Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар валютын ханшийн өсөлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, нефть бүтээгдэхүүний үнэ нэмсэнтэй холбоотойгоор Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангийн мэдээллийг сонслоо. Шатахууны үнэ нэмэгдэж, нийгэм бужигнаантай байгаа энэ үед салбарын сайд Д.Зоригт гадаадад томилолттой яваа юм. Тиймээс түүний оронд дэд сайд нь “загнуулав”. Өнгөрсөн оны сүүлийн хагасаас төгрөгийн ханш суларсан. Гадаад худалдааны баланс алдагдалтай болж, долларын ханш өнгөрсөн аравдугаар сараас хойш хэд хэдэн удаа огцом өөрчлөгдсөн байна. Энэ хугацаанд 280 сая ам.долларын интервенц хийж, долларын ханшийг 1400 төгрөгт барьснаа Төвбанкны тэргүүн хэлэв.
Өнгөрсөн баасан гаригт шатахууны үнийг нэмэхтэй зэрэгцээд долларын ханш 1480 төгрөгт хүрсэн ч ням гариг гэхэд 1440-1420 хүртэл буулгажээ. Мөн нүүрс, зэсийн үнэ буурч, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт багассан нь үүнд нөлөөлж байгаа гэнэ. Ийм үед валютын нөөцөө хянан, хэмнэх бодлого барьж байгаа аж. Төсвийн зардлыг хасах, нөөцийн валютаа зарах, эсвэл ханшийг алгуур явуулах гурван арга бий юм байна. 2010 онд манай улсад орж ирэх валютын урсгал хоёр тэрбум ам.долларт хүрч байсан бол 2011 онд 400 сая болон буурсан нь сонгуулийн жилтэй холбоотой. Учир нь сонгуулийн жил гадаад хөрөнгө оруулалт буурдаг аж. Үүний дараа валютын ханшийн өөрчлөлтөөс болж импортлогч компаниуд шатахууны үнэ нэмснийг дэд сайд Б.Ариунсан яриад сүүлийн хоёр сард эдгээр компани ашиг олох нь бүү хэл алдагдалтай ажилласан гэсэн юм. Ингэж хэлснээрээ тэрбээр дээрх компаниудын эрх ашгийг хамгаалдаг нэгэн болж буруудав.
Гишүүн С.Бямбацогт “Хоёр жилийн өмнө нэг доллар 1450 төгрөг байхад нэг баррель нефтийн үнэ 76 доллар байжээ. Тэр үед нефтийн бүтээгдэхүүнээс гаалийн, онцгой болоод НӨАТ бүгдийг нь авч байсан. Тийм байхад нэг литр шатахууны үнэ 1250 төгрөг байсан. Хоёр жилийн дараа шатахууны үнэ 1900 төгрөг болчихлоо. Гэтэл Засгийн газар НӨАТ-аас бусад бүх татварыг тэглэсэн. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 69-100 доллар байна. Үүнийг юу гэж ойлгох вэ” гэж асуув. Дэд сайд түүнд “2010 оны нэгдүгээр сард ам.доллар 1455 төгрөг байсан. Тэр үед нэг тонн дизель түлшийг 768 ам.доллараар авч байсан. Харин өнөөдөр 1230 ам.доллараар авч байгаа. Үүний зөрүү л гэхэд 500 ам.доллар болно” гэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хуйвалдааны уурхай болжээ, та нар хувийн компанийн эрх ашгийг хамгаалаад байна уу, ард түмнийхийг үү гэх мэтээр гишүүд шүүмжлэв. Ц.Баярсайхан “УИХ 2007 оноос нефть бүтээгдэхүүний татварыг бууруулсаар сүүлдээ тэглэсэн. Дэлхийн зах зээл дээр үнэ өсөхөд зохицуулалт хийг гэж тэр шүү дээ. Нефть боловсруулах үйлдвэр барь гэсэн. Одоо салбарын сайд ч эзгүй. Төрийн удирдлагууд байсхийгээд гадаад оронд айлчилдаг. Энэ үедээ шатахууны үнэ гэх мэт чухал зүйл ярих ёстой. ГХЯ-нд та нар энэ тухай саналаа өгөх хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгойг ашиглахад оролцох хүсэлтэй улс олон байна. Тэдэнтэй шатахууны асуудлаар хариу тохиролцоо хийх гэх мэтээр бидэнд боломж бий. Ингэж ажиллахад үг, хөл чинь хаана тушигдаад байна. Ажилдаа эзэн бол” гэлээ.
Хэсэг хүн зохион байгуулалттайгаар үнэ нэмж байхад тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авах ёстой, тэгэхгүй байгаа нь та нар хэдэн компанитайгаа хуйвалддаг гэсэн ойлголт төрүүлж байна хэмээн Ц.Цэнгэл ярив. Долоодугаар сард дохио өгснөөс хойш юу хийснийг нь тэр асуусан юм. 60 мянган тонн шатахуун агуулах сав барихад 54 тэрбум төгрөгөөр нөөцлөхөөр Засгийн газар шийдсэн ч энэ оны төсөвт үүнд зориулж нэг тэрбум төгрөг л төсөвлөжээ. Нөөцлөх гэхэд сав байхгүй. Энэ сард багтаан 2.8 мянган тонн шатахуун нөөцлөх аж. Мөн төрийн айлчлал хийх бүрт ЭБЭХЯ-аараа дамжуулан ГХЯ руу саналаа дайдгаа Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан учирласан. Байнгын хорооны хуралд МҮЭХ-ны ерөнхийл өгч С.Ганбаатар оролцсон юм.
Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээг яаралтай зохион байгуулж өгөхийг Байнгын хорооноос тэрбээр хүсэв. Нийгэмд тулгамдсан асуудал үүсэхэд ийм зөвшилцөл хийх шаардлагатай аж. Ийм арга хэмжээ авахгүй бол ард түмэн тэсрэхэд бэлэн байна гээд “С.Баярцогт, Д.Зоригт нар үнэхээр “сайхан сэтгэлтэй” юм. Үндсэн хуулиар төр, бизнесийг ард түмний сайн сайхны төлөө зохицуулах ёстой. Манай байгууллага эдийн засгийн халууныг буулгах дөрвөн шаттай төлөвлөгөө гаргачихаад уулзах гээд Засгийн газартайгаа хөөцөлдөөд байдаг. Гэтэл тэд нар нь өөрсдийгөө дэлхийн төв, өөр хүмүүс гээд бодчихож” гэсэн юм. Ингээд Байнгын хорооноос Б.Батбаяр, Д.Ганхуяг, Ц.Цэнгэл нараас бүрдсэн Ажлын хэсэг байгуулснаар хурал өндөрлөлөө.
С.ТУУЛ