2008 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газар баяр ёслолын байдалтай үзэглэсэн Гэрээгээ цуцалж, АН Засгийн газраас нүүр буруулах нь тодорхой боллоо. АН-ын дарга Н.Алтанхуягийн ҮЗХ-гоороо хэлэлцүүлэлгүй, ядаж Гүйцэтгэх зөвлөлдөө танилцуулалгүй яаран хийсэн “Манай нам Засгийн газраас гарч байна” хэмээсэн мэдэгдэл одоо эргэж буцах замгүй. Ойрын өдрүүдэд хуралдах АН-ын ҮЗХ-ны хурал даргынхаа гаргасан шийдвэрийг баталгаажуулах нь то дорхой. Хэрвээ баталгаажуулахгүй бол эрх мэдлээ хэтрүүлж, бие даан шийдвэр гаргасан Н.Алтанхуяг огцорч таарна. Гэхдээ ийм юм болохгүй биз ээ. Тэд юуны учир Засгийн газраас гарав, энэ үйл явдал улс орны амьдралд, ирэх сонгуулийн дүнд, цаашлаад хоёр том намын ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг л анхаарал татсан асуудал мөн. Тиймээс энэ жүжгийн хөшигний арыг тандах гээд үзье.
ТҮҮХИЙРҮҮЛДЭГ ТОГООЧ
2008 онд болсон УИХ-ын сонгуулиар МАН 46 суудал авсан. Засгийн эрхийг дангаар барих бүрэн боломжтой байсан гэсэн үг. Гэвч тухайн үеийн намын дарга С.Баяр санаачилж, Бага хурлаараа хэлэлцүүлсний үндсэн дээр Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулж болох зөвшөөрөл олж авч, урилгыг нь АН ҮЗХ-гоороо хэлэлцэн хүлээж авсныг мэдэхгүй хүн үгүй. Дийлэнх олонхийн суудал авсан хэрнээ нэгэнт ногдсон бүрэн эрх мэдлээ бусадтай хуваалцах гэсний гол зорилго юу байв. Алдаж болохгүй агшин гэж байдаг. Монгол Улсын хөгжлийн ирээдүйд өнгөрөн одож буй дөрвөн жил, магадгүй угтан тосох 4-8 жил хэрэлдэж, сөргөлдөж, өөрийгөө хордуулж, хорлож сууж боломгүй он жилүүд учраас л тэр. 2008-2016 он бол Монголын их түүхийн алдаж болохгүй алтан агшин мөнөөс мөн бөлгөө. Үүнийг монголчууд нийтээрээ мэдэж мэдэрч, дэлхий ертөнц ч багцаалж баримжаалж байгаа. С.Баяр тухайн үедээ энэ сонголтыг “Түүхэн сонголт” хэмээн нэрлэж байв.
Хоёр нам амин чухал асуудлаа улс төрийн тогтвортой, харилцан ойлголцсон түвшинд хам тарч шийдвэрлэе гэсэн мон гол чуудын эрх ашигт нэн нийц тэй хүсэл зоригийг чиг баримтлал болгон нийлж хамтарсан үйл явдлын талаарх тодотголоос хамгийн чухал энэ томъёоллыг нь бид мар таж орхиод, “стандарт бус” гэсэн анзаарах шалтаг хай гаад байхааргүй хэсгийг нь иш татсаар, өө хайсаар өнөөг хүргэв. Нэг нь засаг барьж, нөгөө нь сөрөг хүчин нэрийн дор хэрэгтэйг хогийн сав руу хаяж, алдаж болохгүйг ар өв рөөрөө гүйлгэсээр байх нь стандарт мөн гэж номлох хэсэг хаа сайгүй байсан, байсаар ч байна. Ийм “үрэлгэн” стандарт өнөөгийн Монгол оронд, энэ түүхэн цаг үед хэрэггүй л дээ. Үүний оронд алган дээр байгаа алтан боломжийг атгаад үлдэхийн тулд стандарт бусыг сонгохоос өөр арга үгүй байсан, түүний төлөө, багыг алдаж ихийг олохын тулд ийм шийдвэр гаргасныг мушгин буруутгах аргагүй билээ.
