн болж төлөвших их аян өрнөсөөр байна. 1966 онд Улаанбаатар хотод болсон үер усны хохирлыг арилгахад БНАСАУ-ын Засгийн газар цемент зэрэг барилгын материал, төрөл бүрийн ажлын багаж илгээж тусалжээ. Хойтон зун нь Сэлбэ голын дагуу үерээс хамгаалах далан босгоход тухайн үеийн ГЯЯ-ны ажилтнуудын хамт дайчлагдан ажилласан оюутан бидэнд тэдний илгээсэн багаж, ажлын хувцас (бээлий, усны гутал) их хэрэг болсoн юм даг. Тэгэхэд ажлын багаж шиг хэрэгтэй юм байгаагүй.
Тэгвэл тэр он жилүүдийн Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд Х.Чойбалсан, Ким Ир Сен, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу зэрэг тухайн үеийн улс төрчийн оролцоо, хувь нэмэр тун их байсан.
БНАСАУ-ын Сайд нарын танхимын дарга Ким Ир Сен Засгийн газрын төлөөлөгчдөө тэргүүлж 1956 оны долдугаар сард манай улсад айлчилж, хоёр орны хооронд улс төрийн дээд түвшний яриа хэлэлцээ эхэлсэн билээ. Энэ айлчлалаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтоон хөгжүүлэх, шинжлэх ухаан, техник, ялангуяа мал аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохирсон. Тэр жилийн намар нь Ю.Цэдэнбал тэргүүтэй манай Засгийн газрын төлөөлөгчид БНАСАУ-д айлчилж, Улаанбаатарын дээд хэмжээний уулзалтаар ярьж тохирсныг ажил хэрэг болгосон юм. Улмаархоёр улсын Засгийн газрын хооронд Эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт Ю.Цэдэнбал, Ким Ир Сен нар гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр манай хоёр орны харилцааны үндсэн зарчмыг тусгасан анхны эрх зүйн чухал баримт бичиг байлаа. Тийм ч учраас хэлэлцээрийн хугацааг удаа дараа сунгасныг санаж байна.
Эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын шугамаар 1957 оноос бараа солилцооны хэлбэрээр худалдаа хийж эхлэв. Манай улс Солонгосоос торго, дурдан, бэлтгэлийн болон, хүүхдийн сүлжмэл хувцас, ятга, ариутгалын зориулалтаар савласан хлорын шохой, агаарт солонгорон задардаг гэрэлт сум, цагаан будаа, шинэ ургацын алим, лаазалсан өргөст хэмх, тоор, хүн орхоодой, тамхи зэрэг бүтээгдэхүүн авч байлаа. Түүнчлэн ноос, хувцасны дотрын зориулалтаар элдэж будсан илэг, боловсруулсан нэхий, улаан буудай, хонь, ямаа, үхрийн мах, цөцгийн тос, архи зэрэг хүнсний бүтээгдэхүүн экспортолж байв. Засгийн газар хоорондын худалдаанаас гадна манай Үйлдвэр, хоршооллын төв зөвлөлийн харьяа Гадаад худалдааны нэгдэл өөрийн шугамаар хөөвөр, дэл, сүүл, хялгас, хонь, хурганы сэмэрч шарласан ноос зэрэг хоёрдогч түүхий эд нийлүүлж, Солонгосоос гэр ахуйн зориулалттай төрөл бүрийн сав, хүрз, хөрөө, бахь зэрэг ажлын болон мужаан, засварын багаж хэрэгсэл авч байсан. Хоёр талын худалдаа үнийн дүнгээр төдийлөн их биш боловч 1980-аад оны сүүлч хүртэл тогтмол өсөж ирсэн юм даг. 1960-аад оны дундаас 1980-аад оны дунд үе хүртэл манай улс цагаан будаа, алимны дотоодын хэрэгцээнийхээ нэлээд хувийг, харин ятга, бэлтгэлийн хувцас, мөн дээр өгүүлсэн гэрэлт сум, хлорын шохойн дотоодын хэрэгцээг Солонгосын зах зээлээс бүрэн хангадаг байсан юм.
Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа хөгжиж эхэлсэн 1950-иад оны сүүлчээс мал аж ахуй, боловсрол, урлаг, соёл, биеийн тамир, спортын чиглэлээр урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллажээ. Тухайлбал, Солонгосоос ятгын болон төгөлдөр хуурын багш, волейболын дасгалжуулагч, хот, суурин газрын гудамж, талбайн гэрэлтүүлэг, реклам чимэглэл, театрын таазны гэрэлтүүлгийн мэргэжилтэн урьж, Монголоос зоотехник, төл хүлээн авах, адуу, үхэр, хонь, ямаанд хээл авхуулах, сүү боловсруулах, малын тэжээл бэлтгэх зэрэг чиглэлээр мэргэжлийн хүн Солонгост тодорхой хугацаагаар томилогдон ажиллаж байлаа.