Сөргөлдөж суулгүй, хамтраад засгаа барьж, улсаа хөгжүүлье гэдэг сонголт зөвхөн Монголынх биш, өрнө дорнын хөгжингүй, хөгжиж буй гээд дэлхийн олон улс оронд бий. Тэглээ гээд тэднийг ард түмэн нь стандарт бус байна стандарт болго, нэг нь эрх барьж, нөгөө нь сөргөлд гэсэнгүй. Харин ч эвслийн буюу хамтарсан засагтай улс орнууд илүү хожоотой байгааг өнөөгийн үйл явц нотолж байна. Саяхан 100 жилийн ойг нь тэмдэглэсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалын аль аль нь монголчуудын хувьд “Түүхэн сонголт” байсан, тийм үнэ цэнэтэй сонголтыг зуу ны эхээр хар шар, лам ноёд, ард түшмэл нэгдэн нийлж, зууны төгсгөлөөр нийт монголчууд нэгэн санаа зоригоор хийсэнтэй дүйх үйл хэрэг бол Монголын хамгийн том хоёр нам нэгэн зүгт харж, зорих явдал мөн гэж үзээд бүр “Дөрөв дэх түүхэн сонголт” гэж нэрлэсэн санагдана.
Чухамхүү “Зөвхөн Монголд” олдсон агшин, түүхэн энэхэн мөчлөгийг алдахгүй байх нь зөв гэдгийг АН-ын дийлэнх олонх хүлээн зөв шөөрсөн. Энэ намын эрүүл саруулаар сэтгэдэг олон гиш үүн өнөөдөр ч ийм бодол той байгаа, намын даргынхаа болчимгүй мэдэгдэлд харам саж суугаа гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Том зорилгын төлөө түү хэн шийдвэр гаргасан хэр нээ түүнийхээ ололтыг хуваал цаж, хариуцлагыг үүрэх мө чид үхрийн сүүлэн дээр очоод хутгаа хугалсныг зөвтгөх шалт гаан алга. 15 минут жиг нээд гаргах ёстой буузыг 10 минут болгоод гаргачихвал түүхийрнэ гэдгийг бага ан гийн хүүхэд ч мэднэ. Захын ийм дүрэм мэддэггүй АН-ын дарга Н.Алтанхуягийг муу тогооч гэж нэрлэхээс өөр арга алга. “Түүхэн сонголт”-ыг түүхийрүүлсэн гээд байгаагийн учир энэ. Энэ бүхний хариуцлага, лай ланчиг нь эцэстээ Ардчилсан намд үүрэгдэж, Монголын улс төрийн хоёр баганын нэг, монголчуудын итгэж найд даг том хүчний нэрийг сэв тээж, хүчийг сулруулахаас өөр юунд ч хүргэхгүй гэхээр харам салтай л байна.
ЭМТЭРСЭН ИТГЭЛ
Хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчний дүрийг өөртөө ногдуулаад сонгуульд орох юм гэнэ ээ, Ардчилсан нам. Усанд ороогүй, дотуур хувцсаа угаагаагүй байж шинэ дээл өмсөөд наадамд явах юм байна л даа. Торго дурдангийн цаана юу байгааг монгол түмэн эрхбиш гадарлахтайгаа. Ханилж яваад нөхрөө хаясан, сорилт шалгуурын өмнө амиа бодоод зугтаасан, ер нь нэг тийм ханилгаагүй хүнийг монголчууд яснаасаа үзэн яддаг. Энэ сэтгэлгээ монгол хүний цусанд байдаг, яс маханд нь оршсон үзэл баримтлал. Хоёр нам хамтарсныг, олон чухал шийдвэр гаргасныг монгол түмний дийлэнх олонх сайшаан талархаж байсан юм. “Энэ хоёр хүзүү, сээрээрээ нийлчихээд хэрэг алга” гэсэн шүүмжлэл их байсаан, үнэн. Гэхдээ үүнийг зөвөө балладаг буруу үйлдлээ зас, илүү шургуу ажилла гэсэн ташуур гэж харах ёстой байв. Монголчуудын зэмлэл нь урдаа, магтаал нь хойноо байдаг билээ.
Сонгууль бол сонгууль. Зургаан сарын дараа сонгогч түмэн МАН, АН хоёроос л сонголт хийнэ. Тэр Энхбаяр, Энхсайхан мэт бол хачир төдий хямдхан эд. Ганц хоёр хүн оруулах уу, үгүй юү. Сэрүүн зүүдэндээ хараад байгаа шиг нь засгийн эрх барихад нөлөөлөхүйц суудал авна гэдэг ёстой гонжийнжоо. Тэгэхээр сонгуулийн үр дүн 2008 оныхтой ойролцоо л байх болов уу. Гэхдээ хэн нь арай ахиухан суудал авах вэ гэдэг л өнөөдөр босгон дээр зогсоо асуултын тэмдэг мөн байв. Энэ хэвээрээ хамтарсан Засгийн газартаа байсан чигээрээ сонгуульд орсон бол АН магадгүй, арай түлхүүг нь авчих боломжтой байсан. Төр, засагт хаяглагдсан шүүмж лэлийн хамгийн хатуу нь МАН-д харьяалагддаг бичигдээг үй хууль байдаг, байсаар ч байгаа.
Хамтарсан Засгийн газрын оноо АН-д ногдож, алдаа МАН-д үүрэгдэх энэ урвуу хамаарал тэдэнд ашигтай байв. Нөгөө талаар “1990-ээд оны хувьсгалчид, 1996 онд засаг барьж байсан Ардчилсан нам өөр болжээ. Гол лидерүүдийнх нь нас ч 50 гараад явчихлаа. Залуус нь шинэ цагийн боловсрол эзэмшиж, улс төрийн хат суужээ. Ойворгон, дэврүү, хормой хийсгэж, ташуур далайсан нэг үеэ бодвол ер нь овоо төлөвшсөн юм биш үү” гэсэн үнэлгээ тэдэн рүү санал хандрах нэг гол шалтгаан байв. Гэвч энэ итгэл найдварыг тэд өөрсдөө үгүй хийчихлээ. Эвдэрсэн сандлыг засаж болно. Эмтэрсэн итгэлийг эргүүлж олж авна гэдэг нэн хэцүү. Ардчилсан намд итгэл алдсан ард олон сонгуулийн үеэр ямар ч гоё юм ярьсан хүлээж авахгүй л болов уу. Үлдэж буй зургаан сард юу хийх вэ гэдэг бас нэг толгойны өвчин байна. Тавантолгойн гэрээ, Дулааны станцын тен дер, Шинэ төмөр зам, 100.000 айлын орон сууц энэ тэр дээр сөрөг байр сууринаас хандах байх. Үр дүнд нь эдгээр зорилт, арга хэмжээнүүд цар цана. Монголчууд хохирно. МАН-ынхан АН явуулсангүй ээ гэж ард түмэндээ хэлнэ.
Хар цагаан дуугүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлаад байя гэхээр өнөө АН хаачив, та нарын Засгийн газраас гарсан зорилго чинь юу болов хэмээн өдөж шордогсод хаахнаас ч олдоно. Сайн ч, муу ч Оюутолгойг хөдөлгөсөн, Сонгуулийн хуулиа өөрчилсөн, Хөгжлийн банк байгуулсан, Хөрөнгийн биржийн шинэчлэлийг эх лүүл сэн, төмөр замын, үйлд вэржүүлэлтийн шавыг тавьсан гэх мэт Засгийн газрын ололт амжилтыг манайх гэх үү, хүнийх гэх үү? Хээлтэй гүүгээ худалдчихаад унагалсан хойно нь миний унага, унагаа авна гэж болдоггүйн гачланг яах вэ? Энэ мэтээр тун олон асуулт урган гарч байна. Асуулт болгоны хариулт АН-д ашиггүй байгаа нь бүр ч зовлонтой. Ер нь бол Алтанхуягийн гаргасан шийдвэр АН-ынх биш, ямагт ямар нэг юмаар дутуу, аль нэг зүйлд сэтгэл дундуур явдаг, хорсол тэчьяадлаар саваа дүүргэсэн ганц нэг хүмүүсийн үйлдэл гэх таамаглал байгаа нь үнэний хувьтай болов уу.
Долоохон хоногийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинэ жилийн баяр дээр зуу татчихаад “Биднийг өшиглөөд гаргачих юм биш байгаа гэж хардаж байсан минь дэмий байж. Өнгөрсөн хугацаанд гар нийлж ажилласандаа баяртай байна. Бид Монголын эрх ашгийн төлөө цаашид ч хамтрах ёстой” гэх мэтээр жигтэйхэн нялуун байсан Алтанхуяг хэдхэн хоноод хаалгыг нь саваад гарсан нь үйл явдал өөрөөс нь хамаарахгүйгээр цочир эргэсний тэмдэг биз ээ. Бас тэгээд “Намын даргыг чинь авна” гэхээр буугаад өгчихдөг ямар ч хямдхан итгэл үнэмшил байдаг юм, гайхмаар.
ӨӨРӨӨ ИРСЭН ОНОО
МАН-ынхан цочиж, цочихдоо бүдрэх шахуу нэг их гашуудал зарласан нь баахан зохимжгүй юм болов. “Уг нь хугацаагаа дуусгачихсан бол өөрт нь ч, улс оронд ч хэрэгтэй байсан юм” гэчихэд л болох байтал “Арай үгүй байлгүй. ҮЗХ нь энэ шийдвэрийг цуцална гэдэгт итгэж байна. Эр гээд ирэх байх. Маш их харамсаж байна” гэх мэтээр уйлагнаснаа “Гэрээ бий шүү” хэмээн сүүлчийн сумаа тавих нь инээдтэй л харагдлаа. АН засгаас гарах тухай яриа хамтарсан Засгийн газар байгуулагдсан өдрөөс л сүүдэр мэт дагасан. Нэг ийм юм болж магадгүй гэсэн болгоомжлол нийгэмд байсныг МАН тооцоолоогүй гэвэл худлаа. Гэсэн хэрнээ ийн барьц алдсан хиймэл дүр эсгэсэн нь байгаа оносонгүй. Чухамдаа бол АН-ын энэ үйлдэл МАН-д нэмэх оноо л авчирч байгаа. Туйлбаргүй, итгэл даах чадваргүй, бужигнаантай, хэн нь ч яаж ч мэднэ гэсэн АН-ын бараан имижийн нөгөө эрэг дээр буурь суурьтай, юу юуны туханд хүрэлгүй итгэл эвдээд байхааргүй, нэгдмэл бодлоготой, ачааны хүндийг үүрдэг, хаттай гэсэн үнэлгээ МАН-ын нэр дээр хаяглагдаж байхад ханцуй дотроо инээж л суувал барав. Харин энэхүү боломжийг, аманд ороод ирсэн шар тосыг юм болгохоо л бодох хэрэгтэй.
Мэдээж хэрэг сонгуульд Засгийн газрын оноо болгоноор өврөө дүүргээд орно. Алдааг нь хуваалцах эзэн бэлээхэн цаана чинь байж л байна. Үлдэж буй зургаан сард хамгийн ээдрээ төвөгтэй асуудлыг шуурхай барьж аваад даруйхан зүтгүүлэх хэрэгтэй. Шийдэж чадах, эсэх нь чухал биш. Чадахгүй бол буруутан нь бас тодорхой. Хүрд эргүүлэх боломжоо зөв ашиглах нь нэн чухал. Сайд, дэд сайдын онгойсон суудлыг нөхөхөөс л үүнийг эхлэх учиртай. “Тэргүүн шадар сайд хэрэггүй. Зургаахан сарын настай, яамныхаа ажилтай танилцах гэсээр байтал хугацаа нь дуусчих шагналын сайд хэрэггүй. Энэ далимаар бүх яамыг дэд сайдгүй болговол сайн нэр нь МАН-д л ирнэ” гэсэн нэгэн сэтгүүлчийн үзэл бодолтой санал нэг байна. НАМЗХ-ныхон “Залуучууд Засгийн газарт зургаахан сар сайд болохын төлөө гүйх гүй” хэмээн мэдэгдсэн нь зөв л үг сонсогдсон. Ерөөс гомдол тээсэн, албан тушаал горилсон болгоны хүслийг цатгадаг буруу арга барилаа халах алхмыг эндээс эхэлбэл зохилтой.
Өөрөө гүйгээд ороод ирсэн оноог үржүүлж, ялалт болгож чадахгүй бол АН шиг зүгээр л тахимаа өгчихдөг бөх ахиад олон олдохгүй биз ээ. АН болчимгүй, маргаашаа булшилсан шийдвэрээ МАН-ын маанийг унших гэж бай гаа юм хэмээн өөрийгөө зөвтгөхийг оролдож байна. Үнэндээ бол МАН-ын маанийг биш, өөрийнхөө хойдохыг уншчихсан нь хэдхэн сарын тодорхой болох буюу.