1950-иад оны дундаас хоёр орны их, дээд сургуулиуд солилцооны зарчмаар оюутан хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ хамтын ажиллагаа олон арван жил тогтвортой үргэлжилж байна. МУИС-ийг солонгос залуус малын эмч, зоотехникч, хэл судлал, түүхч мэргэжлээр, Солонгосын их, дээд сургуулийг олон монгол залуу барилгын инженер, хими технологи, хөдөө аж ахуйн инженер, хэл судлал, хөгжим судлал зэрэг мэргэжлээр төгсөн, үр бүтээлтэй ажиллаж буй. МУИС-ийг зоотехникч, малын эмч мэргэжлээр төгссөн солонгос нөхөд Монголоос аваачсан тусламжийн мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулж нутагшуулах тал дээр сайн ажилласан юм билээ. Ингэж манай хоёр орны харилцаа ялангуяа Солонгосын дайны дараа шуурхай өргөжин тэлсэн юм.
Өндөр, дээд хэмжээний уулзалт, улс төрийн яриа хэлэлцээ бид хэзээнээс чухалчилж ирсэн. Тиймээс 1956 онд эхэлсэн өндөр, дээд түвшний улс төрийн яриа хэлэлцээг1959 онд БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Чой Ён Гөний манай улсад хийсэн айлчлал, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн 1960 онд БНАСАУ-д хийсэн айлчлалаар үргэлжилсэн. Мөн 1970-1980-аад онд хоёр орны Гадаад харилцааны сайд Хө Дам, Л.Ринчин, Ким Ен Нам, Ц.Гомбосүрэн нарын харилцан, 1980-аад онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх, Ерөнхийлөгч Ким Ир Сен нарын айлчлалаар тус тус үргэлжилж, эдгээр нь манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны агуулга, цар хүрээ тэлж өргөжихөд эергээр нөлөөлсөн байдаг. Өндөр, дээд хэмжээний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ өнгөрөгч зууны төгсгөл, шинэ зууны эхээр ч үргэлжилж, хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн урагшилжээ. Үүнийг илтгэх жишээ олныг хэлж болно. Тоймлох байдлаар дурдахад, 2002 онд харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Ингэснээр худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөтгөх, түүнд оролцдог хоёр талын байгууллагын ажлыг илүү зохицуулалттай болгох үүднээс Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комисс байгуулж билээ.
Энэ 2023 онд Солонгосын хойгт ажилчин-тариачны анхны төрт улс БНАСАУ байгуулагдсаны 75, Ерөнхийлөгч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны (1988) 35, Монгол Улс, БНАСАУ-ын хооронд албан ёсны харилцаа тогтоосны 75 жилийн ой тус тус тохиож байна. Ерөнхийлөгч Ким Ир Сений айлчлалыг энд тухайлж дурссан маань учиртай. Уг айлчлал БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн босгон дээр болж, Солонгосын ард түмэнд тусламжийн мал, хүнсний зүйл хүргэж байсан ахмад дайчин, дэслэгч генерал Ж.Жамъян, солонгос хүүхдийн сургууль, цэцэрлэгт олон жил тогооч хийсэнО.Цэрмаа гуай хоёрыг Ким Ир Сен Их тэнгэрийн амны харшид хүлээн авч уулзан, халуун дулаан яриа өрнүүлж байсан нь сэтгэлд хоногшжээ.
Дорно дахинд улирах он цагийг зуугаар бус, жарнаар тоолж ирсэн уламжлал бий. Тэгвэл манай хоёр орны харилцаа нэгэн жарныг хэдийн давж, дараагийн жарны дөрөвний хоёр луу өнгийж байна. Энэ бүх цаг хугацааны харилцааг би тогтвортой урагшилж ирсэн, хэн хэндээ хэрэгтэй, үр өгөөжтэй хамтын ажиллагаа хэмээн дээр өгүүлсэн. Харилцааг алсаар нь, том зургаар нь харж хэлсэн ухаантай юм. Шинэ жарны харилцаа Монгол, Солонгосын ард түмэнд өмнөхөөс хавьгүй илүү үр өгөөжтэй, агуулга нь арвин, өнөөгийн олон улсын харилцааны жишиг, үнэлэмжид ойртож төлөвшин хөгжих болтугай.
П.ҮРЖИНЛХҮНДЭВ
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд